"Роснефть компанитай удаа дараа хэлцэл хийж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлсэн"


"Роснефть компанитай удаа дараа хэлцэл хийж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлсэн"

 

ОХУ-ын Засгийн газар энэ  сарын 21-ний өдөр 1537 дугаар тогтоол гаргаж  түлш, шатахууны экспортыг түр хугацаанд хориглох болсонтой холбоотойгоор ОХУ-аас Монгол Улс руу ачигдах газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. 

Харин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин  манай улсад хийсэн айлчлалын үеэр энэ хоригийн гадаа үлдэж буй нь тодорхой болоод буй. 

В.В.Володин УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний экспортын хориг, хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй болохыг мэдэгдсэн юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэхдээ,  газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх, үнийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилгоор ОХУ-ын Роснефть компанитай удаа дараа хэлцэл хийж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг тогтвортой хангах боломжийг бүрдүүлээд байна.  

Мөн автобензин болон дизель түлшний үнэ, хангамжийг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Аи-92 автобензинийн гаалийн албан татварыг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус 0 хувиар тогтоосон бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор дээрх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгасан.

Салбар яамны зүгээс цаашид түлш, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байна гэлээ.

Тодотгоход, энэ оны эхний долоон сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.4 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 

Долоодугаар  сарын байдлаар 1,059.1 сая ам.долларын 1,345.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 327.7 мянган тонн буюу 32.2 хувиар, үнийн дүнгээр 132.4 сая ам.доллар буюу 14.3 хувиар тус тус өссөн байна. 

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.7 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 29.0 хувийг автобензин, 58.7 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлжээ.

Автобензины импорт: 2023 оны эхний долоон сарын байдлаар 307.2 сая ам.долларын 428.5 мянган тонн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 40.6 мянган тонн буюу 10.5 хувиар өссөн ч, үнийн дүнгээр 16.9 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурсан байна. 

Дизель түлшний импорт: 2023 оны эхний долоон сарын байдлаар 621.9 сая ам.долларын 787.1 мянган тонн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 131.3 сая ам.доллар буюу 26.8 хувиар, биет хэмжээгээр 259.9 мянган тонн буюу 49.3 хувиар тус тус өсчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.