“Хотын төсвийг хангалттай шийдсэн ч удирдлагууд нь ажиллаж чадсангүй”


“Хотын төсвийг хангалттай шийдсэн ч удирдлагууд нь ажиллаж чадсангүй”

 

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцэн, нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудал сөхөгдөж улс төр нэлээд бужигнах  шинжтэй болчихлоо.

Өчигдөр хоёр ч дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, эрх баригч намын бүлэг хуралдаж, тэднийг чөлөөлөхийг дэмжив.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд оролцож, нийслэлийн  удирдлагуудын талаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр “Нийслэлийнхэнд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй.  АТГ-ын төсвийн зарцуулалтын  гүйлгээний шалгалтаас авлигын асуудал илэрвэл өөрсдөдөө гомдоорой.  Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй" гэсэн байна.

Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн байдаг.  Түүнчлэн хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн.  Энэхүү төсөв нь олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулж байсан ч түгжрэл нийтийн тээврийн асуудал шийдэгдэнэ хэмээн итгэж оруулж ирсэн төсвийг нь бас л батлаад гаргасан.  Салбар нь сайдтай болсон.  Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн гэхэд болно.   Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй гэдэг Ерөнхий сайдын үг ч ортой л доо.  Гэвч асуудлууд шийдэгдэхгүй байсан  нь  худалдан авалтын түвшинд хулгай гаарсантай холбоотой бололтой.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын  энэ хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд ажлын хэсэг ажлаа танилцуулна.  Үүний дараа  арга хэмжээ авч, дахин хариуцлагын асуудал яригдах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.