ҮЗХ-ны хурлаас өмнө АН-ынханы намын даргын төлөөх тэмцэл ширүүсч, Э.Бат-Үүлийг “тойргоос” гаргасан уу


ҮЗХ-ны хурлаас өмнө АН-ынханы намын даргын төлөөх тэмцэл ширүүсч, Э.Бат-Үүлийг “тойргоос” гаргасан уу

 

Сар гаруйн хугацаанд төсвийн тодотгол, цалин, татвар гэж маргалдаж ирсэн нийгмийн маргааныг өнгөрсөн баасан гарагт УИХ эцэслэн шийдвэрлэж бүх зүйлийг иргэдэд ашигтайгаар шийдвэрлэв. Тиймээс өчигдрөөс эхлэн улс төрийн шинэ үйл явц бидний анхаарлыг татах нь тодорхой болов. Тодруулбал, олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа үйл явц болох АН-ын даргыг сонгож батлах ҮЗХ-ны хуралдаан энэ долоо хоногт болохоор товлогдоод байгаа юм. ҮЗХ-ны хурлын гол зорилго нь намын даргаасаа огцрох хүсэлтээ өгсөн З.Энхболдыг чөлөөлж оронд нь томилогдох хүнийг сонгоно. Үүнээс улбаалан яг өнөөдрийн нөхцөл байдалд АН дотор "халуунхан” юм өрнөж байна. Дөрвөн жил эрх барих эсэхээ шийдвэрлэх чухал сонгуулийг ч АН-ын бүлэг фракцууд умартаж зөвхөн намын даргын төлөөх "дайн”-аа өрнүүлсэн. Хоёр жилийн турш дотроо уугж байсан уг "түймэр” өнгөрсөн намраас ил гарч шил дараалсан баривчлагаа болон лидерүүдийнх нь хурц, хурц мэдэгдлүүдээр үргэлжилсэн билээ. Энэ бүгдийн эцэст ард түмэн тэднийг бус МАН-ыг сонгож, насаараа эрх мэдлийн төвийг гартаа атгах мэтээр төсөөлж явсан эрхмүүдийн дээр үүлгүй тэнгэрээс аянга ниргэхтэй л адил зүйл болов. Гэсэн хэдий ч нөгөө л намын даргын төлөөх тэмцлээ орхиж чадалгүйгээр өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн тэмцэлдсээр л явна.

Энэ баасан гарагт ҮЗХ хэрвээ хуралдаж чадвал АН шинэ намын даргатай болох боломжтой. Магадгүй бүлэг фракцууд нь хэл амаа ололцож чадахгүй бол ҮЗХ-ны ирцийг бүрдүүлэхгүй ч байх талтай. Өнгөрсөн өвөл ч гэсэн тухайн үеийн намын дарга З.Энхболдыг муухай харагдуулахын тулд "Алтангадас” тэргүүтэй фракцынхан хурлаа таслаж ҮЗХ-г хуралдуулаагүй түүхтэй.

Одоогоор намын даргад Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан өрсөлдөж намаа шинэчлэнэ хэмээн мэдэгдээд байгаа. Хэрэв П.Цагаан намын дарга болвол хэн нэгэн хүнийг эргэн ирэхэд тустай гэх яриач сошиалд "хөвж” явна. Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар түүнтэй өрсөлдөх магадлалтай нь С.Эрдэнэ болон Д.Эрдэнэбат нар гэнэ. Байж болох л хувилбар юм. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий их муугаар дуудуулсан хүнийг намын даргад томилох эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн намын даргын буурь суурь хамгийн чухал нь. Олон нийтийн тэн хагас нь тэр хүнээр л төлүүлж тухайн намы төсөөлж саналаа өгч, дэмжиж явдаг. Харин үүн дээр нэмэгдэх байх хэмээн таамаглаж буй хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. З.Энхболд гарч ирсэн даруйдаа ҮЗХ-г нэлээн шинэчилсэн ч "Алтангадас” одоо ч ҮЗХ-нд хүчтэй хэвээр байгаа нь үнэн. Тиймээс "Алтангадас” намын даргын төлөө хамаг байдгаараа "арвалзах” болов уу.

Асуудлыг бүр том зургаар харвал намын дарга болсон хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Тиймээс АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялах магадлалтай хүнийг даргаараа томилох нь илүү алсыг харсан алхам бас шийдвэр болно. Ингээд бодоход эсрэг намаас хэн ч ирсэн ширүүн өрсөлдөөн үзүүлэх нэр хүнд бүхий ганц эрхэм нь Хотын дарга асан Э.Бат-Үүл. Түүнийг иргэд хотын хамгийн сайн дарга хэмээн хүндэлдэг. Тэр ч утгаараа намын даргын төлөөх тэмцэлд орж ирэх дараагийн хүн нь "Үүл Баатар” билээ. Тэгвэл өчигдөр Э.Бат-Үүл нэгэн сонирхолтой мэдээлэл хийв. Тэрбээр "Намайг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татлаа” хэмээн хэвлэлийнхэнд гэнэт дуулгах нь тэр. Түүний буруутай, буруугүйг бид үнэхээр мэдэхгүй. Гэвч намын даргын төлөөх хамгийн том "тулаан”-ы өмнө энэ асуудал яагаад сөхөгдөв. Яагаад өнгөрсөн хавар, өвөл бүр ядаж зун энэ асуудал яригдаагүй вэ гэдэг сонирхолтой. Хэрвээ таамаг зөв бол намын нөхөд нь түүнийг намын даргын өрсөлдөөнөөс гаргахыг хүсч байхыг ч үгүйсгэхгүй.

Хамгийн сүүлд Р.Амаржаргал, З.Энхболд, Н.Алтанхуяг нар зөвлөхүүдийн зөвлөлийг тэргүүлэхээр болсон. Энэ нь тэд ҮЗХ дээр хүчээ нэгтгэх нь гэсэн далд хардлагыг дагуулаад байгаа. Энэ мэтээр энэ цаг мөчид АН дотор намын даргын төлөөх тэмцэл дээд цэгтээ хүртлээ бужигнаж байна. Өнөөдөр дөнгөж мягмар гараг. ҮЗХ хүртэлх гурав хоногт өөр олон сонирхолтой үйл явц өрнөх биз ээ.

Г.Лхагваа

Zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.