НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал эхэлнэ


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал эхэлнэ

 

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын талуудын 28-р бага хурал өнөөдөр эхэлнэ. Энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш болон дэлхийн 140 орны төрийн тэргүүн оролцоно.

27-р бага хурал өнгөрсөн онд Египетэд болсон бол энэ жил АНЭУ-ын Дубай хотод болж байна. Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ГХ-ны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар 28-р бага хуралд оролцож байна. Ерөнхийлөгч энэ хурлын үеэр Унгарын Ерөнхийлөгч Каталин Новактой уулзах юм. Мөн “Дэ нэйчэ конверюанси” байгууллагын гүйцэтгэх захирал Ерөнхийлөгчид бараалхах юм байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар батлагдсан. Монгол Улс энэхүү конвенцыг 1993 онд соёрхон баталжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон конвенцын Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулдаг аж. КОВИД-19 цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжжээ.

Конвенцын Талуудын бага хурлын даргыг НҮБ-ын газарзүйн бүсчилсэн бүлгүүдээс ээлжлэн сонгодог. Конвенцын Талуудын 26-р бага хурал 2021 онд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо, 27-р бага хурал 2022 онд АБНЕУ-ын Шарм Эль-Шейх хотноо болсон.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хуралд чухал ач холбогдол өгч, дээд, өндөр түвшинд оролцож иржээ.

Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлуудаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын  өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчнээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадвар бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт босгох амлалтаа хэрэгжүүлэхийг хөгжингүй орнуудад уриалж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-аар уур амьсгалын санхүүжилтийг нэмж, хүртээмжтэй болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, талуудын оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл хэрэгт тодорхой дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

АНЭУ COP28 бага хурлыг даргалахдаа дараах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна:

  1. Эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүч чармайлтыг тэргүүлэх чиглэлээ болгох,
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох,
  3. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх,
  4. Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаарх цогц үнэлгээ хийх зэрэг болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.