Ногоон автобус, нүүрсний хулгайн “цэнэгтэй гранат” шиг гэрчүүд нь Ганхуягууд


Ногоон автобус, нүүрсний хулгайн “цэнэгтэй гранат” шиг гэрчүүд нь Ганхуягууд

 

Монголын төрийн “зүтгэлтнүүд” төрөөсөө хулгай хийдэг. Хуульдаа хүртэл “...Улс төрд нөлөө бүхий этгээд” хэмээн тодорхойлчихсон. Ээлж дараалан илэрч буй том хулгайнуудын араас тэд л гарч ирдэг. Энэ нь нуугаад байх зүйл биш болчихсон. Тэр утгаараа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагч нар төр, түмний төсөв хөрөнгийг тоносон том хулгайн талаар мэдээлэх, ил гаргах “ажил”-аасаа няцаж болохгүй юм. Яг одоо л гэхэд нүүрсний хулгайтай холбоотой хяналтын сонсгол УИХ дээр явж байна. “Аймаар” мэдээллүүд сөхөгдөж байна. Ер нь бол хэрэг явдал нь, хэн хэн холбогдсон нь бараг тодорхой болчихсон хэд хэдэн том хулгайн асуудал бий. Нүүрсний хулгай тэдний нэг л дээ. Ганц энэ ч биш, маш ойрын хугацаанд шийдэгдэх учиртай бас нэг хэрэг бол ногоон автобусных юм.

 

Энэ хоёр хэрэг дээр нэг “ижил” зүйл бий. “...Нүүрсний хулгайтай холбоотой” гээд яг жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг баривчилсан. Бас ногоон автобусны хэрэгтэй холбогдуулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг хоёр сарын өмнө цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, энэ хоёр асуудлын “хэрэгжүүлэгч” компанийн захирлууд нь Ганхуягууд байгаа юм. Уг нь нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг дээр маш олон хүнийг шалгасан. Тэр талаараа хууль хяналтын байгууллагууд, ялангуяа мөрдөх байгууллагаас мэдээллийг тогтмол өгдөг. Хамгийн сүүлд “...Нүүрсний гэх асуудалд 72 хэрэгт хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгаснаас 11-ийг шүүхэд шилжүүлж, найман хэргийг нэгтгэн шалгаж, 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй учраас хаах саналыг прокурорт шилжүүлсэн. Одоо 43 хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зарим хэрэг шүүхэд шилжиж, эхнээсээ шийдэгдэж байна. Өнгөрсөн хавар нүүрсний гэх хэрэгт улстөрд нөлөө бүхий этгээдүүд шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүйг мэдээлж, нэр зарласан. Зарласан нэрээр хязгаарлагдаагүй, нэр дурдагдаагүй гишүүд ч шалгагдсан. Эхнээсээ зарим нь шүүхэд очсон”, мөн “...Автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Автобус хүлээн авах нь хуулийн хүрээнд байсан уу, холбогдох албан тушаалтнууд авлига авсан уу, санхүүжилт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгаж байна. 2023 оны Төсвийн тухай хуульд 318 тэрбум төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулахаар хуульчилсан. Төсвийг захиран зарцуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулсан. Нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдлыг олгосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна” гэсэн.

 

Гэхдээ энэ хоёр хэргийн хамгийн гол хүмүүс нь дээр дурдсан Ганхуягууд болж таараад байгаа юм. Яахав, хууль хяналтынхан тэднийг сэжигтэн, яллагдагч хэмээн мөрдөн шалгаж байна. Харин нөгөө талаасаа Ганхуягууд бол эдгээр хэргийн гол гэрчүүд юм. Яагаад гэхээр, нүүрсний хулгайтай холбоотой бүх бодит мэдээлэл Б.Ганхуягаас л гарна. Ногоон автобусны талаар ч А.Ганхуягийн “унагах” үгс голлох үүрэгтэй. Тэдний хальт ярьсан зүйлүүд л гэхэд маш ноцтой. Тухайлбал, Б.Ганхуяг есдүгээр сард шүүхийн танхимд “...Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй,  тамгатайгаа үлдэж болохгүй. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. ...2007 оноос хойш би энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. ...Би гав ганцаараа есөн сар хоригдож байна. Яагаад гэвэл намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна. Надад үгээ хэлэх ганц боломж нь энэ. Үгээ хэлэх эрхтэй учраас л би үгээ хэлээд байна” гэсэн. Бас А.Ганхуяг хоёр сар гаруйн өмнө “...Ард иргэдээсээ уучлалт гуйж байна. ...Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна. ...Даваа гаригт би АТГ, цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн. Хамгийн гол нь тэд хүсвэл үүнээс ч ноцтойгоор дуугарч чадна. Тэгвэл “улс төрд нөлөөтэй этгээд”-үүд нэр ус, үг үйлдлүүд нь ч гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, ногоон автобус, нүүрсний хулгайн “цэнэгтэй гранат” шиг гэрчүүд нь Ганхуягууд шүү. Тэд л үнэнийг ярина. Хэрвээ хүсвэл шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.