Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?


Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

 

Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох талаар тохиролцож чадахгүй байна вэ? Учир нь энэ нь үнийн шинэ өсөлтөд хүргэнэ гэж шинжээчид үзэж байна. Мөн Европын комисс Оросын байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээ авахтай холбоотой хүндрэлийг тайлбарлав. ЕХ-ны гишүүн орнуудын хоорондын санал зөрөлдөөн нь ОХУ-аас нийлүүлэх хийн хоригийг Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад оруулахад саад болж байна гэж Европын Холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон мэдэгдлээ. Үүний зэрэгцээ тэрбээр ЕХ 2027 он гэхэд Оросын хийнээс бүрэн ангижрах зорилгодоо тууштай хэвээр байгааг дурджээ. Европын хэд хэдэн орон Оросын эрчим хүчний импортод түшиглэсэн хэвээр байгаа бөгөөд Брюсселийн нийлүүлэлтийг зогсоох бодлогыг идэвхтэй эсэргүүцэж байгааг шинжээчид өгүүлэв. Үүнээс гадна, шинжээчдийн үзэж байгаагаар ЕХ худалдан авах өөр сувгуудыг үл харгалзан байгалийн хийн хэрэгцээг хангаж чадахгүй байна.

ЕХ-ны гишүүн орнуудын хоорондын санал зөрөлдөөн нь Оросын байгалийн хийн хэрэглээнд хориг тавихыг зөвшөөрөхгүй хэвээр байлгаж байна хэмээн евро комиссар Кадри Симсон хэлээд “Хориг арга хэмжээ авахын тулд Европын Холбоонд эв нэгдэл хэрэгтэй, хүн бүр энэ саналыг дэмжих ёстой. Энэ нь Оросын байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээ хэвээрээ байгаагийн бас нэг шалтгаан юм. Бид ОХУ-ын эсрэг 13 багц хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч зарим бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт байхгүй. Учир нь манай хориг арга хэмжээ хамрах ёстой хүмүүст үргэлж тодорхой мессеж өгч, тэдний эдийн засагт биднээс илүү хохирол учруулах ёстой” гэж Бакуд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Мөн ЕХ 2027 он гэхэд Оросын байгалийн хийн худалдан авалтаас бүрмөсөн ангижрах зорилттой байгааг санууллаа. Үүнээс гадна К.Симсон Азербайжанаас нийлүүлэх хийн хэмжээг 2027 он гэхэд 20 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцсоноо зарлав.

ЕХ хоёрдугаар сарын 23-нд Оросын эсрэг авах хориг арга хэмжээний 13 дахь багцынхаа дэлгэрэнгүй мэдээллийг зарласан билээ.

Хүнд байдал

Өмнө нь энэ сарын 15-нд Кадри Симсон Европын парламентын хурал дээр хэлэхдээ “Европын Холбоо Оросын хийг Украины нутгаар дамжуулан Европ руу тээвэрлэх хэлэлцээрийг сунгах шаардлагагүй гэж үзэж байна. “Украины Нафтогаз” болон “Газпром”-ын хооронд 40 тэрбум шоо метр байгалийн хий тээвэрлэх гэрээний хугацаа 2024 онд дуусна. Кадри Симсон “Бид энэ оны сүүлчээр дуусгавар болох ОХУ-тай хий дамжуулах гурван талт хэлэлцээрийг сунгах сонирхолгүй байна” гэжээ. Үүнээс өмнө тэрбээр Украины Эрчим хүчний яамны тэргүүн Герман Галущенкотой уулзахдаа “ЕХ Москватай байгуулсан гэрээгээ сунгахыг Киевт уриалахгүй” гэж мэдэгдсэн байна. “Хэрэв транзит зогсвол бид даван туулах болно” гэж тэрбээр онцолжээ.

“Хойд урсгал” дахь хорлон сүйтгэх ажиллагаа, Ямал-Европын хийн хоолойн үйл ажиллагааг зогсоосны дараа Украины нутгаар дамжин өнгөрөх транзит шугам нь Баруун болон Төв Европын орнуудад Оросын хий нийлүүлэх цорын ганц зам хэвээр байна. 2022 оны тавдугаар сараас эхлэн Оросын эрчим хүчний нөөцийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу бага хэмжээгээр нийлүүлж эхэлсэн.

Үүний зэрэгцээ “Газпром” нь “Туркийн урсгал” болон “Цэнхэр урсгал”-аар дамжуулан Өмнөд болон Зүүн өмнөд Европын орнуудад байгалийн хий нийлүүлдэг. Өмнө нь зарим хэвлэл, тэр дундаа Германы “Focus” сэтгүүл Украин улс Оростой байгуулсан транзит тээврийн гэрээг сунгахаас татгалзсанаас болж Европ үнийн өсөлтөөс шалтгаалсан ноцтой асуудалтай тулгарч болзошгүй гэж таамагласан юм.

Кремлээс Киев транзит тээврийн хэлэлцээрийг сунгахаас татгалзсанаар Европын орнуудад нийлүүлэх ложистикийн сүлжээнд өөрчлөлт орно гэж анхааруулжээ. Энэ тухай нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн. Мөн “Financial Times” сонинд “ЕХ нь холбооны гишүүдэд Орос, Беларус улсаас хийн импортыг бүрэн хориглох шинэчлэлийг боловсруулж байна” гэж мэдээлэв. Энэхүү шинэчлэл нь Европын зах зээлд ямар ч үр дагаваргүйгээр Оросын байгалийн хийн импортыг тэг болгож бууруулах явдал аж. Түүнчлэн Оросын байгалийн хийн дамжуулах хоолой, терминалын хүчин чадлыг нөөцлөхийг хориглож, гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр төлөхгүйгээр ОХУ-аас нийлүүлэх хэмжээг бууруулна.

Украин дахь тусгай ажиллагаа эхэлсний дараа 2022 онд ЕХ-ны орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Оросын эрчим хүчний эх үүсвэрийн импортоос бүрмөсөн татгалзах бодолтой байгаагаа зарласан. Энэ нь ЕХ-ны орнуудад цахилгаан, түлш, нийтийн үйлчилгээний үнэ огцом өсөхөд хүргэжээ. Үүний үр дагаварт Европын хэд хэдэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн байгууламжаа хаах эсвэл өөр улс руу шилжүүлэхээс өөр аргагүй болсон байна. Энэ нь Германд хамгийн их ажиглагдаж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 17-нд Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек парламентад үг хэлэхдээ тус улс эдийн засаг нь Оросын хийнээс хамааралтай байсан тул “онцгой хүнд” байдалд орсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Нийлүүлэлтгүй эрэлт

Шинжээчдийн үзэж байгаагаар, Европын эрчим хүчний комиссарын дээрх мэдэгдэл нь Оросоос эрчим хүчний импортыг хаах оролдлогын улмаас Европ хоёрдмол байр суурьтай байгааг харуулж байгаа аж. Нэг талаас ЕХ дайчин байх, нөгөө талаас бодит байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэнэ. Одоо Оросын байгалийн хийн Европт нийлүүлэх хэмжээ түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Брюсселийн улстөрчид ОХУ-аас нийлүүлж буй ийм хэмжээний бүтээгдэхүүнээс татгалзах нь амархан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч бодит байдал руу буцаж ороход энэ нь тус холбооны нийт импортод чухал ач холбогдолтой хэвээр байгаа бөгөөд Оросын хийг ЕХ-ны одоогийн эрэлтээр орлуулах зүйл байхгүй нь тодорхой болж байна. “Дэлхий дээр хангалттай хангамж байхгүй тул энэ нь зүгээр л боломжгүй юм” гэж шинжээч нар өгүүлжээ. Тэдний үзэж байгаагаар ОХУ-аас авах эрчим хүчний импортын хэмжээг шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх эсвэл үйлдвэрлэлийн дээд хэмжээндээ хүрсэн Норвеги улсаас худалдан авах замаар нөхөх боломжгүй аж. Бусад ханган нийлүүлэгчид ч үүнийг хийж чадахгүй бөгөөд тэд ийм даалгаваргүй гэв. Хэрэв ОХУ-аас хийн нийлүүлэлтэд бүрэн хориг тавих юм бол нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдлыг харгалзан үзвэл энэ нь Европын зах зээлд үнийн шинэ өсөлт, үймээн самуунд хүргэнэ гэж шинжээч нар үзэж байна.

Оросоос хий импортлохыг бүрмөсөн хориглохыг Европт ихээхэн эсэргүүцсэн хэвээр байгааг шинжээч өгүүлээд “Юуны өмнө Унгар, Словак зэрэг Төв Европын орнууд үүнийг эсэргүүцэж байна. Тэд Оросын хийгээр амьдардаг бөгөөд ийм нөхцөлд ОХУ-аас нийлүүлэх одоогийн хийг хориг арга хэмжээний багцад оруулах шийдвэр гаргах боломжгүй юм. Энэ шийдвэрийг Европын Холбооны нөлөө бүхий хүмүүс эрс шүүмжилсэн” гэжээ.

Үүнээс гадна Брюссель Оросын байгалийн хийд бүрэн хориг тавихыг хүсэж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх боломж байхгүй аж. Европын Холбоонд энэ “чиглэлийг” эсэргүүцэж буй орнуудад шаардлагатай шахалт үзүүлэх хэрэгсэл байхгүй. Одоогоор Брюссель хариуд нь тэдэнд юу ч санал болгож чадахгүй байгаа тул энэ бүгдийг дараагийн удаа хүртэл хойшлуулж байгаа гэж шинжээчид бичжээ.

Украины нутгаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийг зогсоох юм бол түүнийг үргэлжлүүлэн авах хүсэлтэй улсууд өмнөд чиглэлээр дамжих нийлүүлэлтийг сонирхох аж.

 

https://news.zindaa.mn/4tej


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.