Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулна


Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулна

 

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны Чингис хаан танхимд боллоо. Энэ жилийн сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбогдуулан чуулганы хуралдааны танхимыг засварлаж байгаа аж.  

Найм дахь парламентын отгон чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх ажил учраас ардчилсан парламент Чингис хаан танхимд хуралдаж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг тулж, улс төрийн ширүүнийг туулж, их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй тавьж чадсан. 

Монгол Улс цэгцрэн тэгшрэх сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр найм дахь парламент үйл ажиллагаа явуулж байна. Бид шинэчлэлийн парламент байхыг зорилгоо болгож сэрж сэхээрсэн ард олны цэгцрэх хөдөлгөөн шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж нэгдмэл эрмэлзэлтэй байгаа нь нэг онцлог юм. 

30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоог баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт шударга нийгмийг төлөвшүүлэх, нийтээрээ сайхан амьдрахыг зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал зарим чиглэлд өөрөөр эргэж үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй. 

Тиймээс өнгөрсөн туршлага, сургамжаа шүүн тунгаах алдаа бурууг засаж залруулах үүний тулд тогтолцооны шинэчлэл хийх эрмэлзэл сүүлийн таван жилд эрчилсэн давлагаа болж байна. 

Цэгцрэхийн төлөөх ард түмний хөдөлгөөний УИХ мэдэрч шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагтай адил хагархай цонхоор жавар салхи, тоос буртаг орж ирсээр улам зузааран хуримтлагдсаар иржээ. Тиймээс УИХ, Засгийн газар хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийх зорилго болгож байна. 

Эрүүгийн хуулийн авлигын ялыг бодлогыг чангатгах хуулийг баталж, авлигаас татгалздаг ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох нь Монголын төр, нийгмийг авлигаас ангижруулах үндсэн зүйл юм. 

зураг

 

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоотой болсон. Гишүүдийн тоог олшруулсан төдий өөрчлөлт биш. Парламент ёсоо бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа хангах, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлгийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, мөнгөний сонгуулиас татгалзахад чиглэсэн. 

Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хууль, Эрүүл мэндийн хуулиудыг баталж олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам хийсэн. Бүхэлдээ энэ бол хүний хөгжлийн цогц реформыг хэрэгжүүлсэн гэж болно. Мөн цалин төсвийг нэмэгдүүллээ. 

Эрхэм гишүүд ээ! энэ хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын реформыг эцэслэн дуусгах нь та бидний эрх чухал зорилт байх болно. 

Монгол Улс байгалийн асар их баялгаар дэлхийд гайхагддаг. Хэнээс ч үл хамааран үнэ цэнтэй оршин тогтнох, Монголын ондоошлыг дэлхийд дархлах хангалттай боломж байна. 

Энэ нь манай улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх боломж мөн. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Хаврын чуулганы тэргүүн ээлжийн нэг зорилт байх ёстой. 

зураг

 

Ногоон автобусны хэрэг, ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх түр хорооны нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулж Монголын баялаг ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. 

Хууль бусаар ашиглаж бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний ордыг төр ард түмний өмчлөлд авснаар 240 мянган иргэдийн тэтгэврийг тэглэж, тэтгэврийн зээл аваагүй 240 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн тэтгэмж олгож байсан туршлага бол баялагтай эзэн монгол хөтөлбөр хэрэгжүүлэх угтвар байсан. 

Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.  

Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм.

зураг

 

Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой.

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой.

Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна.

Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл саруул аж төрөхийн нэг чухал баталгаа төдийгүй нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалах, өвийг хадгалах үнэт зүйл мөн гэдгийг санацгаая" хэмээн ярилаа. 

зураг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.