Орноос унасан том хүн байтугай хүүхэд ч үхдэггүй


 

Хэд хоногийн өмнө Баянгол дүүрэгт дөрвөн хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэй нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл олон нийтэд түгж эхэлсэн билээ. Уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай мэдээлсэн бөгөөд хохирогчийг эмнэлгийн орноос унаад амь алдсан гэх үндэслэл тавигдаад байгаа аж.

Харин зарим сэтгүүлчид хэргийн мөрөөр яван ойр орчмын хүмүүсээс ярилцлага авснаас харахад, уг сэжигтэн этгээд өмнө нь эхнэр болон дагавар хүүхдүүдээ байнга зодож гэмтээдэг байсан талаар хангалттай мэдээлэл өгсөн байх юм. Уг этгээд нь бидний ярьдагчлан, улаан архичин бөгөөд эхнэр хүүхдэдээ байнга агсан тавьж дарамталж зоддог, түүний хамаатнууд нь эрх дархтай хүмүүс байдаг учраас цагдаад баривчлагдлаа ч тэр дороо суллагдчихдаг "дархан хулигаан” бололтой.

Эмнэлгийн орон дээрээс унасан нь үхлийн шалтгаан болсон гэдэг үндэслэл яаж ч бодсон логикийн ямар ч авцалдаа алга. Тухайн үед тэр нөхөршүү этгээд дэргэд нь сахиад сууж байсан гэж байгаа. Дэргэд нь хүн сууж байхад тэгж орон дээрээс хүчтэй унана гэдэг үнэхээр хачирхалтай. Эсвэл тэр этгээд зориуд татаж унагаасан байж таарна. Уналт нь их хүчтэй сонсогдсон гээд байгаа шүү!

Хэрэв орноос хүн унаад л үхчихдэг байсан бол хэдэн мянган хүн ийм золгүй үхлээр талийх байсан биз. Том хүн байтугай, жаахан хүүхэд ч санамсаргүй тохиолдлоор орноос унахыг алийг тэр гэх вэ дээ.

Нийгэмд ажилгүйдэл, ядуурал, архидалт их байгаа энэ нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэл тоймоо алдах шинжтэй байгаа. Ийм л үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ус, агаар шиг хэрэгтэй байгаа бөгөөд иймэрхүү мал шиг амьтдыг ямар нэгэн хуулийн зохицуулалтаар л хязгаарлахгүй бол хүүхэд, эмэгтэйчүүд золгүй байдлаар амь эрсдэх явдал нэмэгдсээр байна.

Сүүлийн үед гарсан зарим нэгэн жигшүүрт хэргийн шийдвэрээс харж байхад, хэн танил тал, ар сайтай нь хөнгөн ял эдэлж, гэм зэмгүй үлдээд буй мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа яаравчлан засч сайжруулаад батлахгүй бол хойшилсон хоног бүр нь хэн нэгэн золгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн амиар хэмжигдэх магадлалтай байгааг эрхэм гишүүд /ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүд/ онцгойлон анхааралдаа авна уу!

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
jacks | 2016/09/22 22:30
shaadag pzda we