Хөхүүл хүүхэдтэй хоригдогсод ба Хуулийн салбарын кадруудын сандрал


Хөхүүл хүүхэдтэй хоригдогсод ба Хуулийн салбарын кадруудын сандралУИХ-ын гишүүн Х.Баттулгыг ҮХАА-н сайдаар ажиллаж байхад нь эхлээд туслахаар нь, дараа нь тус яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн нэгжийг хариуцаж байсан Л.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан "онц ноцтой” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүнийг хорьсон мөчөөс эхлэн "дарга нь” буюу экс сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхлээд УИХ дахь зарим эмэгтэй гишүүн "Хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо” гэж нойрноосоо сэрсэн мэт бачимдан Л.Түвшинжаргалыг өрөвдөх "аян өрнүүлсэн” гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн Г.Уянга "сэргэлэн” түргэн хөдөлгөөнтэйгээрээ Л.Түвшинжаргалын ар гэрийнхнийг "олж” түрүүлж уулзаж чадсан.

 Тэрээр  ЦЕГ-ын дарга, Хууль зүйн сайдад толгой дараалан "хүүхдийг нь хөхүүлэх” асуудалд санаа тавьж буйгаа илэрхийлэхдээ өөрийг нь хөхүүл байхад баривчлахаар орж ирэхэд ямар хэцүү байсныг олон нийтэд сануулахаа ч мартсангүй. Харин эрхэм гишүүн уг шаардлагыг тавихдаа сэтгүүлчдийн дэргэд ЦЕГ-ын дарга, Хууль зүйн сайдтай ярих үедээ УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх ямба хийгээд эрх мэдлийн эрэмбийг ч эргэн харахад хүргэсэн. Учир нь түүний үйлдэл гэмт хэрэгт шалгагдаж буй этгээдийг суллах эсэхийг хэн, хаана шийддэг. Ер нь хэн нэгэн эрх мэдэлтэн хөндлөнгөөс оролцож болдог эсэх талаар иргэдийн мэдэх наад захын мэддэг зарчмууд зөрчигдөчихөв үү гэж харагдсан. Хачирхалтай нь Хууль зүйн  сайд ч, ЦЕГ-ын дарга ч "Хөхүүл байсан гэж мэдээгүй шүү дээ” гэж дуу алдацгаах шахсан хариулт өгснийг Г.Уянга гишүүний гар утасны чанга яригчийн ачаар олон нийт сонссон.

Мөн үүний дараа Хууль зүйн сайд "Хүүе, хүний эрх зөрччих вий” хэмээн сандарч тэвдэн тэр ч байтугай УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж эхэлжээ. Одоо Л.Түвшинжаргал "хөхүүл ээж” олны анхаарлын төвд нэгэнт орсон. Дээр нь өчигдрөөс эхлээд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Асуудал цааш хэрхэн хөврөхийг таашгүй. Гэвч нэг л зүйл сонирхолтой санагдаад байх юм.

"Х.Баттулга гишүүний туслах” гэдэг бараг нэр нь мэт болчихоод байгаа Л.Түвшинжаргалыг өрөвдсөн УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд, хамгийн гол нь ЦЕГ-ын дарга ч, Хууль зүйн сайд ч  "хөхүүл эмэгтэй” хорихыг анх удаа харсан мэт авирлаад байгаа нь инээдтэй. ЦЕГ-ын дарга Р.Чингис цагдаагийн байгууллагад 27 жил, Хууль зүйн сайд Д.Дорлигжав дүүргийн прокурорт ажиллаж байснаас нь тооцвол салбартаа мөн л туршлагатай кадруудын нэгд тооцохгүй байх аргагүй.

Өнөөдөр тэднийг хөхүүл хүүхэдтэй хүн хорьсныг гайхаж цочирдоод, анхаарал тавьж суллах тушаал өгч байна гэхэд хэн итгэх юм бэ. Хэрэв үнэхээр гайхаад мэдэхгүй байгаа бол өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход яллагдагч Ц 8 сартай хүүхэдтэйгээ, П 4 сартай хүүхэдтэйгээ хамт ял эдэлж буйг дуулгаж тус болъё. Тэднийг ч гэсэн суллачих. Хэрэв хууль иргэн бүрийн өмнө тэгш байх ёстой л бол УИХ-ын гишүүний туслах байна уу, гуталчин, барилгачин, ажилгүй иргэн байна уу эрх нь тэгш байх ёстой биз дээ.

Эсвэл  Сайдын туслахаар ажиллаж байгаад, Үнэлгээний хорооны нарийн бичиг, газрыын дарга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төслийн нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан хатагтайд бусад эмэгтэйчүүдээс өөр эрх ямбатайгаар хорих ёстой юу. Одоо өнөөдрөөс эхлээд түүнийг өлсгөлөн зарласантай холбоотойгоор өөр ямар "тусгай эрх” эдлүүлэх бол гэдэг нь бүр ч сонирхолтой болоод явчихлаа. Улсад онц ноцтой хохирол учруулсан гэх хэрэг тийм "аятайхан” зөөлөн хэрэг үү. Ийм хэргийн сэжигтэн, холбогдогч, яллагдагч, юу ч бай жирийн иргэнтэй ижил хариуцлага хүлээхгүйгээр "Ардчилал, эрх чөлөө” гэж яриад яах юм бэ. Яг үнэндээ "Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг шиг Х.Баттулга гишүүн өөрөө л хөхүүл хүүхэдтэй ажилтнаа хөлдөө чирчихэж байгаа биш гэж үү.

 Г.Сүрэн

zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.