Эхлээд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ,одоо Х.Баттулга, дараа нь ...


Өнгөрсөн долоо хоногт өнөөх л айдас хүйдэс дагуулсан баривчилгаанууд ар араасаа өрнөлөө. Яагаад ингэж хэлэх болов гэхээр өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн, хууль бус зөвлөх гэх хоёр хүн, "Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр түүний ахлах зөвлөх Л.Гансүх, М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж, хэргийн учир тайлагдахгүй болохоор бүр охиныг нь хүртэл саатуулан шалгаж байсан. Өнөөдөр ч эл хэргийн учир зангилаа тайлагдаагүй байсаар. Үүний дараа нийгмийн даатгалын салбарынханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ. Гэвч албаны эх сурвалж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ээлжит баривчилгаа явагдлаа. Энэ бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойронд өрнөж буй баривчилгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилсан.

Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан бөгөөд мөн Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. "Самсунг С&Т” компани нь албан ёсны "Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Мөн огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл ч гарсан. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган ам.долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон талаар мэдээлж байв.

Ингээд нэг сар гаруй хугацаанд саатуулж байгаад батлан даалтад гаргасан ч дахин цагдан хорьж, өнгөрсөн сард дахин батлан даалтад гаргасан тухай мэдээлэл цацагдав. Мөн одоогоор Х.Баттулгын багийн дөрвөн залуу гадаадад гарчихсан, заримыг нь интерполоор эрэн сурвалж байгаа гэх. Түүнчлэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж буй Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг ч УИХ-ын гишүүн Х.Баттулга үгүйсгээгүй бөгөөд бүр өөрөө очиж шалгуулах хүсэлтээ гаргасан хэмээн мэдээлсэн. Гэвч эл хэрэг үүгээр дууссангүй.

Д.Пүрэвбаатар: ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгах нь зүйтэй

2016.03.16: Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд Х.Баттулгыг эл хэрэгт холбогдуулж, их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээллийг үгүйсгэж, нийгэмд буруу ойлголт төрүүлж байгаа асуудлыг ЦЕГ-ын дарга Р.Чингис зохион байгуулж байна хэмээн мэдээлсэн. Мөн "Би энэ сарын 15-ны өдөр АТГ-т өмгөөлөгчийн хүсэлт гаргасан. Энэ хүрээнд л хэргийн талаар ярих боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тухайн гэмт хэрэгт холбогдолгүй болохыг батлах үүднээс хуульд заасан өмгөөлөгчийн эрх үүргийн хүрээнд хэрэгтэй холбоотой баримт, материал цуглуулсан байгаа. Үүнийгээ АТГ-т өгсөн. Цуглуулсан баримт сэлтдээ туйлын итгэлтэй байгаа тул мөн баримтад тулгуурлан ярьж буй зүйлдээ хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ эхлээд хэлмээр байна. Бид өнгөрсөн хугацаанд хэрэгтэй холбоотой ямар нэг зүйл яриагүй. Учир нь, хэргийн байдал, байцаан шийтгэх ажиллагаанд ямар нэг байдлаар саад хийхгүй гэдэг үүднээс хандаж ирсэн.

Гэтэл энэ хэрэг эхлээд таван сарын хугацаа өнгөрч байхад ямар ч ахиц гараагүй юм. Тиймээс би хуульч хүний хувьд зарим нэг материал сэлтийг цуглуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус юм байна гэх гаргалгаа хийгээд байгаа. Гэтэл А.Гансүх, Х.Баттулга нарыг тухайн үед Зам тээврийн сайд, дэд сайд нар байхдаа "Самсунг СТ” компанийг сонгон шалгаруулаад, хамтран мөнгө завшсан гээд буруутгаад байгаа юм. Тиймээс баримтад тулгуурлахаар А.Гансүх, Х.Баттулга нар "Самсунг СТ”-тэй хамтран мөнгө завшсан гэдэг нь үгүйсгэгдэхээр байгаа. Засгийн газар төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэгтэй ажлын хэсгийг гурван яамны хамтарсан тушаалаар байгуулсан. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна лээ.

Энэ дүгнэлтэд, "93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч "Самсунг СТ” компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан” гэж бичсэн байгаа. Харин "93.6 тэрбум төгрөгийг зарцуулж бид үйл ажиллагаа явуулсан” гэж "Энержи Ресурс” компани тооцоо гаргаж өгсөн байгаа юм. Гэтэл ажлын хэсэг 29.9 тэрбум төгрөгийн ажил л хүлээж авсан байгаа биз. Ингээд ямартай ч, 2013 оны тавдугаар сард Концессын гэрээг цуцлах тухай гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 93.6 тэрбумын ажил хийсэн гээд төрийн өмчид хүлээлгэж өгсөн. Нэгэнт төрийн өмч болсон тул Төрийн өмчийн хороо "Танайх 93.6 тэрбумын ажил хийсэн гэжээ. Ажлын хэсэг 29.9 тэрбумын ажил хүлээж авсан байна.

Үүн дээр хүлээгдэж буй есөн тэрбумын ажлыг нэмэхээр нийт 39 тэрбумын ажил хийсэн байна. Тэгвэл үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил хаана байна, мөн анхан шатны баримтуудаа авчир” гэсэн байгаа юм. Гэтэл "Энержи Ресурс” 93.6 тэрбум төгрөгийг маань буцаагаад өгвөл анхан шатны баримтуудаа үзүүлнэ гэсэн утгатай мэдэгдлийг тухайн үеийн "Энержи Ресурс”-ын захирал Батцэнгэл, Оюунбат нар Төрийн өмчийн хороо руу явуулсан байна лээ. Хариуд нь, Төрийн өмчийн хороо 93.6 тэрбум төгрөг зарцуулснаа нотолж, баримт материалаа өгвөл бид Засгийн газарт тайлагнана гэсэн байгаа юм. Гэвч, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт байхгүй гэдэг шалтгаанаар өчигдрийг (уржигдрыг) хүртэл Төрийн өмчийн хороонд хүргүүлээгүй байна.

Яг энэ асуултыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Бат-Олзвой гэдэг хүн дотоод итгэл үнэмшлээ болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бат-Олзвой энэ хэрэг дээр Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлсэн байх талтай юм байна. Улсыг онц их хэмжээгээр залилан мэхэлсэн, энэ хэргийнхээ улмаас оргон зайлж магадгүй, баримт материалд засвар оруулж болзошгүй, дахин ямар нэг байдлаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж магадгүй гээд 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүнийг мөрдөн байцаагчийн хууль ёсны тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэтэл маргааш нь ойлгомжгүй байдлаар Л.Оюунбатыг цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд суллачихсан. Хүнийг ямар ч тохиолдолд тогтоол, холбогдох шийдвэр, үндэслэлийн дагуу эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг.

Гэтэл цагдаагийн газрынхан Л.Оюунбатыг гаргачихсан байгаа юм. Тиймээс би энэ хэрэгт цагдаагийн газрынхан оролцсон гэж үзэж байгаа. Энэ үйл ажиллагаанд хамгийн их үүрэгтэй оролцож байгаа хүн бол Цагдаагийн газрын дарга Р.Чингис. Би энэ хүнийг хэрэгт холбоотой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл, 1989 онд Оросын дотоод явдлын яамны академийг Цагдаагийн хурандаа Төрмандах, Чингис нар хамт төгссөн. Төрмандах нь харин "MCS” компанийн Оджаргалтай 10 жилд нэг ангид суралцаж байсан. Мөн 2000 онд Эрүүл мэндийн сайд байсан Нямдаваа гэж хүн тендер зарлахад "MCS” компани оролцоод булхайн үйлдэл хийж байсан. Харин энэ хэргийг Р.Чингис шалгаж байсан. Тиймээс Төрмандах өөрийн ангийн Оджаргалд туслаад Чингистэй танилцуулж байсан түүх байдаг.

Үүнээс хойш миний ажигласнаар Чингис 2000 оноос хойш "MCS” компаниас салаагүй. Нэг ангийн гурван хүүхдийн холбоос болчихоод байна. Л.Оюунбат өөрийн гүйцэтгэсэн ажлыг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг хуурч залилан мэхлэх нөхцөл байдал үүсгээд байна. Үүнийгээ дарж булзахын тулд 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга, А.Гансүх нар Зам тээврийн сайд байхдаа нийлж ашиглаад өөрийн дансандаа авсан байна гэх яриаг гаргасан. Ер нь, ингээд л бужигнасан шүү дээ. Энэ 55 тэрбум төгрөгийг улс гаргаагүй, "Энержи ресурс” гаргасан нь тодорхойгүй байгаа биз дээ” хэмээсэн юм.

Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан эмэгтэйг баривчиллаа

2016.03.16: Яг энэ мэдээлэлтэй давхцуулан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ҮХАА-н сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон өөр гурван эмэгтэйг баривчилсан. Г.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан бөгөөд Х.Баттулгын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийсний дараа цагдаагийн ажилтнууд Г.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийж, 19:00 цагийн үед баривчилжээ. 

Г.Түвшинжаргал нарын дөрвөн эмэгтэйг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаатай холбоотойгоор саатуулсан хэмээн эх сурвалж мэдэгдэв. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Г.Түвшинжаргалтай хамт баривчлагдсан гурван эмэгтэйн тухайд байгаль орчны үнэлгээ хийдэг "Натур фрэйндли” компанийн ажилтнууд аж.

Тэднийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор 32 мянган га талбайд байгаль орчны үнэлгээ хийхээс 19 мянган га-д үнэлгээ хийж, улсад таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх дөрвөн эмэгтэйд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болж, тэднийг цаашид цагдан хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шийдэх аж.  

Дахин нэг эмэгтэйг баривчиллаа

2016.03.18: Энэ өдөр өмнө нь баривчилсан дөрвөн эмэгтэйг цаашид цагдан хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шийдэх шүүх хурал болох гэж байв. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан, "Түмэн хишигтэн” ХХК-ийн захирал Ш.Эрдэнэтуяаг энэ өдрийн  үүрээр 04:00 цагт гэрээс нь баривчилж, байцаалт авахаар авч явжээ. Түүнийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж, саатуулсан байна.

Ингээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн байранд УИХ-ын гишүүн Х.Баттулга 10:30 цагт очиж, 11:58 цагт эхэлсэн Г.Түвшинжаргал нарыг саатуулах хугацааг сунгах эсэх шүүх хурлыг хүлээлгийн танхимаас ажигласан. Тэрбээр шүүхийн хүлээлгийн танхимд орохоосоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд "Сая бас "Түмэн хишигтэн” гээд аялал жуулчлалын компанийн захирал Ш.Эрдэнэтуяа гээд надтай арав гаруй жил ажилласан, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг 04:00 цагт гэрээс нь баривчлаад байцаалт авна гээд хорих руу аваад явлаа. Мөн намайг ҮХАА-н сайдаар ажиллаж байх үед туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэдэг эмэгтэйг хоёр өдрийн өмнө баривчилж, өнөөдөр /2016.03.18/ шүүх хурал нь болох гэж байна. Хорих хугацааг нь сунгана л гээд байна.

Хөхүүл хүүхэдтэй хоёр хүүхнийг ингээд баривчлаад явлаа шүү дээ. Үнэндээ Монгол Улсыг хөгжүүлэх гээд, төмөр замаа бариад Сайншанд гээд Эрдэнэт шиг үйлдвэр барина гэсэн хүсэл зорилготой олон хүнийг нухчиж, дарж байгаа юм байна. Тэдний төлөөлөгч нь би. Тэгээд одоо манай таван эрэгтэйг баривчилсан. Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулгаж, тамласан. Дөрвөн залууг Монголдоо оруулж ирж чадахгүй, Интерполоор хайж байна. Тэд дандаа надтай ажиллаж байсан залуучууд. Тэгээд эрчүүдийг нь нухаж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна. Тэр туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрчүүдийг нь нухаж чадахгүй болохоор эмэгтэйчүүд рүү, тэр тусмаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү дайрч, сэтгэл санаагаар унагаж байгаа юм байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ.

Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлж байгаа. Намайг бас шалгаж байгаа. Би өөрөө очиж, шалгуулъя гэсэн. Учир нь намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа бол би тэр асуугаад байгаа бүх зүйлд нь хариулт өгье гээд А.Гансүх бид хоёр бүх баримт материалыг нь өгчихсөн. Энэ шалгаад байгаа асуудлын чинь бүх зүйл нь тодорхой байгаа. Тэгээд юм гарахгүй болохоор одоо өөр асуудал руу орж байна шүү дээ. Энэ бол төмөр замтай холбоотой биш. Таван сар шалгаад төмөр замаас юм гараагүй.

Идсэн уусан юм байхгүй. Бараг хувиасаа ч мөнгө гаргаад явж байсан. Хуурамч юм хийдэг ой сэтгэхүй надад байхгүй. Харин ч хуурамч юм хийж байгаа хүмүүсийг илчилснийхээ төлөө л ийм юм болж байна. Улс төрийн хэрэг шүү дээ. Монгол Улсыг олон жилээр эдийн засгийн хараат болгоод, хүчгүйдүүлээд, тамиргүйдүүлээд, санхүүгийн ямар ч чадамжгүй болсны дараа хүссэн зүйлээ хийнэ ш дээ. Энэ бол улс төрийн л хэрэг. Би байнга хэлдэг. "Нүүрстэй нам” гэж... Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би үүнээс ч илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монголын төр, хууль, хүчнийхэн хөхүүл эмэгтэйчүүдэд яаж хүчээ үзүүлдгийг гамин цэргийг ялсан өдөр харъя” хэмээн мэдэгдсэн юм.  

Н.Мөнхбаатар: Яахаа мэдэхгүй болчихоод байна

/461 дүгээр хорих ангид саатуулагдаж буй Г.Түвшинжаргалын нөхөр/

2016.03.18: УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалын гэрт өнгөрсөн лхагва гарагийн өдрийн 12:00 цагийн үед прокурорын бичиг үзүүлсэн цагдаагийн гурван албан хаагч нэвтэрч, хоёр цаг гаруй хугацаанд нэгжлэг хийжээ. Улмаар Г.Түвшинжаргалыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхийг үүрэгдсэн байна. Байцаалт өгөхөөр гарсан эхнэр нь 19:00 цагийн үед саатуулагдахаар болсон тухайгаа нөхөр Н.Мөнхбаатартаа мэдэгджээ. Цагдаагийнхан Н.Мөнхбаатарын гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлгаагүй. Мөн хоёр "ipad”-ыг баримт болгон хураан авсан байна.

Энэ талаар Н.Мөнхбаатар "Орой 19:00 цагийн үед манай эхнэр над руу утсаар ярьж, "намайг хорино гэнэ” гэж хэлсэн. Манай хүн чинь хөхүүл хүүхэдтэй хүн. Гэтэл хөхнийх нь сүүг гоожуулаад, хүүхдийг нь уйлуулаад хорих руу аваад явлаа. Би хоёр хоног хүүхдээ уйлуулаад, маш хэцүү байдалтай харж байна. Манайх энгийн л нэг, амьдрах гэж яваа залуу гэр бүл. Одоо үнэндээ юу болоод байгаа юм, учрыг нь олохгүй байна. Манай эхнэр хүний бичиг цаасны л ажил хийдэг хүн. Гэтэл ингээд л бариад явлаа. Хүүхэд маань маш хэцүү байдалтай байна. Биеийн байдал нь муу, ханиадтай, хатгалгаатай байгаа. Одоо яахаа мэдэхгүй болчихоод байна” хэмээн шүүх хурлын өмнө ярьсан юм.  Гэвч шүүх бүрэлдэхүүн саатуулагдсан дөрвөн эмэгтэйг үргэлжлүүлэн хорих эсэхийг шалгаад  Г.Түвшинжаргалыг саатуулах хугацааг 14 хоногоор сунгах захирамжийг гаргав. Хуулиараа ирэх мягмар, лхагва гарагт Г.Түвшинжаргалд эргэлт  оруулах боломжтой юм байна.

Шүүхийн шийдвэр ийн гарч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах, нарийн бичгээр ажиллаж байсан хоёр ч эмэгтэй хуулийн байгууллагын хяналтад орж, байцаалт өгч эхэллээ. Үүнийг 1930-аад оны үед олон жил үргэлжилсэн их хэлмэгдүүлэлт дахин эхэлж байна хэмээн харах хүн олон байна. Тухайн үеийн их хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан бол өнөөдөр ч мөн ялгаагүй эхэлж байна. Үнэндээ дээрх хүмүүсийн эргэн тойрон дахь хүмүүсийг шалгаж, бүр хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг баривчилж, цагдан хорьж байгаа нь хэлмэгдүүлэлт хэмээн харахаас ч өөр аргагүй юм. Түүний оронд Н.Алтанхуяг, Х.Баттулга, А.Гансүх зэрэг хүмүүсийг өөрсдийг нь шалгаж, үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй юм шиг санагдана. Ямартай ч эхлээд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, одоо Х.Баттулга, дараа нь хэн байх бол...
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Туул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.