Өнгөрсөн баасан гаригийн шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ.
Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газарт саатуулсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Мөн Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан талаар шуугиж байна.
Б.Батзаяа болон түүнийг Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга байх үед тус яамыг удирдаж байсан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх, мөн тус яамны сайд асан АН-ын МоАХ фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн "Женко” хэмээх Х.Баттулга нарыг төмөр замын асуудлаар байнга шүүмжилж ирсэн. АН-ын МоАХ фракцийг Зам тээврийн салбарыг "хувьчлаад” авчихсан мэт аашилж ирсэн гэлцдэг.
Нээрээ ч хамгийн сүүлд гэхэд тус фракцийн М.Зоригт тус яамны сайдын албанд очоод байгаа. Энэ сацуу мөн "Самсунг С&Т” гээч компанийг Солонгосын дэлхийд алдартай "Самсунг” компанитай албан ёсны холбоогүй гэх мэдээлэл дахин цацагдаж эхлээд байна. Тус компанийг огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай гэх мэдээлэл ч тархсаар байна.
Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай эх сурвалжууд мэдээлсэн тухай ч шуугиж байна. Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа аж.
Ийнхүү уг хэрэг гэнэт сүр дуулиантай босч ирсэний цаана Монгол улсын улстөр, бизнесийн хамгийн томоохон хоёр бүлэглэлийн зөрчил одоо хэнийгээ үзэх сүүлчийн тулаанд шилжиж байгааг харуулж эхлэх нь энэ мэт. 7 орчим тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудал яригдах болсноос хойш 10 орчим жил Монголын улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчил эхэлсэн.
Тэдний зөрчил уг ордын нүүрсийг төмөр зам тавьж их хэмжээгээр зөөх асуудал дээр очихоороо бүр их "зодоон” дэгдээж ирсэн. Үүнээс болоод Тавантолгой тойрсон, тус ордоос Монгол улсын өмнөд хил болон дорнод хил хүртэл тавих төмөр замын асуудал өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохоосоо илүүтэй хэрүүл маргааны сэдэв болсоор ирлээ.
Уг төмөр замын асуудлыг өргөн, нарийн ямар царигаар тавих тухай асуудал хэдэн жил гацаасан бол сүүлийн нэг жилийн хугацаанд MCS-ийг Хятад түншүүдтэй нь уг орд руу оруулахгүйн тулд эсрэг тал нь асуудлыг гацаасан. Үүний сацуу аль аль тал нь нэгнийгээ Монголын ард түмний өв хөрөнгийг завших гэсэн, төмөр зам тавих нэрээр бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирлээ хэмээн чичилж ирлээ.
Энэ бүхэн энд хүрээд эцсийн шийдвэрлэх "тулаан”-д оруулж байгаа. Одоогоор хэн нь дийлэх нь тодорхойгүй ч тун удахгүй ойлгомжтой болох болов уу. Ямартай ч Х.Баттулгын гол хүмүүсээс заримыг нь бариад хорьчихлоо. Уг хэрэгтэй холбоотойгоор А.Гансүх болон Х.Баттулга нараас болон Зам тээврйн яаманд ажиллаж байсан бусад эрх мэдэлтнүүдээс мэдүүлэг авч, уг хэрэгт татаж магадгүй гэнэ.
Ийнхүү олон жил уугисан Монголын төмөр замтай холбоотой хэрэг заргын шуугиан хүчээ авлаа. Хоёр том бүлэглэлийн хэнь хэнийгээ бяц гишгэхийг харах цаг айсуй мэт.
Г.Самбаа
Сэтгэгдэл