Монголчууд зам дээрээ түгжирч, дүүжин тээвэр мөрөөдөж байх зуур япончууд нисдэг таксигаа үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна. Тодруулбал, “Тоёота моторс” корпорацынхан нисдэг таксины анхны туршилтаа Японд амжилттай хийснээ мэдээллээ. Уг таксины цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby аviation” компанид хийлгэсэн аж. Туршилт ийнхүү амжилттай өндөрлөснөөр хот, суурин газрын уламжлалт тээврийн үйлчилгээнд инновац болж буйг зохион бүтээгчид мэдэгджээ.
Сонирхолтой нь, нисдэг таксийг ямар ч дуу чимээгүй ажиллахаар зохион бүтээжээ. eVTOL хөдөлгүүртэй энэхүү мини онгоц нь цагт 320 км хурдлах хүчин чадалтай. Иймд хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нэвтрүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэж байна. “Тоёота моторс” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх боломж олгоно. Токиод машинаар 4-5 цаг явах газарт нисдэг такси ердөө 25-хан минутад л хүргэх юм” хэмээн онцолжээ.
Ташрамд дурдахад, машин, техник үйлдвэрлэгчдийн энэ мэт технологийн дэвшилтэт хувилбарууд нь агаарын хөдөлгөөнт орон зайд тун удахгүй гол үүрэг гүйцэтгэдэг болно хэмээн ажиглагчид дүгнэснийг “Никкей Асиа” дамжуулав.
Сэтгэгдэл