Сүүлийн жилүүдэд иргэд залилах төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна хэмээн ЦЕГ-аас анхааруулж байна. Тухайлбал, зуслангийн байшин түрээслүүлнэ гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа ажээ. Энэ талаар Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Б.Ууганбаяр "Сүүлийн гурван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд 96 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 31 мянга нь залилах төрлийн гэмт хэрэг байна. 2024 оны нэгдүгээр улиралд 29 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 11 мянга нь залилах төрлийн гэмт хэрэг байгаа юм. Үүнээс харахад өдөрт гурван хэрэг тутмын нэг нь залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Сүүлийн үед залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ, аяныг шат дараатай зохион байгуулдаг. Ингэж ажилласны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарсан. Нөхцөл байдлаас шалтгаалан залилах төрлийн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлийн аргаар ангилдаг. Тодруулбал, авто машин, байр орон сууцтай холбоотой гэх мэтчилэн. Үүний нэг нь байр орон сууц түрээслэх нэрийдлээр бусдыг залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэж байна. Зарын сайтууд дээр байршуулсан орон сууц, байшингийн зургийг ашигладаг. Ингэхдээ зах зээлийн үнээс хямд үнийг санал болгож иргэдээс урьдчилгаа мөнгө авч бусдыг залилах гэмт хэрэг өсч байна. Мөн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хэн нэгний эзэнгүй байгаа зуслангийн байшинг үзүүлж удаан хугацаагаар түрээслэнэ гээд гэрээ байгуулж иргэдээс мөнгийг нь авах тохиолдлууд нэлээд гарч байна" гэлээ.
Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг орон сууц, ялангуяа зуслангийн байшин түрээслэхдээ бичиг баримтыг шалгаж нягтлах, тухайн байр, байшингийн эзэмшигчтэй биечлэн уулзаж, очиж үзсэний дараа гэрээ байгуулж төлбөр мөнгөө шилжүүлж байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл