Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2253.61 төгрөгтэй тэнцүү байна. Өчигдрийн ханшаас 3 төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Гэхдээ ханш ерөнхийдөө хоёр мянга хоёр зуугаас давсан үзүүлэлт дээр тогтоод байгаа харагдаж байна.
Төв банкны зүгээс мэдээлэхдээ зургадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр ханш бидний тооцоолж байсан түвшинд ирсэн. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг дахиад хэлэхэд ханш сулрах нь өөрөө эдийн засагт муу зүйл биш. Өөрөөр хэлбэл, ханшийн зөөлөн хөдөлгөөнд зах зээлд оролцогчид бизнесээ зохицуулаад явдаг. Харин огцом хөдөлгөөн орохоор зах зээлд оролцогчдод зохицуулалт хийх боломж олгодоггүй. 2012 оноос хойш төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь хүчин зүйл нь сулруулах дарамтыг үүсгэж байгаа. Энэ дарамтын эсрэг бид явж болохгүй. Хэрэв үүний эсрэг явбал, нөөц дээрээ эрсдэлээ аваад, эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулаад, тэнцвэрээ хангаад аваад явах боломжийг нь хязгаарлана. Үр дүнд нь эдийн засаг огцом хэлбэлзэх эрсдэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр ханшийг макро суурь хүчин зүйлтэйгээ уялдуулаад аажмаар хөдөлгөх нь ирээдүйд учирч болох огцом хэлбэлзлийн эрсдэлийг хааж байгаа юм гэж буй.
Өчигдөр төв банк валютын дуудлага худалдаа явуулсан байгаа. Банкууд 2249.42-2257.30 төгрөгийн ханшаар 39.9 сая ам.доллар худалдан авах, 336.96-337.90 төгрөгийн ханшаар 77.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2256.30 төгрөгийн нэг ханшаар 8.0 сая ам.доллар, 337.71 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлсэн.
Своп, форвард арилжааны тухайд банкууд 8.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл