10 хувийг нь өгвөл ЖДҮ-ийн зээл бүтээж өгнө


10 хувийг нь өгвөл ЖДҮ-ийн зээл бүтээж өгнө

 

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас тэрбум, тэрбум төгрөгийн зээл авч, ашигласан дуулиан дэгдсэний дараагаас энэхүү зээлд тавигдах шаардлага нөхцөл ил тод болж, булхай луйврыг хаасан тухай албаныхан тодотгосоор ирсэн ч үйлдвэрлэгч өөр тайлбар хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан “Шинэ эдийн засаг-Бизнесийн орчин” уулзалтад оролцсон "Санжайн Хишиг" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Хангал энэ тухай хөндлөө.

Тэрбээр “Өнгөрсөн хавар болсон ЖДҮХС-гийн зээл дээр дахиад булхай явагдсан. Зээлээс хасагдсан хүмүүс рүү залгаад “10 хувь өгөх юм бол зээлийг нь гаргаад өгье” гэсэн.

Тийм учраас тус сангаас зээл авсан хүмүүс яаж авав, үнэхээр шаардлага нөхцлийг нь хангаад авсан байна уу, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг эргэн хянах шаардлагатай. Жинхэнэ үйлдвэрлэгч нарт очдог зээл маш ховор болсон” гэж мэдэгдсэн юм.

Энэ жил тус сангаас Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 36 тэрбум төгрөгийн зээл олгохоор баталсан. Ингэхдээ хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдэд дээрх зээл олгохоор зориулалтыг нь тодорхойлж өгсөн. ЖДҮХС-гаас үйлдвэрлэгч нарт олгодог зээлийн хүү нь 3-5 хувь. Бизнесийн зээлийн жилийн хүү 30 гаруй хувьтай байгаа. Тиймээс тус сангаас зээл авч чадвал жижиг, дунд бизнес эрхлэгч нарын хувьд маш том боломж. Гэвч эх үүсвэр нь бага байдгаас болдог уу, аль эсвэл өөр шалтгаан нөлөөлдөг үү, тендерт шалгарсан компаниас “шагнал” болгож 10 хувийг нь авдаг байсан “авлига” ЖДҮХС-ийн зээлд ч ийн халдварлажээ.

Энэ бол ердөө ганц жишээ. Үйлдвэрлэлээ өргөтгөөд ажлын байраа таван хүнээр ч болов нэмээдхэе гэж чардайж буй үйлдвэрлэгч нарт тулгарч буй бэрхшээлийн нэг гэж хэлэхэд бодит байдлаас зөрөхгүй.

Монголд өнөөдөр үйлдвэрлэл эрхэлхэд наад зах нь зээлийн хүү өндөр. Бага хүүтэй зээл хөөцөлдөхөөр хэн нэг албан тушаалтанд заавал авлига болгож заавал гар дээр нь мөнгө тавих шаардлагатай болно. Гарыг нь цайлгахгүй л бол ажил нь бүтэхгүй.

Зөвхөн хөнгөлөлттэй зээл авахад ч дээрх бэрхшээл тулгарч буй юм биш. Зөвшөөрөл хүсэхээс эхлээд хил гаалиар бараа бүтээгдэхүүнээ татах болоход дээрх асуудал тулгарч буйг бизнес эрхлэгчид сануулсаар байгаа. Дээр нь татвар, НДШ зэрэг том дарамтууд бий.

Төрөөс зарладаг тендер ч асуудалтай байгааг бизнес эрхлэгчид нуудаггүй. Төрөөс зарласан бүх л тендерийг авдаг хэдхэн компанитай болсон.

Барилга угсарна, барилга өргөтгөнө, компьютер нийлүүлнэ, цахилгааны монтаж хийнэ. Бүхнийг чаддаг супермэн гэж хэлсэн ч болохоор байгаа юм. Гэвч сайн судалбал авлигын хүчээр л бүх тендерт ялдаг байх магадлал бий.

Төрийн албанд бугшсан авлига хээл хахуультай тэмцэх зорилгоор 2021 онд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, мэдүүлснээр УИХ-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж ирсэн торгох ялыг хасч, хорих ялаар шийтгэхээр болж, чангаруулсан. Гэвч ялын бодлого чангараад ч нэмэр болсонгүй.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдахын өмнө Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр “Тендерээр дамжуулж авлига авч байгаа асуудлыг жилийн дараа гэхэд таслан зогсооно” гэх амлалтыг Эдийн засгийн форумд оролцохдоо мэдэгдсэн. Тиймээс хамтарсан Засаг тендер дагасан авлигаас гадна ЖДҮХС-гийн зээлд ч анхаарал хандуулж, 10 хувийнх нь өгөө авааг таслан зогсоох шаардлага үүсч буй.

Бизнес эрхлэгч нарт тулгарч байгаа авлигыг цэгцлэхгүй бол Монголд хөрөнгө оруулалт татахад ч хүндрэлтэй, мөн үйлдвэрлэл ч хөгжих боломжгүй хумигдсаар л байх юм. Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний байдлын индексээр 184 орноос 176-д нь Монгол Улс жагссан нь бизнес хийхэд асар хүнд болохыг тодотгосон нэг үзүүлэлт юм.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2740703/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.