Эдийн засагч Б.Лакшмитай эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг 2024 эхний есөн сарын байдлаар ямар төлөв байдалтай байна вэ?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байна. Энэ нь түүхий эдийн үнийн өсөлт болоод нүүрсний экспортын биет хэмжээ өссөнтэй холбоотой байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан төлөвтэй байгаа ч биет хэмжээ өссөн нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд эхний хагас жилд 16.4 их наяд төгрөгт хүрч, уул уурхайн салбар 13 хувиар өссөн байна. Энэ жилийн тухайп нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортын голлох бүтээгдэхүүн байж экспортын голлох бүтээгдэхүүн байх таамаглал дэвшүүлж байсан нь биеллээ оллоо. Сүүлийн сар орчим төмрийн хүдрийн үнэ буурч, эрэлт багассан ч сүүлийн хэд хоногийн үзүүлэлтийг харахад тогтворжсон үзүүлэлт ажиглагдаж байна. Мөн энэ жил хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар тодорхой хувь хэмжээгээр өссөн нь үйлчилгээний салбарын өсөлтөд нөлөөлсөн. Өнгөрсөн хавар зудын эрсдэл нүүрлэж, малын тоо толгой буурч эхний хагас жил 5.4 сая толгой мал хорогдсон ч зуншлага сайн байсан учраас малын тоо толгой тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байна.
-Хамтарсан Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол оруулж зарлагын хэмжээг 30.4 их наяд төгрөгт хүргэлээ. УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн зарлагыг 35.7 их наяд төгрөгт хүргэлээ. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?
-Хамтарсан Засгийн газар байгуулагдааад энэ оны эхэнд төсөөлж байсан хувь хэмжээнээс оны төгсгөлийн үр дүн илүү өсөх төлөв ажиглагдаж байгаа учраас төсвийг гурван их наяд төгрөгөөр тэллээ. Үүнд санаа зовоосон асуудал юу байна гэхээр үнэхээр оны төгсгөлд төсөв гурван их наядаар давах тооцоо гарсан бол энэ мөнгийг шууд зарцуулахаас илүүтэй хуримтлуулах боломж байсан. Учир нь сонгуулийн өмнө Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Тиймээс Баялгийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан болоод бусад сангуудад илүү хуримтлал бий болох юм байна гэсэн хүлээлт олон нийтэд байсан.
Гэтэл хуримтлал үүсгэх боломжийг хамтарсан Засгийн газар байгуулагдмагцаа үгүй хийчихлээ. Сонгуулийн өмнө улс төрийн намууд төсвийн үрэлгэн байдлыг бууруулж, тэлэхгүй байх бодлого баримтлах талаар амлаж байсан ч амлалтаасаа эсрэг үйлдэл хийлээ.
Түүнчлэн төсвийг он дуусахаас гурван сарын өмнө, ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэхээс сарын өмнө гурван их наяд төгрөгөөр тодотгосон нь юунд, хэдэн төгрөг зарцуулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн мега төслүүдийн ТЭЗҮ-г хийхэд нэлээд мөнгө зарцуулахаар тусгасан байгаа нь анхаарал татаж байна.
-Төсөв тогтмол тэлж байна. Монгол Улсын олох орлого сайн байх төлөв байдал үнэхээр ажиглагдсан учраас Засгийн газраас ийм тооцоолол оруулж ирээд байна уу. Эсвэл…?
-Ирэх онд уул уурхай энэ оны төгсгөл үеийнхтэй ижил хэмжээнд эдийн засаг өснө гэж өөдрөг төсөөлж болохгүй. Тухайлбал, ирэх онд бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бүсчилсэн хөгжлийг татварын бодлогоор дэмжих, төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж, үр ашгийг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих, орон сууцжуулах хөтөлбөр гэх мэт ерөнхий зүйлс тусгасан ч нарийвчлаад үзвэл яг юу хийж хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл ирэх онд ч төвлөрүүлсэн орлогоо бүгдийг нь зарцуулж дуусахаас гадна 1.9 их наяд төгрөгийн өр хуримтлуулахаар байна. Уул уурхайн мөчлөгийг аваад үзвэл ирэх онуудад буурах төлөвтэй байгаа талаарх прогноз бий.
Сүүлийн 3-4 жил Монгол Улсын хувьд уул уурхайн таатай мөчлөгтэй байсан. Тийм учраас эдийн засгийн өсөлт, уналтын хуулийг санаж эдийн засаг өссөн үед хуримтлал үүсгэх байдлаар төсвөө төлөвлөх нь зүйтэй.
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас шууд хамааралтай. Тус улсын эдийн засгийг энэ оны төгсөлд тодорхой хувиар буурна гэх төсөөлөл байсан хэдий ч ОУВС-аас 0.5 хувиар өсөх прогноз танилцуулсан. Өөрөөр хэлбэл, оны төсгөлд нийлбэр дүнгээрээ 4.5 хувьд хүрч өснө гэх тооцоолол гаргасан. Энэ нь хэдэн жилийн өмнөх үетэй харьцуулахад тийм ч өндөр өсөлт хэдий биш боловч цар тахал, худалдааны дайн, геополитикийн нөхцөл байдлаас үүссэн нөхцөл байдлаас үүдэн эдийн засгийн өсөлт нь саарсан. БНХАУ-ын хувьд дан ганц дотоодын хэрэглээгээ хангахаас гадна дэлхийн улс орныг хэрэглээг хангадаг үйлдвэрлэгч орон учраас БНХАУ-ын эдийн засгийн саармагжилт Европын холбоо болон бусад орнуудын эдийн засагт тодорхой хувиар нөлөө үзүүлнэ. Түүнчлэн АНУ болон БНХАУ-ын харилцааны асуудал олны анхаарлын төвд байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн зарим талаараа нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэв БНХАУ-ын брааа бүтээгдэхүүнд АНУ-аас хориг тавигдвал эдийн засаг нь саармагжиж, энэ сааралт Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, дэлхийн түүхий эдийн үнэд шууд нөлөө үзүүлнэ.
-Нэг талаас төсөв тэлэх нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан гэж дүгнэж болохоор. Тэгвэл улс орны хэмжээндд ажилгүйдэл, ядуурал бодитой буурах нь төсвийн зарцуулалтын үр дүн гэж харж болно. Төсвийн зарцуулалтын үр дүнг хянах тогтолцоо сул байна уу?
-Төсвийн хэт их тэлэлт нь эдийн засаг, иргэдийн амьдралд нөлөөл үзүүлсээр ирсэн. Угтаа улс орны удирдагчид эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого явуулах учиртай ч дандаа мөчлөг дагасан бодлого явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл эдийн засаг сайн байх үед нь хуримтлуулж, эдийн засгийн өсөлт хүндэрсэн үед нь хуримтлалаа эдийн засгийн хөгжлөө дэмжсэн бодлогоор дэмжих ёстой. Харамсалтай нь олон жилийн турш төсөв сайн байсан ч, муу байсан ч төсвөө тогтмол төсвөө тэлэхээс гадна алдагдалтай төсөв баталж ирлээ. Энэ нь эдийн засагт хэрэглээг өдөөж, инфляцийг хөөрөгдөх сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол Улс дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын хүндрэлтэй үеийг харьцангуй хохирол багатай даван туулсан. Гэвч тэр үед тохиолдож байсан нийгэм, эдийн засгийн хүндэрлүүдээсээ огтхон ч сургамж аваагүй байна. Ямар нэгэн байдлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ороход түүнийг даван туулах боломжтой гэсэн байдлаар хандаж, төсвөө тэлж, олсон орлогын хэмжээнээсээ зарлагаа давуулан баталж алдагдал хүлээж байна.
Айл өрхөөр жишээ авахад олсон орлогоосоо тогтмол зарлагаа давуулж, дээр нь өр зээл тавиад явбал юу болох вэ. Энэ мэтчилэн урт хугацаандаа эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их байна.
-Төсөв тэлэх нь цагуураа хувийн хэвшлийн оролцоог улам бүр хумих эрсдэл дагуулах вий гэсэн болгоомжлол бий. Тухайлбал, хамтарсан Засгийн газар томоохон 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн салбарт ямар нөлөө үзүүлэх бол?
-Засгийн газраас бизнесийн салбаруудад томоохон реформ хийж тодорхой хэмжээнд хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, төсвийн зарцуулалтыг аваад үзэхээр 14 мега төсөлд хөрөнгө оруулалт хийж, хэрэгжүүлэх асуудлыг тусгасан. Тиймээс төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалтуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн бүхий л салбарт хүний нөөцийн дутагдалд орж хөрөнгө оруулалт хийхийг хүссэн ч холбогдох хүний нөөц нь байдаггүй учраас хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байгаа тохиолдол ч бий. Тиймээс асуудлыг цогцоор нь харж реформын шинжтэй бодлогууд хэрэгжүүүлэхгүй бол төсөв дээр хичнээн их мөнгө, хөрөнгө тавиад ч үр дүнгүй болох эрсдэл харагдаж байна. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Монгол Улсын урдаа барьдаг эдийн засагчид, эрдэмтэн, судлаачид бий.
Тус зөвлөлөөс олон чухал асуудал хөндсөн зөвлөмжүүдийг Засгийн газар, УИХ-д өгсөн байсан. Харамсалтай нь тэднээс өгч буй зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, тусгах механизм нь сул байгаа нь ажиглагдаж байна.
Засгийн газраас хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага Монгол Улсад бий. Улс орныхоо эдийн засаг, дэд бүтцэд зайлшгүй шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд дээрээ улстөржихгүй байх нь маш чухал. Мега төсөл гэдэг бол өнөөдөр эхлүүлээд маргааш үр дүн гарах ажил биш. Тийм учраас ямар нэгэн сонгуулийн мөчлөг, Засгийн газрын өөрчлөлт зэргээс үл хамаарч урагшлуулдаг, дуусгадаг, үр дүнг нь нийтээрээ хүртдэг тогтолцоотой, соёлтой болох нь зүйтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр алхам урагшилж байсан төсөл, хөтөлбөрүүдийг өөр нэг нь гарч ирээд өөрчлөлт, шинэчлэл нэрийн дор нэг алхам ухраах асуудал байсан. Тийм учраас улсаараа нэг байрандаа хий эргээд цаг хугацаагаар хохирч үлдсэн учраас өнөөдрийн нийгмийг бий болгосон.
Тухайлбал, 2010 онд Цахилгааны V станц барихаар зарласан ч өнгөрсөн 14 хугацаанд урагшуулж чадсангүй. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж, ногоон эдийн засаг руу шилжиж байна.
Тухайн үед ганцхан Монгол Улсад нүүрсний цахилгаан станц барих эрхийг олон улсын байгууллагууд зөвшөөрч санхүүжүүлэх асуудлыг хөндөж байсан. Гэтэл өнөөдөр ч энэ асуудлыг яриад сууж байгаа нь эмгэнэл. Тиймээс хурдтай, тогтвортой байх асуудлыг ойлгох нь чухал. Улстөржүүлдэг сэдэв, улстөржүүлдэггүй сэдэв гэж жагсаалт гаргах нь бараг дээр юм шиг санагддаг. Үнэндээ улс орныхоо хөгжлийн асуудлаар улстөржиж болохгүй гэдгийг улстөрчид хамгийн сайн мэддэг ч иргэдээс оноо авах хамгийн бохир аргыг тэд хэрэглэсээр, үр дүнд нь улс орон, иргэд нь хохирч, улстөрчид дахин дахин төрд сонгогдож хожиж байна.
https://news.mn/r/2750791/
Сэтгэгдэл