Байгалиа хамгаалъя- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс иргэн та урьдчилан сэргийлж чадна


Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 оноос “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд салбар дундын уялдааг хангаж, төрийн байгууллагууд идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран “Байгалиа хамгаалъя” нөлөөллийн аяныг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 15-ны хооронд идэвхтэй зохион байгуулж байна.

Энэ хүрээнд шүүхүүдийн тамгын газруудад хийгдэж буй нөлөөллийн ажлууд, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хиймэл оюун ухааны хөгжлийн дэвшлийг ашиглан хийсэн контент бүтээгдэхүүнүүдийг цувралаар хүргэж байна. Иргэдийг хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас үүдэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг хийж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхийг зорьж буй.

Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Энэчлэн ямар үйлдэл байгаль эх, дэлхийн унаган байдлын эсрэг болж, дагалдах хор уршиг авч ирэх вэ гэдэг тухайд олон нийт болоод шүүхээр үйлчлүүлж буй  иргэдийг мэдээллээр хангахад шүүхийн захиргааны байгуулагуудаас анхаарч байна. Видео ухуулга сурталчилгаа, зурган хуудас, эрхзүйн баримт бичгийн холбогдох заалтуудыг нэгтгэн дэлгэрэнгүй танилцуулах зэргээр соён гэгээрүүлэх шат дараатай ажлыг явуулж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Энэ удаа Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан хийсэн зурагт хуудас, видео шторкыг хүргэж байна.

 

 

Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.