Улсын хэмжээнд бага насны хүүхдүүд товчин зай залгих тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдээд байна. Тодруулбал, 2024 оны эхний улирлын байдлаар товчин зай, соронз, ээмэг зэрэг гадны биет залгисан 55 тохиолдол эмнэлгийн байгууллагад бүртгэгджээ. Товчин зай нь алсын удирдлага, тооны машин, машины түлхүүр, тоглоом, цаг, ярианы ном, дуутай мэндчилгээ зэрэг олон төрлийн эд зүйлсэд байдаг. Тухайлбал товчин зай нь хүний биед ороод нэг цагийн дотор улаан хоолой, ходоодны салстыг түлэх эрсдэлтэй тул цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Бага насны хүүхдийг товчин зай залгихаас сэргийлэх зөвлөмж
- Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх
- Тоглоомын зайны аюулгүй байдлыг хангаж, скочоор битүүмжлэх
- Товчин зай агуулсан зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
- Товчин зай болон тэдгээрийг агуулсан зүйлсийг (сав, баглаа, боодолд хийх) аюулгүй устгах
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх
- Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх.
Сэтгэгдэл