Зүрхний өвчтэй хүүхдүүдээ гадаадынхнаар эмчлүүлсээр л байх уу


Зүрхний өвчтэй хүүхдүүдээ гадаадынхнаар эмчлүүлсээр л байх уу

 

Манай улс одоо болтол зүрхний хүнд өвтэй хүүхдүүдээ га­даадынхныг царайчилж эмч­лүүл­­сээр буй. Ялунгуяа зүрхний тө­рөл­­хийн хүнд хэлбэрийн, хавсарсан га­жиг­тай хүүхдүүдийг нэг бол га­даа­­дад, эсвэл олон улсын эмч нарыг гуйж дотооддоо мэс засал хийлгэж байна. Жил бүр л цөөнгүй орны эмч Ул­­сын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) бо­лон ЭХЭМҮТ-д ирж, дээрх оноштой нял­хаст хагалгаа, эмчилгээ хийгээд буц­даг. Тэр бүрд олон нийт “Мон­­голчууд одоо болтол зүрхний өвч­­тэй хүүхдүүдээ эмчилж чаддаг­гүй юм уу, эсвэл төрөлхийн гажиг тэгт­лээ нэмэгдээд байгаа хэрэг үү” гэж гай­хаж хоцордог. Тэгвэл сүүлийн 10 жилд манайд зүрхний төрөлхийн га­жгийн мэс засал 8.5, хүнд хэлбэрийн га­жиг зургаа, хөнгөн хэлбэрийнх нь 3.7 да­хин нэмэгдсэнийг УГТЭ-ийнхэн хэл­сэн. Тус эмнэлгийнхэн улсын хэмжээнд энэ төрлийн өвчний оношилгоо, эм­чил­гээг дангаараа хийдэг бөгөөд одоо­­гоор хүүхдийн төрөлхийн зүрхний эмгэ­­­­гийн 60 орчим хувийг эх орондоо эм­­­­чилж байгаа аж.

2012 онд хийсэн “Зонхилон тохиолдож буй зүрх­ний төрөлхийн гажгийн хөдлөл зүй, чиг ханд­лага ба зарим эрсдэлт хүчин зүйл” су­дал­гаанд төрөлхийн хөгжлийн гажиг, түүний шалт­гаант нас баралтыг сүүлийн 10 жилийн үзүү­лэл­тээр харьцуулсан байв. Тухайн үед буюу 1998 онд зүрхний төрөлхийн гажгийн шалтгаант нас баралт 30 бүртгэгддэг байсан бол 2003 онд 78-д хүрч, 2008 онд 125 гэхчлэн өсжээ. Зүрхний эм­гэг, гажгийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн эм­чилгээний үр дүн 10 хүрэхгүй хувьтай байж. Тэг­вэл 2018 онд Улаанбаатарт болсон зүрх, су­дас­ны үндэсний их хурлын үеэр хүн амын зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас ба­рал­тыг “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д 10 мянган хүн тутамд 14 болтол бууруулах зо­рилт тавьсныг дурджээ. Мөн 2030 он гэхэд зүрх, судасны мэс заслын тоо 2018 оныхоос 72.4 ху­виар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвөөс гаргасныг та­­нил­цуулсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд зүрх, судасны өвчин тасралтгүй өсөж, нөх­цөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй аж.
Хүүхдийн зүрхний өвчлөл сүүлийн жилүүдэд нэ­мэгдэх болсонд өнөөх л агаарын бохирдол, цааш­лаад эцэг, эхийн удамшлын эмгэг, амьд­ра­лын хэв маяг голлон нөлөөлж буйг эмч нар хэлнэ лээ. Гэхдээ эдгээр нь нөлөөлөх хүчин зүйл бо­ловч зүрхний гажгийн шалтгаан олон улсад өнөө хэр тодорхойгүй хэвээр. Саяхан буюу өн­гөрсөн сард БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг Монголд ээлжит удаагаа ирж, УГТЭ-ийн эмч нарыг ажлын байранд нь сургалтад хам­руулж, зүрхний төрөлхийн хавсарсан, хүнд гажиг­тай хүүхдүүдэд мэс заслын тусламж, үйл­­чил­гээг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ үеэр Ким Вүүн Хан профессор “Мон­гол Улсад зүрх, судасны өвчлөл хурдацтай нэ­мэг­дэн, хүн амынх нь нас баралтын тэргүүн шалт­гаан болж буй гэсэн судалгаа цөөнгүй хийсэн байдаг. Эмч, мэргэжилтнүүдийг хэч­нээн сургаж, хөгжүүлсэн ч энэ салбарын хө­рөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэхгүйгээр, тоног тө­хөө­рөм­жийн хангамжийг сайжруулахгүйгээр мэс зас­лын тусламж, үйлчилгээнд ахиц дэвшил га­рах­гүй. Тиймээс зүрхний төрөлхийн гажгийг до­тоод­доо бүрэн эмчлэхэд төрийн оролцоо их чухал. Тэр дундаа Монголын хувьд зүрх, судас­ны мэргэшсэн эмнэлэгтэй болох, улмаар эрт ил­рүүлгийн тогтолцоог сайжруулах нэн шаард­ла­га­тай” гэж ярьсан юм.
УГТЭ нь хүүхдийн зүрхний төрөлхийн гаж­гийн мэс заслыг эх орондоо бүрэн нутагтшуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайж­руулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сур­гаж чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын Сөү­лийн үндэсний их сургуулийн эмнэлэг, JW LEE да­яарш­лын анагаах ухааны төвтэй 2013 онд хамт­ран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд Сөүлийн үн­дэс­ний их сургуулийн эмнэлгийнхэнтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж буй гэсэн үг. Мөн АНУ, Люксембургийн Их Гүнт Улсын эм­нэл­гүүдтэй ч зүрх, судасны эмчилгээ, оношил­гооны чиглэлээр сүүлийн 20 гаруй жи­лийн турш хамтран ажиллаж, цөөнгүй төсөл, хөтөл­ бөр хэ­рэгжүүлж ирсэн. Үндсэндээ УГТЭ-ийн­хэн 15 ул­сын 36 их сургууль, тэдгээрийн түшиц эм­нэ­лэг­­тэй байнга хамтран ажилладаг юм байна. Харамсалтай нь, төсөв мөнгөний гачигдал, то­ног төхөөрөмжийн дутагдлаас болоод зүрх, су­дас­ны хүнд хэлбэрийн өвчнүүдийг эмчилж ча­дах­гүй байгаагаа учирласан. Өнгөрсөн оны ес­дүгээр сард 70 жилийн ойгоо тэмдэглэсэн эм­нэлгийн бодит нөхцөл байдал нэг иймэрхүү л байна.
Дэлхийн хэмжээнд зүрхний төрөлхийн га­жиг нь нийт амьд төрөлтийн нэг хувийг эзэл­дэг. Энэ нь аутизмын хүрээний эмгэгтэй ижил түвшний тархалттай байгааг илтгэнэ гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ. Харин ма­найд зүрхний төрөлхийн эмгэг 100 төрөлт ту­тамд нэг тохиолдож буй нь олон улсынхтай харь­цуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Тод­руулбал, Монголд жилд дунджаар 400-500 хүү­хэд төрөлхийн зүрхний ямар нэгэн эмгэг­тэй төрж, энэ нь нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болсоор байна. Хүүхдийн зүрх­ний өвчнийг эрт илрүүлж, цаг алдалгүй зо­хих эмчилгээг хийснээр бүрэн эдгээх боломж­той ч олон улсад ч мэс заслын өртөг өндөр байд­гаас цөөнгүй гэр бүл эмчилгээний зардлыг хү­чир­дэггүй аж. 
Зүрхний төрөлхийн гажгийн хүнд хэлбэрийн эм­чилгээний өртөг нь улс орон, эмнэлгийн чадавх, мэргэжилтнүүдийн ур чадвар, нарийн тө­вөг­тэй байдал, эмчилгээний аргаас хамаараад х­а­рилцан адилгүй. Жишээлбэл, зүрхний хэм алдагдлын үеийн бичил пейсмейкер суулгах эмчилгээг олон улсад 100-150 сая төгрөгөөр хийж байна. Тэгвэл АНУ-д зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын өртөг төрлөөсөө хамаараад 20 000-100 000 ам.доллар. Харин манайд зүрх, су­дасны эмчилгээ, оношилгоо, мэс заслын зар­дал харьцангуй хямд. Зүрхний болон гол су­дас­ны төрөлхийн гажгийн эмчилгээг гэхэд л Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь сан­хүүжүүлдэг болсон. Гэсэн ч дээр хэлсэнчлэн на­рийн мэргэжлийн тоног төхөөрөмж, тех­нологи дутмагаас зүрхний хүнд хэлбэрийн, хавсарсан эмгэгтэй хүүхдийн эцэг, эх өдгөө аргагүй эр­хэд олон нийтээс хандив, тусламж гуйж, эм­чил­гээний зардал цуглуулахаас өөр аргагүй нөх­­цөлд орсоор байгаа юм.
Манайд зүрхний гажигтай төрж буй хүүх­дүүдийн 30-40 хувьд нь нарийн технологи бү­хий мэс заслын эмчилгээ шаардлагатай бай­гааг УГТЭ-ийн эмч нар хэлсэн. Ерөнхийдөө зүрх­ний хэчнээн гажиг хавсарч буйгаас ха­маарч эмчилгээ, хагалгааны заалт нь өөр. За­рим хүүхдийг төрсөн даруйд нь хагалгаанд яарал­тай оруулах шаардлагатай бол хөнгөн хэл­бэрийн эмгэгийн үед ажиглах заалттай гэх­ч­лэн эмчилгээ нь харилцан адилгүй аж. Ту­хайн хүүхэд жирэмсний ямар хугацаанд зүрх нь гэмтсэнээс шалтгаалаад эмгэг нь ч хүнд, хөнгөн янз бүр илэрдэг. Жирэмсний 22 долоо хоногтойгоос эхлэн ургийн зүрхний өвчнийг илрүүлэх бүрэн боломжтой учраас эл хугацаанд хяналтыг сайн хийх хэрэгтэй. Хэт авиан шинжилгээгээр оношлогдоогүй болон зохих хугацаанд шинжлүүлээгүй бол төрсний дараа үндсэн хоёр шинж тэмдгээр нярайн зүрхний өвчнийг “барьж авдаг” гэсэн. Эхнийх нь зүрхний хэм алдагдах, удаах нь хүүхэд хүчтэй хөдөлгөөн хийх төдийд амьсгаадах, уйлах, нүд, уруул ам, ху­рууны үзүүрүүд хөхрөх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдээ на­рийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжлүүлэх нь зүйтэй.   
Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад ту­хайл­бал, далайн түвшнээс дээш өргөгдсөн газарт зүрх­ний гажигтай хүүхэд төрөх магадлал их байд­гийг УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний тө­вийн дарга, хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий хэлсэн юм. Мөн агаарын бохирдол, нийг­мийн стресс, жирэмсний үед янз бүрийн эм, тариа хэрэглэх зэрэг нь ч үүнд нөлөөлдөг гэлээ. Гажиг нь хэмжээ, өвчний зэргээс хамаарч тухайн хүнд илрэх зовуурь, бусад эд, эрхтнийг гэмтээх, хүндрэл өгөх нь ч өөр юм байна. Жижиг хэмжээний цоорхой зүрхэнд ачаалал өгдөггүй, мэдэгдэхгүйгээр аяндаа аних тохиолдол ч бий аж. Гэхдээ жижиг хэмжээтэй зүрхний цоорхой  цус харвалтын шалтгаан ч бас болох эрсдэлтэй.
УГТЭ-ийн “нөгөө талд” хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан 2020 оноос эх­лэн үндэсний хэмжээнд “Зүрх мартахгүй” төс­лийг хэрэгжүүлж, олон нийтийн хандив, дэмж­лэгээр хүүхдийн төрөлхийн хөнгөн хэл­бэрийн эмгэгүүдийг үнэ төлбөргүй эмчилж ирсэн. Улсын урдаа барьдаг ганц эмнэлгийнх нь тоног төхөөрөмжийн чадавх, хувийн хэвшлийнхэн гуйлга гуйж өвчтэй хүүхдүүдийг энэрч асарч байгаа зэрэг нь үнэндээ ядсан, хоног хугацаа хожсон л арга болохоос шийдэл биш гэдгийг эмч, судлаачид ч хэлдэг. Харамсалтай нь, энэ хөөрхийлөлтэй байдлыг төр засаг, салбарын яам мэдсээр байж олон жил амаа үдүүлсэн мэт дуугүй явав. Харин өнгөрсөн оны сүүлчээс Монголд эмчлэх боломжгүй өвч­ний жагсаалтаас зүрхний төрөлхийн гаж­гийн хүнд хэлбэрийн эмгэгийг хасах зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургаж, шаардлагатай то­ног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлсэн хэ­мээн ЭМЯ мэдэгдээд буй. Гэхдээ Ким Вүүн Хан профессорын хэлсэнчлэн эмч, мэр­гэ­жилт­нүү­­дээ манайх сүүлийн 30 орчим жил л сургаж буй юм билээ. Шаардлагатай төсвийг хуваарилж, сүү­­лийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хан­­гах­гүй л бол бид дараагийн 10 жилд ч гадаа­дынх­ныг ца­рай­чилсаар сууж ч мэдэх юм.

 

https://www.unuudur.mn/a/273165


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.