Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтарч бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулж байгаа. Энэ ажлын хүрээнд 33 бөхийг допингийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. Явцын шинжилгээний үеэр МОНАДА-ын ажилтнууд “Хан хэнтийн аварга дэвжээ”-нд ажиллаж улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, сумын заан Д.Отгонбаяр нараас допингийн шинжилгээ авсан юм.
Яг энэ үеэр допингийн зөрчлийн улмаас барилдах эрхээ хасуулаад буй улсын арслан Э.Оюунболд зодгоо өмсөж үндэсний бөхийн бэлтгэл хийж байсан нь МОНАДА-ийн ажилтнуудын анхаарлыг татсан байна. Учир нь Допингийн эсрэг үндэсний дүрэмд зааснаар бол допингийн зөрчил гаргаж, эрхээ хасуулсан тамирчин тухайн цаг хугацаандаа спортын тэмцээнд оролцох, спортын хэрэглэлтэй бэлтгэл хийхийг бүрэн хориглодог. Улсын арслан Э.Оюунболын тухайд зодог шуудагтайгаар үндэсний бөхийн бэлтгэл хийж, шаардлага тавьсан алба хаагчийн өөдөөс зүй бус авир гаргасан нь түүний шийтгэлийн хугацааг сунгах үндэслэл болсон талаар эх сурвалж онцолж байгаа юм.
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нь ирэх тавдугаар сард сэргэх байсан ч дээрх зөрчилтэй холбоотойгоор шийтгэлийн хугацааг нь сунгах бололтой.
О.Баяр
https://tsahiur.mn/n/s/22752
Сэтгэгдэл