"Дүнжингарав"-ын ослын хэрэгт яллагдагчаар татагдсан "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ.
“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцоод байсан юм. Тус хэргийг шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, таван иргэнд хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод байгаа юм.
Дээрх хоёр хүнд
- Эрүүгийн хуулийн 10.6-2 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёроос дээш хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”,
- 11.3-2-ын болгоомжгүйгээр хоёроос дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
- 11.5-1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.
Сэтгэгдэл