Мэргэжлийн тодотголтой засгийн газрын нэр сүрийг хойш нь чангаасан сайд нарын нэгээр Эрчим хүчний сайд П.Ганхүү тодорч байгаа бололтой. Уг нь тэрбээр салбарынхаа хувьд харьцангуй туршлагатай нэгэн. Гэсэн ч туршлагаа буруу зүйл дээр ашигласан бололтой. Яасан гэхээр эрхэм сайд маань яамныхаа шууд харьяалалд байдаг Дулааны 3 дугаар цахилгаан станцад өөрийн баз хүргэнээ ээлжийн инженерээр томилсон нь тус станцын ажилчдын бухимдлыг төрүүлээд байгаа аж. Тус станцын ажилчдын хэлж байгаагаар бол ээлжийн инженер гэдэг албан тушаалд хэн дуртай нь суудаггүй гэнэ, ёстой л салбарынхаа эд эс бүрийг мэддэг болчихсон, салбартаа бүр эхний шатны ажлыг нь хийж өсч дэвжиж туршлагажсан хүмүүсийн хашдаг ажил аж. Гэтэл салбарын сайд П.Ганхүү үүнийг мэдсээр байж, сайдынхаа эрх сүрээр далайлган баз хүргэнээ авчирлаа гэх бор шувуу тус станцын зүгээс гадагшлаад байна.
Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилгүй гэгдэн сайд болсон П.Ганхүү уг асуудалдаа тайлбар хийх хэрэгтэй болов уу. Төрийн албыг төрлийн алба болголоо гэх шүүмж түүнд ч бас хамаатай болж таарах нь ээ.
Эргэн сануулахад, МАН засгаа байгуулах гэж байх үед Эрчим хүчний сайдад нэр дэвшигчид баахан асуудал үүсгэж л байсан.Ц.Цэнгэлийг нэр дэвшүүлсэн ч АТГ хүлээж аваагүй.Т.Энхтайваныг нэр дэвшүүлэхээр болтол АТГ-аас Т.Энхтайваныг мөн л ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн. Тэгээд П.Ганхүү зөрчилгүй гэгдэж сайд болж байв.
Гэтэл сайдын сандал дээр суусан хойноо зөрчил гаргаад унавал ямар хэрэг байх билээ.
Энэ дашрамд, П.Ганхүүгийн танилцуулгыг хүргэе.
1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй нэгэн. Өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байсан байдаг.
Уг нь намтар нь гялалзах тэрбээр дэмий л юманд орооцолдох шиг боллоо.
У.Сайхан
Эх сурвалж: Bolod.mn
Сэтгэгдэл