АПУ” компанийн захирал Ц.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Бизнесийнхэн, сэтгүүлчид гээд бүх зүйлийнараас эрэлхийлж, шинжилж явдаг тул өлөннүдтэй гэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ерөөсөө бизнесмэн, үйлдвэрлэгч, сэтгүүлч хүн заавал шинийг эрэлхийлж байж тасралтгүй сайжирч, тухайн зах зээл дээрээ удаан оршин тогтнох үндэс болдог. Компанийн удирдлага ч адил, манлайд явахгүй бол тэр компани олон жилийн насгүй. Тиймээс би хаана ч явсан шинэ юм хараад л, яг тагнуулч шиг явдаг. Нөгөө талдаа үйлдвэрт ажиллаж байгаа хүний онцлог хязгаарлагдмал орчинд хязгааргүй сэтгэх асуудал чухал.
Хэн ч, юу ч амныхаа хэрээр ярьж, сэтгэж болно. Гэхдээ өнөөдрийн бидний үйлдвэрийн орчин, тоног төхөөрөмж, технологи хязгаартай учраас тэр төвшиндөө хязгааргүй сэтгэхийг шаарддаг. Хамгийн бага өртөгтэйгөөр хамгийн боломжит хувилбарыг яаж гаргах вэ гэж санаа, бодлоо уралдуулдаг.
-Та өмнө нь "Говь”, "Эрдэнэт хивс” компанийг удирдаж явсан, үйлдвэрийн хүн. Бизнесийн зам таны өмнөхэзээ дурайсан юм бол?
-1990-ээд оны эхэнд хүмүүс учиргүй том зорилго, зорилт тавиад тав, арван жилээр төлөвлөдөггүй байсан цаг үе. Тэр үед Киевт оюутан байлаа. Тэр үеэс бизнес хийж эхэлсэн. Төгссөний дараа хоёр сонголттой тулгарсан. Нэгдүгээрт, хувийнхаа бизнесээр явах, эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ илүү том үйлдвэрт ажиллах боломж гарч ирсэн. Би тэгээд үйлдвэр дагасан. Ингэснээр би буруудсан гэж огт боддоггүй. Тэр үед миний үеийн залуус хувийн бизнес хөөгөөд, гадагшаа явдаг нь явж, нэг ёсондоо үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин цөөхөн байсан. Тэр үүднээс карьерээ хөгжүүлэх амархан байсан байж магадгүй. Гэхдээ үйлдвэр ажилчин хүний зовлон, нэг төгрөгийн үнэ цэнийг хамгийн ихээр мэдрүүлдэг учраас надад хамгийн аз жаргалтай талбар байсан.
-АПУ компанийг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Таныг компанийн засаглалыг хөгжүүлэхэд түлхүүанхаарч ирсэн гэлцдэг юм билээ. Тэр бодлого үр дүнгээ өгсөн үү?
-Нэг компани, улс орон оршин тогтнох гол үндэс нь сайн засаглал, сайн аавтай байх асуудал. Миний хувьд 2007 онд АПУ компанид ирэхдээ хувь нийлүүлэгч, удирдах зөвлөлтэйгөө нэг зүйл дээр тохирсон. Ерөөсөө хэдүүлээ тунгалаг засаглалыг бий болгоё гэж. Гүйцэтгэх захирлын эрх мэдэлд ТУЗ ордоггүй, ТУЗ нь бизнес төлөвлөгөө, хяналтын механизмаа хэрэгжүүлдэг байя гэсэн үндсэн тохиролцоо байсан. Энэ нь манай 4000 гаруй хувь нийлүүлэгчийн эрх ашигт нийцсэн гэж боддог. Өнгөрсөн хугацаанд нэг хүнээс хамарсан тогтолцоог байхгүй болгохыг хичээж байна. Ялангуяа залуус, дунд үеийнхэн ажиллаж байна. Бүгдээрээ нэг зорилгын төлөө харж байж хөгжинө гэсэн шударга журмууд тогтсон. Үйлдвэрийн дарга, мастер, удирдлага бүх хүн өөр, өөрийн гэсэн эрх мэдлийн хүрээнд ажилладаг. Хариуцлагатай тогтолцоо бий болсон. Ер нь компанийн сайн засаглалд хувь хүний хөгжлийн асуудал яах аргагүй чухал. Бид 90 жилийн ойн босгон дээр компанийнхаа зорилго, чиг хандлагыг өөрчилсөн. Шинэ өнгө төрхийг төгс, төгөлдөр, тунгалаг гэж тодорхойлсон. Энэ нь нээлттэй байх зарчим. Бид өнгөрсөн үедээ бүтээгдэхүүнээ дээдэлж, боол нь болж ирсэн бол одоо бол хувь хүнийг хөгжүүлж байж баялаг бий болгоно. Тэгж байж хувь нийлүүлэгчид ашиг хүртдэг байх зарчмыг хатуу барих болсон. Энэ бодлого ажилчид, хувь нийлүүлэгч, нийгэмд хэрэгтэй бодлого. Тиймээс хувь хүний хөгжлийн тухайд ажилчдынхаа сэтгэлгээний өөрчлөлтөд нэлээд анхаарч байгаа. Ялангуяа хувь хүний хөгжил, сонирхол дээр нь үндэслэж ажилтнуудаа удирдах тогтолцоог бий болгосон. Манай ажилчдын дунд сонирхлын 10 клуб ажиллаж байгаа. Дугуй, хоол, дуу гэх мэт манай 1000 гаруй ажилтан ямар нэгэн байдлаар өөрийнхөө цаг завыг зөв өнгөрүүлэх болсон.
-Компанийн үүдэнд 10 орчим ундага дугуй байхыг харсан. Тийм учиртай байжээ. Гэхдээ 1000 гаруйажилтанд үйлдвэрийн орчинд чөлөөт цаг гарах уу?
-Хямрал болчихлоо гээд өдөр, шөнөгүй ажиллах биш. Хуулиараа өдрийн найман цаг идэвхтэй ажлын цаг шүү дээ. Үлдсэн хугацаа байна. Нөгөө талаар хувь хүний хөгжилд зориулаад компаниас тодорхой цагийг гаргаж өгсөн. Энэ бол учиргүй дугуй унуулаад, бүжиглүүлээд байх биш. Компанийн бодлогыг ажилчдадаа зөв ойлгуулж, ирээдүйн үр дүнг хүртэхийн тулд бүх талаар дэмжин ажиллаж байгаа явдал.
-Танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шингэн хүнсний зах зээл дээр нэлээд хүчтэй ажиллаж байгаа. Хамгийн сүүлд сүүний хөрөнгө оруулалтыг томоохон хэмжээнд хийсэн. Энэ сардаа багтааж хоёр шинэ шугам тавьж байгаа.
-Архинаас үүдэлтэй сөрөг хандлага нийгэмд дийлэнх байдаг. Угаасаа ч эвлэрэхээргүй үр дагаврыг архидагуулдаг. Харин та энэ бизнесийг удирдаж байна. Бизнесийн хэллэгээр бол энэ хоёр балансыгтохируулах явдал хүндрэлтэй байдаг уу?
-Нийгэмд хамгийн ихээр тоглож, шоглож болох сэдэв нь архи. Үе үеийн, зуун зууны улстөрчид үүн рүү хандаж улс төрийнхөө алхмыг хийсэн байдаг. Популизм гээд яриад байгаа нь бас үүгээр дамжсан байдаг. Тэгэхээр эсрэг яриад байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Архи нийгэмд сөрөг нөлөөтэй. Эерэг нөлөө ч бий. Өнөөдөр залуус согтууруулах ундааг ихээр хэрэглэж, согтуугаар жолоо барьж байна гэдэг нь бидний сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал мөн. Үндсэн шалтгаан нь нийгэм дэндүү их ядуурч, ажилгүйдэлд нэрвэгдэж байгаатай холбоотой. Тиймээс бид тэр тал руугаа харж ажиллавал илүү өгөөжтэй байх болов уу. Яахав, өнөөгийн төвшинд харахад үүнийг ойлгож байгаа хүмүүс ч байгаа, ойлгохгүй нэгэн ч байна. Гэхдээ үеийн үед энэ бүтээгдэхүүн байсан, ирээдүйд байх л болно. Гагцхүү үүнд төрийн зөв бодлого, зохицуулалт хэрэгтэй.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон цалин, тэтгэвэр нэмэхийг шаардаж саяхан жагслаа. Улсорон эдийн засгийн хувьд хямралтай байна. Үүний хороор ажлын байраа алдах иргэд ч нэмэгдээд байгаа.Хувийн хэвшлийнхний хувьд цалин нэмэх битгий хэл ажилчдаа авч үлдэж чадах уу гэсэн тэмцэл ч яваадбайх шиг?
-Бид сүүлийн хоёр, гурван жилд эдийн засгийн хямрал маш их хүчтэй байна гэдгийг бүх талдаа ярьцгааж байна. Бодит байдалдаа ч тийм байна. Би гурав, дөрвөн жилийн өмнө ер нь мөнгө гэхээс илүү засаглалын хямрал асар их хүчтэй байна гэж ярьж байсан. Энэ яг батлагдаж байна. Эдийн засгийн хямрал унаж, сэхэх нь тодорхой үечлэлийн асуудал. Харин засаглалын тогтолцоо болохгүй байгаа нь үндсэн асуудал. Үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийн хувьд яг өнөөдөр цаг үеэ олсон асуудал гэдэгт эргэлзэж байна. Дундаж цалингийн төвшин төрийн байгууллагын ажилтнуудын төвшинд муу байхыг үгүйсгэхгүй. Хуулийн дагуу цалингийн дундаж хэмжээг тогтоочихсон. Тэр цалингаас дээш өгч байгаа бол хуулиа бариад ажиллаж байгаа гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АПУ компанийн хувьд маш хүнд байгаа. Бидний хийсэн хөрөнгө оруулалт өгөөжөө өгөхөд хүндрэлтэй байна. Манайх сүүлийн 10 орчим жилийн хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг тоног, төхөөрөмж технологидоо хийчихсэн. Гэсэн хэдий ч бид цалин хөлсний хувьд жилийн жилд боломжийн төвшинд нь өсгөж явах, ялангуяа инфляцийн төвшинтэйгөө уялдуулж ажилтан нэг бүрийн бүтээмжийг өсгөх гээд олон бодлогыг зэрэг авч явж байна. Өнөөдөр цалин өсгөхөөс илүү ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэх нь нэг асуудал болсон. Түүнээс биш цалин өсгөх нь төрийнх ч бай хувийн байгууллагын төвшингийн одооны ярианы сэдэв биш. Эдийн засгийн энэ хямралын үед хамгийн нэгдүгээрт тогтвор суурьшилтай ажлын байрыг хадгалж үлдэх нь чухал байна. Түүнийгээ цаашид бодлогоор үргэлжлүүлж бүтээмжтэй ажилтан бэлтгэх олон улсын жишигт нийцсэн цалин өгөх бололцоо байна. Бүтээмж сул байгаадаа цалин бага байгаа гэж үзэж болно. Гэхдээ АПУ компанийн хувьд нэг ажилтан дунджаар 900 мянгаас дээш цалинтай. Нийтийн жишгээс хамаагүй өндөр учраас манай дээр ийм асуудал яригддаггүй. Гэхдээ мэдээж хангалттай амьдралыг хангах төвшин мөн үү гэвэл бас биш.
-Гэхдээ эдийн засгаа тогтворжуулахын тулд хууль, эрхзүйн хэмжээнд төр засаг ажиллаж байна. Эдийнзасгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдчихлаа. Халуун тогоонд нь ажиллаж байгаагийн хувьдэнэ хуулийн ээлийг юу гэж харж байна?
-Ил тодын хуулийг сайн ойлгохгүй байгаа. Богино хугацаанд байн байн ийм хууль гаргах нь зөв үү, буруу юу. Нөгөө талдаа бизнесмэнүүд үүнийг хүлээж байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаагаар хуулийг баталсан нь өнөө цагт илүү ач холбогдолтой гэж үзсэн бол бид түүнийг дагахаас өөр аргагүй. Өршөөлийн хуулийн хувьд бол шударга бус. Бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн хөдөлмөр гарын үсгээр олсон хөдөлмөр биш. Гарын үсгээр олсон баялгийг өршөөх гэж байгаа бол уучлаарай. Энэ бизнесийн шударга зарчимтай зөрчилдөнө. Цаашид ийм богино хугацаанд Ил тодын хуулийг гаргаад байвал шударга татвар төлөгчдөд харамсалтай болох асуудал тавигдаж эхэлнэ. Юуны төлөө бид нэг баланстай болж, татвар төлөөд явж байгаа юм бэ. Энэ бол дахиад цаашид татвар төлж байгаа хэсэг нь татвар төлөхгүй байх магадлалтай гэсэн үг.
-Таныхаар манай орны бизнесийн орчин хэр тунгалаг байна вэ?
-Цэвэр тунгалаг гэж хэлэх бизнесмэн хүн байхгүй. Төрийн засаглал өнөөдөр ийм буруу явж байгаа тохиолдолд бизнесийн орчин сайн байх үндэсгүй.
-Манай сонин шилний тухай хөндөн бичиж байгаа. Байгаль орчныг өнө удаан жилээр бохирдуулж байгаазүйлүүдийн нэг нь шил болчихоод байна. Байгалиа цэвэрлэх, эрүүлжүүлэх гол ажил нь шилний эргэлт.Танайх шилний эргэлтэд ямар бодлоготой байдгийг сонирхмоор байна?
-Зөвхөн хаягдал шилний асуудал гэхээс энэ нь бодлогын шинж чанартай асуудал юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Монгол шилний үйлдвэр байхгүй. Маш том хүчин чадалтай үйлдвэр байж ашгаа өгдөг. Түүнээс биш ганц, хоёр мянган шил үйлдвэрлэхийн тулд үйлдвэр байгуулна гэж байхгүй. Энэ нь эдийн засгийн маш их эргэлтийг шаардана. Тиймээс Монголд шилний үйлдвэр барьж чадахгүй байна. Бидний хувьд нийт бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг эргэлтэд авдаг. Нийт шилний эргэлтийн 20-30 хувийг импортоор оруулж ирдэг. Үүнийг хийхийн тулд албан ёсоор 150 гаруй хүн компанид ажиллаж байна. Улс даяар сүлжээтэй. Тэр бүх шилийг наашаа ирүүлж боловсруулж, устгалд оруулахыг нь оруулах зарчмаар ажиллаж байгаа. Цаашид энэ асуудал шилний үйлдвэрийг барьж байж шийдэгдэнэ. Бүх шил буцаж түүхий эд болсон цагт энэ асуудал зөв шийдлээ олно. Тэр хүртэл компани импортын шилийг багасгах бодлого барьж ажиллах шаардлагатай.
-Та ажлынхаа цаг заваар ямар ном уншиж байна?
-Ном унших цаг зав хомс юм. Гэхдээ номыг дижилтал хэлбэрээр сонсч болж байна. Хамгийн сүүлд хөдөө явж байхдаа "Шадар гурван цэрэг”-ийг сонслоо. Мөн "Тунгалаг тамир” романыг сонссон. Дахиад сонсоод л баймаар үнэхээр гайхамшигтай. Өнөөдрийн нийгмийн процесс, хувьсан өөрчлөгдөж байгаа шинж чанаруудыг "Тунгалаг тамир”-т бүгдийг нь нүдэнд харагдтал биччихсэн юм шиг. Түүнчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, компанийг засаглалын төвшинд сайжруулах талаар номууд харж байна.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл