УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед
нэлээд бухимдлын үгс чулуудах болсон. Тиймдээ ч тэрбээр "Зарим нэг хүн
өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс
салгаж харж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй санагддаг”, "Өнөөдөр төрөөс
бие хамгаалагч гаргуулах шаардлага гарав” гэх зэргээр жиргэх болсон.
Ингэснээр түүнийг намын даргадаа гомдож хэмээн олон нийтийн сүлжээнд
бичих болсон.
Тэгвэл энэ хэргийн учиг тайлагдаж эхэллээ. Тодруулбал, "Боловсрол, соёл,
шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн
хоригоос болж Төрийн ордонд зодоон хийх шахсан гэнэ. Тэрбээр УИХ-ын
нэгэн гишүүнийг Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг
дэмжих өнгө аястай зүйл хэлснийх нь төлөө гарч явахад нь танхай үйлдэл
гаргажээ. Б.Тулга "Би ахыгаа шоронд суулгамааргүй байна. Ерөнхийлөгчийн
хоригийг дэмжвэл ална шүү” хэмээж, айлган сүрдүүлжээ” гэх мэдээлэл нэр
бүхий цахим хуудсаар гарсан. Тэгвэл дэд сайд Б.Тулгын сүрдүүлгэнд өртсөн
хүн нь О.Баасанхүү гишүүн бололтой. Уг нь МАХН Ерөнхийлөгчийн хоригийг
хүлээж авахгүй гэх саналтай байгаа. Харин О.Баасанхүү гишүүн
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн нь ийнхүү намын нөхдөдөө адлагдахад
хүрсэн аж.
Үндсэн хуулийн 29.2-т "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг
хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Тэгвэл Өршөөлийн хуулийн хориг дэд
сайд УИХ-ын гишүүнд халдталаа чухал болсон байна. Дэд сайд Б.Тулгын ах
Б.Хуяг гэгчийг хэдэн жилийн өмнөөс интерполоор эрэн сурвалжилж байгаа ч
одоо болтол олдоогүй байгаа юм. Б.Хуяг нь "Хар дун” компаний захирал
байсан бөгөөд "Өргөө" зочид буудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын зааврын
дагуу хууль бусаар менежментийн хувьчлал хийсэн гэх хэрэгт татагдсан
талаар өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд хангалттай бичсэн. Тэгвэл нэр бүхий
цахим сайтуудад Н.Энхбаярын ялын дуусах хугацаа 2021 он хэмээх
мэдээллүүд гараад байгаа билээ. Учир нь шүүхийн шийдвэрээр экс
Ерөнхийлөгч Н.Энхбаяр Эрүүгийн хуулийн 150.3, 263 дугаар зүйл ангиар ял
шийтгэгдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан
ашигласан, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлсэн гэх зүйл ангиар
шийтгүүлсэн гэсэн үг. Эрүүгийн хуулийн энэ хоёр зүйл ангиар шүүхийн
ялтайд тооцох хугацаа нь найман жил байдаг аж.
О.Баасанхүү гишүүн хуульч хүн учраас үүнийг эрх биш мэдэж байгаа биз.
Тиймдээ ч энэ хоригийг дэмжсэн байх талтай. Учир нь тэрбээр "Зарим нэгэн
хүн намайг хуульч гэдгийг мартаад эс үйлдлээрээ танхай гэмт хэрэг хийж
байгааг хархаар өрөвдөх юм” хэмээн жиргэсэн. Тэгэхээр Б.Тулга дэд сайд
намын ажлыг дэмжсэнгүй унагалаа гэж О.Баасанхүү гишүүнийг боож унагасан
явдал энэ сарын 18-нд болж, гишүүн хамгаалалт авсан бололтой. Харин
түүнийг турхирсан хүн нь Н.Энхбаяр аж. Гэтэл энэ асуудлыг яагаад цагдаа
шалгахгүй байна, нөгөө УИХ-ын гишүүний халдашгүй байдал энэ тэр
байдаггүй юм болов уу гэх асуулт гарна. Харин О.Баасанхүү гишүүн маш их
айж сандарсан учир намын нөхдөөсөө нүүр буруулсан болов уу. Тиймдээ ч
нэлээд гомдол тээж яваа бололтой.
Тэгвэл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг эвслээс эсэргүүцэгчдийн нэг нь
Ц.Оюунбаатар юм. Тэрбээр үүнийхээ шагналд хүүгээ МАХН-аас Дорнодод нэр
дэвшүүлэхээр болсон тухай ч дуулдаж эхэллээ. Цахим ертөнцөд ч тэдний
хамт авахуулсан зураг тавигдах болсон. Уг нь О.Баасанхүү Н.Энхбаярыг
анхнаас нь дэмжиж өмгөөлөгчөөр нь ажиллаж улс төрийн гал тогоонд
төдийгөөс өдий хүртэл хамт явсан. Бүр "Энхбаярын оймсонд хавчуулагдаж
УИХ-ын гишүүн болсон гэх нэр зүүтлээ Н.Энхбаярт үнэнч явсан” гэтэл өдгөө
ийнхүү хаягдаж байгаа бололтой.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Сэтгэгдэл