Цас хайлуулах давс, бодисоо нөөцөл


Цас хайлуулах давс, бодисоо нөөцөл

 

Улаанбаатарчуудыг 14 хоног түргэн авахуулж сандаргасан цас арилж, нэг юм амьсгаа авахтайгаа болов. Хэд хоногийн турш цасанд дарагдаж, гөлийтөл хөлдсөн замын халтиргаа гулгаа ч эхнээсээ арилж, нарлаг сайхан өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ энэ өдрүүд удаан үргэлжлэхгүй гэдгийг холбогдох албаныхан анхааруулаад буй.

Тодруулаад хэлбэл, ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орно гэдгийг анхааруулж, удаа дараа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлсэн.

Тэр дундаа 100 жилд байгаагүй их хэмжээний цас орно хэмээн анхааруулсан гэдгийг энд онцолъё. Ингэж анхааруулаад байхад нар гийсэн налгар өдрүүд үргэлжлэх нь гээд налайгаад суув даа, Засаг дарга аа. Өнгөрсөн үлгэрийн далайгаа дахин давтав. Хотын дарга нь долоо хоногт хэдэн удаа цас орсныг тоолж, аргаа барсандаа өөрөө хүртэл хүрзээ бариад цасаа цэвэрлэж зогссон.

Энэ үеэр их хэмжээний цас орсонтой холбогдуулан Хот тохижилтын газраас "Бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Аравдугаар сарын 24-нд 56 тн бодис, энэ сарын 5-нд хот тохижилтын 200 гаруй ажилчин 38 тонн цас хайлуулах бодис, энэ сарын 17-нд Нийслэлийн 337 км замуудад цас хайлуулах бодис цацсан” хэмээн мэдээлж байв.

Гэсэн ч үг, үйлдэл хоёр нь бодит байдалтэй зөрчилдсөн. Нөгөө их цацсанаа гайхуулаад байсан 200-300 тонн бодисных нь ч нэмэр байсангүй. ГССҮТ-ийг зорих иргэдийн тоо олширч, өдөрт 100-150 хүн тус хүлээн авахад хандах болсон. Тэгэхдээ тус төвд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь халтирч унаад хөл, гараа хугалсан иргэд байгаа талаар эмч мэргэжилтнүүд ч хэлж байв. Нийслэлийн шинэ удирдлагуудын үлгэр үүгээр ч дуусаагүй.

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "25 суваг” телевизийн мэдээллийн хөтөлбөрт орохдоо "Төрийн ордон тойрсон буюу дарга нарын явдаг замуудад элс, давс цацаад, захын хороололын замуудад огт цацахгүй байна гэх шүүмжлэлийг иргэд маш их хэлж байна” хэмээн сэтгүүлчийн тодруулсан асуултад "Хаагуур цацахаа бид мэдье” хэмээн том дуугарч олны дургүйцлыг хүргээд зогсохгүй, хүүхэд нохойн доог болох шахсан.

Үнэндээ бүхэл бүтэн нэг сая 500 гаруй мянган хүн амтай хотыг хариуцсан дарга ийм зүйл яриад сууна гэдэг эмгэнэл. Ямар сайндаа л аргаа барсан замын цагдаа нар дэлгүүрээс давс худалдан авч, гараараа цацаж явах вэ дээ. Мега хотын хэмжээнээс давсан том хотын хувьд цасандаа дарлуулаад сууна гэдэг үнэндээ ичмээр.

Хамгийн сүүлд Нийслэлийн захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс энэ сарын 24-нд ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодисыг 110 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байгаа талаар мэдээлсэн.

Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаас гадна БНХАУ- аас явган хүний замын цас мөс шүүрдэх, замд хөлдсөн цасыг ховхлох техникүүд авахаар захиалсан тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээд буй.

Тэгвэл энэ захиалсан текник хэрэгсэл, давс хайлуулах бодисоо эртхэн шиг нөөцлөөд авахгүй бол ирэх сард 13-аас илүү цас орох нь байна шүү, Засаг дарга минь. Цаг тайван, хугацаа байгаа дээр нь хэдэн техник, хэрэгслээ бэлдчихээд сэтгэл амар суухад яах вэ дээ. Бүр болохгүй бол дотооддоо бага хэмжээгээр цас хайлуулах бодис үйлдвэрлэх боломжтой талаар хэсэг эрдэмтэд хэлээд буй.

Тэднийгээ дэмжээд ОХУ-руу захиалах бодисныхоо тодорхой хувийг эх орондоо үйлдвэрлэхэд буруудахгүй л болов уу. Ядаж л цаг хугацаа хэмнэнэ. Арванхоёрдугаар сар гарахад тав хүрэхгүй хоног үлдэж. Тэгэхээр энэ хугацаанд өмнөх алдаанаасаа суралцаад ядаж шаардлагатай бодисоо хангалттай нөөцөлнө биз.

Арай дахиад иргэдийнхээ өөдөөс сүүлийн 100 тонн бодисоо цацсан гэх тайлбар хэлэхгүй биз дээ, Засаг дарга минь.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.