Одонт ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд гарсан 60 саяын хэргийг дотоод аудит нь даржээ


Одонт ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд гарсан 60 саяын хэргийг дотоод аудит нь даржээ
Энэ ч аргагүй байх. Тухайн үед ШУТИС нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд тодорхойлогдоод явж байсан тул энэ байтугай зүйлийг дарах биз. Ер нь манай төрийн өмчит их дээд сургуульд дотоод аудит нь удирдлага, захиргааныхаа хавсарга мэтээр явж ирсэн. Энэ нь ректоруудад нь их ашигтай байдаг.
 
ШУТИС-ын хэдэн аудиторууд нь Захиргаа, мониторингийн газрынхаа бүтцэд харьяалагддаг бол ХААИС-ын Хяналт- шинжилгээ үнэлгээний нэгж нь мөн л захиргааны албандаа багтдаг. Саяхан одонгоор шагнуулж мандсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн нярав Н.Э-ын ажилд хяналт шалгалт явуулж өгөх хүсэлт мэдээлэл дотроосоо иржээ. Мэдээллийн дагуу дотоод аудитынхан шалгаж  60 гаруй сая төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашиглаж шамшигдуулсан нь илэрсэн байхад зохих журмын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэлгүй нам дарсан гэнэ. Сургуулийн удирдлагын зүгээс ч хэл ам үүсгэхгүй байх чиглэл өгөгдсөн байх магадлалтайг үгүйсгэхгүй.
 
Ер нь ШУТИС-д дотоод аудит нь ажиллахаа болсон гэнэ. Энэ онд л гэхэд харьяа сургуулиудад нь ганц хоёрхон л аудит хийгдсэн нэртэй байгаа нь төрийн өмчит энэ том сургуульд санхүүгийн үйл ажиллагаа зөвхөн "харилцан итгэлцэл” дээр л тогтдогийг харуулж байна. Өдрийн од шиг ирдэг аудит нь сургалтын төлбөрийн тооцоо, орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хяналт шалгалт хийхдээ багш нарын цагийн тооцоо, оюутны кредит сонголт, кредитийн урамшуулалыг шалгах бус харин дотоод үйл ажиллагаатай танилцсан, төлөвлөгөө боловсруулахад хамтран оролцсон, нийтлэг илэрсэн зөрчилтэй танилцсан, санхүүгийн программтай танилцсан гэх мэтээр тайлангаа гаргадаг гэнэ.
 
Гэтэл төрийн өмчит их дээд сургуулиудын 2013-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг баталгаажуулсан Монгол улсын ерөнхий аудиторын 2016 оны 7-р сарын 1-ний А/74 тушаалын хавсралтанд ШУТИС-ын ректорын Б.Очирбатын нэр дээр 900 сая гаруй төгрөгийн санхүүгийн зөрчил бичигдсэн байгаа нь тус сургуулийн санхүүгийн бодит байдлыг харуулж байна.
 
 
НУУЦ.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.