Даатгалын компаниудад 26.1 сая төгрөгийн торгууль ногдууллаа


Даатгалын компаниудад 26.1 сая төгрөгийн торгууль ногдууллааСанхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсээс энэ оны  наймдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 5 даатгалын компанид иж бүрэн, 11 даатгалын компанид хэсэгчилсэн, мөн Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд иж бүрэн газар дээрх шалгалтыг хийж илэрсэн зөрчилд нийт 26,1 сая төгрөгийн торгууль тавигдаж улсын төсөвт төвлөрүүллээ.  

Шалгалтаар даатгалын компаниудын нөөц сангийн байршил алдагдсан, нөөц сангуудын тооцоолол буруу, орлого тооцсон хураамжийг буруу тооцох, нөөц сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ зөвшөөрөгдсөн хувь хэмжээг зөрчих, даатгалын програм хангамж байхгүй,  нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, нөхөн төлбөрийг зохих журмын дагуу барагдуулаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрчээ.

Мөн 16 даатгалын компани, 34 даатгалын зуучлагч, 25 хохирол үнэлгээний компани, Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани болон Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд зайны хяналт тавьж хийж илэрсэн зөрчилд нийт 5,1 сая төгрөгийн торгууль тавигдаж улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

Нийт 15 даатгалын компани, 13 даатгалын зуучлагч компани, найман хохирол үнэлгээний компани болон Албан журмын даатгагчдын холбоонд санхүүгийн тайлангийн хариуг өгч зайнаас хяналт тавьж ажиллаа. Хяналт тавих явцад Хорооны зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн борлуулсан, санхүүгийн тайлангийн хугацаа хоцроож ирүүлсэн, аудитлагдсан санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлээгүй, төлбөрийн чадварын үзүүлэлт хангаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. 

Иж бүрэн шалгалтанд "Хаан даатгал” ХХК, "Бодь даатгал” ХХК, "Монре даатгал” ХХК, "Монгол даатгал” ХХК, "Улаанбаатар хотын даатгал” ХХК, Албан журмын даатгагчдын холбоо,  хэсэгчилсэн шалгалтанд "Мөнх даатгал” ХХК, "Монгол даатгал” ХХК, "Бодь даатгал” ХХК, "Тэнгэр даатгал” ХХК, "МИГ даатгал” ХХК, "Ард даатгал” ХХК, "Номин даатгал” ХХК, "Практикал даатгал” ХХК, "Соёмбо даатгал” ХХК, "Мандал даатгал” ХХК болон "Нэйшнл лайф даатгал” ХХК нар хамрагдсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.