"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн 21 дүгээр талбайд гэрээтээр ажилладаг залуус метилийн спиртэнд хорджээ


Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн 21 дүгээр талбайд Хятадын компаниудад туслан гүйцэтгэгч хийж байсан залуус метилийн спиртэнд хордсоны улмаас дөрвөн хүн амиа алдаж, таван хүний биеийн байдал хүнд байна. Энэхүү хэрэгт цагдаагийн болон Эрүүл мэндийн яамнаас шуурхай ажлын хэсэг гаран газар дээр ажиллаж байна. Тэд "Зөв боломж” компаниар дамжин ажилд орсон гэрээт ажилчид байжээ. Хордож амиа алдсан, хордлого авсан залуус бүгд Дорнод аймгийн харьяат бөгөөд гэрээтээр туслах ажилтан хийдэг байжээ.

Хэргийн талаар тодруубал, "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбай дээр өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон байна.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээлэлээр хордлогын улмаас иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барсан аж. Мөн 26-43 насны нийт найман хүн тус аймгийн Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн эмч, мэргэжилтнүүдийн хяналтын дор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Дээрх золгүй хэрэгт нийт 23 хүн өртсөн бөгөөд дөрөв нь нас барж, тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол долоо нь эмнэлгийн хяналтанд, долоо нь гэртээ хяналтанд эмчлүүлж байгаа аж. Тэдний ууж хордсон шингэн зүйлийг юунд ашигладаг, ямар бодис байсан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас дээж авч шинжилгээнд өгсөн байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр техникийн спиртыг хятад архи хэмээн андуурч уусан гэх. Харин тэр нь метилийн спирт байсан бөгөөд хэн хаанаас ямар зорилгоор энэ спиртийг оруулж ирснийг холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Харин энэ хэргийн талаар "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбай дээр байрладаг "Зөв боломж” компанийн кемпийн дарга Алтангэрэлтэй утсаар холбогдож тодруулах авахыг хүссэн ч тэрбээр "Хотоос хууль хяналтынхан ирсэн газар дээр нь хэргийг шалгаж байгаа болохоор би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

О.Сайхан


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.