Л.Эрхэмбаяр: Намаас хөөгдсөн бол найман жил хүлээж авахгүй


 Л.Эрхэмбаяр: Намаас хөөгдсөн бол найман жил хүлээж авахгүй

-ИХ ХУРАЛД САНХҮҮЖИЛТ БОСГОХ АЖИЛ ЧУХАЛ БАЙНА-

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд намын анхан шатныхан хуралдаж, Их хуралд оролцох төлөөлөгчдөө сонгосон. Гэтэл танай намын Гүйцэтгэх зөвлөлөөс анхан шатны хурлаар зөвхөн төлөөлөгчийг сонго, өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн чиглэл өгчээ. Энэ шүүмжлэл дагуулаад байх шиг. Сумын намын хороогоор хэлэлцэх асуудалд Гүйцэтгэх зөвлөл оролцлоо гэдэг юм уу. Та үүнд ямар тайлбар хийх вэ. Дүрэм, журамдаа хэрхэн тусгасан байдаг вэ?

-Ардчилсан нам Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Нэг нь Их хуралд бэлтгэх ажлын хэсэг, Д.Эрдэнэбат гишүүн ахалж байгаа. Нөгөө нь Ш.Түвдэндоржоор ахлуулсан дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг. Бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн гаргасан төлөөлөгчийг сонгох журам байгаа. Энэ журмыг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөр батлаад, бүх сумдад хүргүүлсэн. Энэ дээр анхан шатны байгууллагуудаасаа төлөөлөгчөө сонгож ирүүл, сумдаас төлөөлөгчөө сонгож ирүүл гэсэн чиглэл өгсөн. Хүмүүс мэдээлэл дутуу учраас буруу ойлгож ярьж байна. Сумд намын хорооны хурлаа хийгээд, төлөөлөгчөө сонгоод ирүүлэх ёстой.

-Сумд намын хорооны хурлаа хийгээд төлөөлөгчөө сонгочихсон уу?

-Ихэнхи сум хурлаа хийгээд, төлөөлөгчөө сонгоод, нэрээ ирүүлж байна. Зарим нэг сум дээр маргаантай асуудлууд байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн намын гишүүд надтай ирж уулзсан. Дүрмийн дагуу бүх гишүүдэд зарлаж хурлаа хийсэнгүй гэсэн гомдол мэдүүлсэн. Нийтдээ 330 гаруй сум, 152 хороо, есөн дүүргээс төлөөлөгчид ирж байгаа учраас зарим нэг газарт нь гомдол гарч байна.

-Их хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Энэ удаагийн Их хуралд санхүүжилт босгох ажил их чухал байна. ҮЗХ-ны гишүүн бүрт Их хуралдаа хандив өргөөч гэсэн уриалга явуулсан. Гишүүд уриалгыг хүлээж авч хандиваа өгч байна. Хуралдаан болох байрны асуудлаа ярилцаж байна. Дотоод бэлтгэл зохион байгуулалтыг ажлын хэсгийнхэн зохицуулаад явж байна.

-Сумын намын хорооны хурлаар дүрмийн төслийн хэлэлцүүлэг хийгдсэн үү?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон сум, хороодын намын хорооны хурлаар дүрмийн төслийн хэлэлцүүлэг хийгдсэн. Бид намын дүрмийн шинэчилсэн найруулгыг хүргүүлсэн байсан. Саналуудаа өнөөдрөөс /өчигдөр/ бүх материал ирж байна. Нэгдүгээрт, сонгогдсон төлөөлөгчийн материал, хоёрдугаарт дүрмийн төслийн санал өнөө, маргаашдаа ирээд дуусах байх.

-Хэд хэдэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг явагдсаныг нэгтгээд, нэг төсөл болгожээ. Тусдаа "тоглолт” хийх асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Арав хоногийн өмнө бол энэ асуудал байсан. Одоо бүгд нэгдээд, нэг ажлын хэсэгтэй, тэнд бүх дүрмийн төслийг нэгтгээд, алинаас нь юуг нь хасах вэ, юуг нь авах вэ гээд үндсэн дүрмийн төслөө хийж дуусаад, бүх сумд руу явуулсан. Одоо дүрмийн төслөө улам чамбайруулах асуудал үлдэж байгаа.

uzh

-ҮЗХ-НЫ ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ-

-Нэгтгэсэн дүрмийн төсөлд ямар өөрчлөлтүүд тусгагдсан байгаа вэ?

-Нэгдүгээрт, намын даргыг татвараа төлсөн саналын эрхтэй бүх гишүүдээс сонгодог тогтолцоо руу орж байна. Аймаг, дүүрэг, нийслэл, сумын намын хорооны даргыг мөн бүх гишүүдийн саналаар сонгоно. Хоёрдугаарт, сонгогдсон намын даргыг дээд шатны намын дарга нь батламжилдаг. Өмнө нь ийм байгаагүй. Хагас босоо тогтолцоо руу оруулж байгаа юм. Дээд шатны намын дарга нь төв намын дарга юм уу, аймгийн намын даргыг өөрчлөх юм уу батламжлахгүй байх эрхзүйн тогтолцоо өмнө нь байгаагүй. Одоо зохих хэмжээгээр оролцдог, нэгдсэн бүтэц рүү орж байна. Гуравдугаарт, намын гишүүний бүртгэлийн асуудал чухлаар орж ирж байгаа. Намын гишүүний бүртгэлийг цахимаар хийж, орон даяар зарим нэг мэдээллийг нээлттэй зарладаг болох гэж байна. Нэг ёсондоо гишүүдээ олон түмэнд ил зарлах гэж байна. Дөрөвдүгээрт, гишүүний татварын асуудал байна. Гишүүд жилдээ 1200 төгрөгийн татвар төлдөг байсан. Одоо сард 1000 буюу 12000 төгрөгийг жирийн гишүүд тухайн намдаа төлнө. Хэрвээ татвараа төлөөгүй бол намын гишүүн хэвээрээ байна, гэхдээ намын дотоод сонгуульд санал өгөх эрхгүй. Тиймээс татвараа заавал төлж байх ёстой. ҮЗХ-ны гишүүнийг сонгох, аймаг, нийслэлийн намын хорооны даргыг сонгох, намын даргыг сонгох сонгуульд татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй болох нь. Мөн Бодлогын судалгаа, шинжилгээний хүрээлэнтэй болно.

-Үндэсний Зөвлөлдөх хороонд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-ҮЗХ-ны гишүүний тоо нэмэгдэж байгаа. 228 байсныг 304 болгож байгаа. Үүн дээр УИХ-д сонгогдсон гишүүд оролцоно. Ерөнхийдөө энэ өөрчлөгдөхгүй. Мөн дунд шатны намын хорооны гишүүний тоо нэмэгдэж байгаа. Дүрэм батлагдсанаар намын эв нэгдэл, сахилга, хариуцлага, захирах, захирагдах ёс, нээлттэй ил тод байдал сайжирна гэж үзэж байгаа. ҮЗХ-ны хурал хуралдах болгонд хэсэг бүлэг хүмүүсийн лоббигоор намын даргын асуудал хэлэлцдэг. ҮЗХ-ны хурлаа хийж чадахгүй нөхцөл байдалд хүрдэг. Үүнд нэлээд хаалт болсон. ҮЗХ-ны хурлаар бодлого хэлэлцдэг, бодлогын нам болох тал руугаа явж байгаа гэж ойлгож болно.

-АН фракцигүй нам болохоо зарласан. Фракцийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Фракци юм уу, хэсэг бүлгээрээ нэгдэж, хүний нөөцийн асуудал дээр намд асуудал тавихыг энэ дүрмээр зөвшөөрөхгүй. Зөвхөн бодлогоор явна. Мөн Ардчилсан намын дэргэд албан ёсны гурван Төрийн бус байгууллага байна. Ардчилсан эмэгтэйчүүд, Ардчилсан залуучууд, Ардчилсан ахмадуудын холбоо гэж байгаа. Ардчилсан нам гэдэг нэр бол энэ намын өмч. Тийм учраас Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн, АН-ын үүсгэн байгуулагчдын холбоо зэрэг ТББ-ууд Ардчилсан намын дэргэд байж болох хэдий ч манай намын зөвшөөрөлгүйгээр "Ардчилсан намын” гэдэг үгийг хэрэглэхийг энэ дүрмээр хааж өгч байгаа.

-ҮЗХ-ны гишүүдээ хэрхэн сонгох вэ?

-ҮЗХ-ны гишүүдийг Их хурлын тойрогт хамрагдах, тойргийн нийт саналын эрхтэй намын гишүүдээс сонгоно. Өмнө нь аймгийн намын хороо, дүүргийн намын хорооноос сонгодог байсан. Одоо мөн л бүх гишүүдээс сонгодог болж байгаа.

-Ротаци хийгдэхгүй байна гэж гишүүд нэг хэсэг шүүмжилсэн. Энэ дүрмээр ротаци хийхийг сэргээж байгаа гэсэн?

-ҮЗХ-ны гишүүд 304 дээр нэмэх нь УИХ-ын гишүүд байгаа гэж хэлсэн. Бид 304 дээрээ хоёр жилд нэг удаа ротаци хийнэ. Үүний тал нь 2017 онд шалгаруултад ороод, үлдсэн нь 2019 онд солигдоно. Сонгуультай жил ротаци хийгдэхгүй. Хоёр жил тутамд шинэчлэгдэж байх нь. Намын ажлаа сайн хийж байгаа хүмүүс дахин сонгогдоно гэсэн үг.

uzh

-АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА-

-АН-ын дарга хэн болох вэ гэдэг нь сонирхолтой байх шиг байна. Зарим хүмүүс намын даргын суудалд өрсөлдөхөө зарласан. Их хурлын дараа энэ асуудал шийдэгдэхээр байх шиг байна. Яг тодорхой хугацаа байна уу?

-Дүрэмд намын даргыг бүх гишүүдээс сонгоно гэж заасан байгаа. Дүрэм батлагдвал 2017 оны нэгдүгээр сардаа багтаад, цаашлаад Цагаан сараас өмнө шинэ намын дарга орон даяар сунгаагаар сонгогдоно гэж ойлгож болно.

-Их хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ. Магадгүй АН Их хурлаараа шинэчлэгдэж чадахгүй нь гэх мэдээллүүд зарим хэвлэлээр гарсан байна?

-Ардчилсан нам шинэчлэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэхээр өмнөх жилүүдэд амьсгал оруулах ротациа хаачихсан, ҮЗХ-гоо бүрдүүлэхдээ бүх гишүүдээс сонгодоггүй байсан. Үүнийг бүх гишүүдээсээ сонгодог болно. ҮЗХ болон дунд шатны намын байгууллага дээр хүн ярьдаг биш, бодлого ярьдаг механизмтай болчихлоо. Тэгэхээр манай нам шинэчлэгдэнэ гэж харж байна.

-Ардчилсан нам анхан шатны байгууллага, орон нутгийн намынхандаа илүү нээлттэй болж байгаа гэж ойлгож болох уу?

-Болно. Бүх удирдах хүмүүсээ анхан шатнаасаа сонгож байгаа учраас илүү нээлттэй болж байгаа. Хөдөө сум, багт байгаа намын гишүүнтэй уулзаж, тэрний саналаар ҮЗХ-ны гишүүн болно.

-Дүрэмдээ хариуцлагын асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ. Тухайлбал, намын бодлого хэрэгжүүлээгүй, ганцаарчилсан тоглолт хийсэн ч гэдэг юм уу, дүрэм зөрчсөн, Засгийн газраа огцруулсан гэдэг зэрэг тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хамтын гаргасан шийдвэрийг дагаагүй намын гишүүнд сануулах, даалгавар өгөх, намаас хөөх хүртэл арга хэмжээ авна. Мөн дөрвөн жил сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх, найман жилийн хугацаанд намд дахин оруулахгүй байх гэсэн хариуцлагын асуудал байгаа. Өмнө нь намаас хөөгдсөн бол хоёр дахь удаагаа орж болно гэж заасан байдаг. Тэр нь хугацаагүй, өнөөдөр хөөгдчихөөд маргааш орж болно гэсэн үг. Одоо нэгэнт намаас хөөгдсөн бол найман жил хүлээж авахгүй гэсэн үг.

Ж.ГАНАА medee mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.