Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр манай улсад эхнээсээ эерэг үзүүлэлтүүд гарч байна.
Тодруулбал экспортлох нүүрсний үнийг 50 ам.доллар байхаар тогтсон нь өмнөх улирлаас 85 хувиар буюу 1.8 дахин өсөв.
"Эрдэнэс-Таван толгой” ХК-иас ирэх оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд 1 тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах хүлээлт байна. Мөн өнгөрсөн 7 хоногт 4.5 сая тонн нүүрсний нөөцтэй Баруун цанхийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Баруун Цанхийн олборлогчоор "Эс Жи Эс” ХХК, "Хишиг Арвин ” ХХК, "Моннис” ХХК зэрэг уул уурхайн томоохон олборлогч Монголын Үндэсний компаниудын нэгдэл ажиллаж буй юм.
Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлэх гэнэ.
Түүнчлэн Чалко болон TTJVCo компанийн өр төлбөрийг барагдуулж, Монгол Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлнэ хэмээн албаныхан тодотгосон. Монгол Улс "Чалко”-д 80 сая орчим ам.долларын өр төлөх юм байна. Манай улс өнгөрсөн хугацаанд Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснийхээ 65 хувийг олборлогч "TTJVCO” компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг "Чалко” компанийн өрөнд төлжээ.
Сэтгэгдэл