Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаа. Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Уул уурхай түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх, тус компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.
Гурвантэс сум нь Өмнөговь аймгийн хамгийн хол алслагдсан сумдын нэг ба уул уурхай хөгжиж буй нь олны анхаарлыг татаж байгаа юм. 2,8 сая га нутаг дэвсгэртэй 27 хувь нь лицензтэй. Одоогийн байдлаар ашиглалтын 23, тусгай хайгуулын 13 зөвшөөрөл олгогдсон байна. Уул уурхай хөгжих нь малчид иргэдэд заримдаа үл ойлголцол төрүүлэх, бэлчээр сүйтгэгдэх сөрөг нөлөө гардаг. Тиймээс уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх онцгой шаардлага байна.
Тухайн компаниудын нийт ажилчдын 30 хувийг орон нутгийн буюу Гурвантэс сумын иргэд эзэлдэг. Хэдийгээр уул уурхай хөгжиж байгаа ч асуудлууд тулгарч байна. Тухайлбал БНХАУ-аас Ноён, Сэврэй, Гурвантэс сумд цахилгааны эх үүсвэрээ авдаг, энэ асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй ба Засгийн газраас дэмжиж ажиллахаа ЗГ-ын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү илэрхийлсэн юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон орон нутгийн удирдлагууд багтсан ба хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэн иргэдийн амьдрал амжиргааг дээшлүүлэхийг аймаг орон нутгийн бодлогын түвшинд баримтлан ажиллаж буйгаа илэрхийлсэн юм. Нөгөөтэйгүүр дан ганц уул уурхайг хөгжүүлэх биш хөдөө аж ахуй мал аж ахуйгаа хөгжүүлэн, эдийн засгийн энэ хүнд үед хямралаас гарна гэдгээ тэд онцолж байлаа.
Сэтгэгдэл