"Хаски” үүлдрийн нохой дэлхийн хамгийн тэвчээртэй, үнэнч нохой юм. Тиймээс ч бүх нохойн төрлөөс хамгийн их тэвчээртэй үүлдрийн энэ нохойн баг өдөрт 18 км/цагийн хурдтайгаар 160 гаруй км замыг туулж чаддаг гэдгээрээ гайхалтай.
Сибирийн Хаски нь дундаж хэмжээний биетэй, нягт өтгөн үстэй, зүүн Сибирээс гаралтай ажлын нохой юм. Энэ гайхалтай, өвөрмөц онцлог чадвартай "Хаски” нохойгоор цас, мөсний нохой чарганы гайхалтай аялал хийж цэвэр агаар амьсгалж, хурд, хүчээ сорьж, зүрх алдам мэдрэмжийг бие, сэтгэлээрээ мэдэрч үзэхийг хүсвэл та Монголын "Тэрэлж" аялал жуулчлалын бүсийг зорьж очихыг санал болгож байна.
Эх орондоо адал явдалт "Экстрим” спорт аяллын анхдагч болж гадаад дотоодын жуулчид, адал явдалд дурлагч, сонирхогчдын анхаарлыг татах болсон "Тэрэлж-Жаргал” компанийн үйл ажиллагааг /Улаанбаатар хотоос 68 км/ газар дээр нь очиж сурвалжлахаар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчдийн баг Тэрэлжийг зорьсон юм.
Тус компанийг санаачилсан Хүрэлсүхийн Түвшинжаргалтай бид Тэрэлж дэх "UB-2” жуулчны баазын орчим очоод яг хаана очихоо утсаар лавласан. Тэрбээр, биднийг "Хойшоо чигээрээ яваад мод руу ороод ир” гэлээ. Бид км гаруй явахад олон "хаски” үүлдрийн ноход зэрэг зэрэг хуцсаар дуу, шуутай угтав.
Тэд тус тусдаа үүртэй бөгөөд гинжээ таслаад дайраад ирэх нь үү гэмээр хуцаж, гийнаж байгаа нь ердөө л хүмүүс ирэхээр "Хакси” ноход чаргаар аялалд гарах гэж хөөрсөн төрөлх авир, зан нь тэр аж. Х.Түвшинжаргал хэмээх залуу зочдоо уриалгахан хүлээн авч, бид ч нохой чарганы "Экстрим” аялал жуулчлалыг яагаад хөгжүүлэх болсон талаар нь сонирхолтой яриа өрнүүлэв.
Тэрбээр, "Би Тэрэлжийн унаган хүүхэд. Багаасаа нохой сонирхож, зодоонч нохой өсгөж, нохойн зодооны тэмцээнд оролцуулдаг байв. Тэгээд л найзаасаа "Хаски” үүлдрийн Лаки хэмээх охин гөлөг авч байлаа. Нэг удаа зодооны ноход гинжнээс мултарч нөгөө жижигхэн Лакиг маань хазаад алах шахаж билээ. Малын эмч түүнийг тэсэхгүй байх гэхэд нь би 10 гаруй хоног эмчлүүлж байж хөл дээр нь босгосон. Одоо харин Лаки маань 11 настай, түүний үр удам болох 80 гаруй нохой энд байж байна даа. Үнэхээр ухаантай, ач буянтай нохой шүү. Ингэж нохойг аймшигтай хазуулж зэрэмдэглүүлснээс хойш, би нохойн тулааныг орхисон. Одоогоос 9 жилийн өмнө манай дэлгүүрийн "ОО" хөлдөөд хайлуулах шаардлага гарч, уг хайлуулах төхөөрөмж нь нэлээд том учраас яаж авч явах аргаа олохгүй байв. Надад байгаа хүч гэвэл гурван нохой. Тэгээд ноходдоо төхөөрөмж чирүүлэх санаа төрж, хүзүүнээс нь олсоор холбож уяад "Гэр лүүгээ яваарай” гэхэд тэд ажрахгүй хүргэж билээ. Тэгсэн орой нь зурагтаар "Алсад үлдсэн найм” гэж кино гарсан юм. Тэр шөнөө нохой чарганы талаар бодож хоносон.
Тэгээд л өглөө нь машины эвдэрхий суудлын доор хоёр фанер хийж чарга шиг болгоод дүүгээ суулгаад нохойгоор чирүүлж үзэхэд болж байнаа. Эндээс л нохой чарганы өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаа төрж, нохойгоо чарганд сургахаар 3 жил шахам ноцолдсон. Манай Тэрэлжийнхэн, үеийн нөхөд намайг бараг л нохойтой хөөцөлдөөд мангар болсон байх гэж хэлүүлэхдээ хүрч байж л үр дүн нь гарч эхэлсэн.
Тэрэлжид гол ус, байгаль нь, бас жуулчин ч бэлэн байна. Эхлээд нэг чаргатай байлаа, дараа нь 2 боллоо. Тэгж байтал Тэрэлжид 5 одтой анхны зочид буудал нээгдэж хамгийн анхныхаа зочныг авав. Тэр хүн энэ чарганы урд сууж үзсэн нь их таалагдсан юм билээ. Харин энэ хүн АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг эрхэм байж таараад түүнээс хойш л гадны хүмүүс ирж нохой чаргаар аялах болсон. Ингээд л тууштайгаар энэ "Экстрим” аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 9 жил ажиллаж зүтгэлээ. Заримдаа шантрах үе гарч байсан. Одоо харин хөл дээрээ бат зогсож, энэ ажлаа ирээдүйдээ "Экстрим” аялал жуулчлалын кэмп бааз болгож өргөжүүлэхээр зорьж байна.
-Энд ямар нас, хүйсийн ноход байгаа вэ?
-За 80 хувь нь эр, 20 хувь нь эм нохой, 30 хувь нь 1-2 настай гөлөг. Тэд дөнгөж л чарганд сурч байгаа. Энд бас чонын эрлийз нохой бий. Хаски нохой бие биедээ маш үнэнч. Тэр үүрэн дээрээ гараад зогсч байгаа нь манай Лакигийн нөхөр нь болох Жек гэж чонын эрлийз нохой. Монгол нохойтой эрлийзжүүлэхээр тачир үстэй, нэлээд зодоонч болдог. Хаскигийн орооны цаг нь яг чонотой адилхан. "Хаски” үүлдрийн нохой их сэтгэл хөдлөлтэй, хүүхэд шиг авиртай. Хэрвээ түүнтэй эвгүй харьцаж зодвол үүрнээсээ гарч ирэхгүй, бүр хоолоо ч идэхгүй хоёр гурав хонож чаддаг. Манай ноход өглөө нь шингэн хоол, өдөр нь өтгөндүү хоол иддэг. Өдөртөө 90 мянган төгрөгийн 300 кг хоол өгч байгаа. Махимпекс компаниас өөхгүй булчингийн мах гэрээгээр авдаг.
-Энэ ноходыг вакцинд хамруулна биз?
-Нохойгоо ханиад хүрвэл тариа тарина, бас нүд нь өвдөхөд эмчилнэ. Нэг нохой л өвдвөл халдвар авах аюултай. Иймд бид мал эмнэлэгт хандаж тухай бүрд нь бүх нохойгоо зэрэг вакцинд хамруулдаг. Хаски нохойн хувьд багийн тэмцэл маш их, тэд баг бүлгээрээ зодолдох нь байдаг. Харин шөнө огт хуцдаггүй. Бид айлын дунд байхад иргэд өдөр нохой хуцаад байна гээд ундууцдаг байсан. Одоо харин энд амар байна. Гэхдээ газрын зөвшөөрлөө аваагүй л байгаа.
-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ?
-Би зураач сийлбэрч мэргэжилтэй болохоор чарга болон бүх л материаллаг зүйлээ өөрөө хийдэг. Зориулалтын чарганы үнэ гэхэд нэг нь 800 евро, төгрөгөөр 8-9 сая төгрөг байдаг. Би саяхан чаргаа төмрөөр хийж үзэхэд 2 сая 500 мянган төгрөгийн чаргыг 200 гаруй мянган төгрөгөөр хийсэн. Нохой чарганы бүх нь онцлогтой тусгай зүйлс байдаг. Чарганы уяаг энгийн уяагаар хийхгүй. Тусгай бөх бат утсаар хийсэн уяагаар нохдоо хөллөдөг. Чарганы ул хэсгийн хус модыг хатааж байгаад олон давхарлан нааж хийснээр чарга илүү бат бөх болдог. Чарганы уланд манай монголчууд полиэтилен уутыг хайлуулж сандал, ширээ хийгээд байгаа хүмүүст захиалж хийлгэдэг. Энэ нь маш хөнгөн, бас эвдрэл багатай.
Ингээд биднийг нохой чаргаар нэг талдаа 2,5 км аялуулах болж чарганд нохдыг хөллөж гараанд бэлдэж эхэллээ.
Тэд нохойндоо барууны болон европ нэр өгсөн байх юм. Чарганд хөллөдөг ноход чарганд хөллүүлэх гэж хоорондоо барьцах нь бас л сонин юм билээ. Олон жил уясан хурдан морь шиг омогшиж, цовхчин тэмүүлж байгаа нь гайхалтай. Х.Түвшинжаргал 80 нохойныхоо зүс, нэр, ааш занг андахгүй сайн мэддэг нь гайхалтай. Тэр нохой бүрийг гөлөг байхаас нь тэжээж, чарганд хөллөж сургасан гэхээр аргагүй юм даа. Чарганд нохой хөллөх гэж жаахан саатах зуурт бидэнд чаргаар яаж явах талаар зөвлөв. Нэг чарганд 9-11 нохой хөллөдөг. Тухайн үйлчлүүлэгчийн биеийн жингээс хамаарч хэдэн нохой хөллөхөө шийддэг аж. Чарганы түрүү нохой нь багаа удирдан, чиглүүлж явдаг бөгөөд энэ нь эм нохой гэж байдаг. Тэр дуулгавартай, найдвартай гэдгээрээ онцгой. Харин эр нохой замдаа өөр юм үнэрлээд, сатаардаг гэнэ. Нэг чарган дээр хоёр хүн явдаг бөгөөд нэг нь урд талд суугаад, нөгөө нь ар талд зогсдог бөгөөд чаргыг залуурдагч нь тун хариуцлагатай үүрэг хүлээдэг. Бид 3 чаргаар нийт 30 гаруй нохой хөллөн 5 км-ыг туулахаар гараанд гарлаа. Цас мөсөн дээр нисэх мэт л мэдрэмж төрсөн. Юу юугүй л тойрог ирэхэд хаашаа яаж налах билээ хэмээн бодож байх зуур л тэнгэр харан, цасан дээр унахад, урд суусан хүүхэн маань ч ойчжээ. Бид бие биенээ харж алмайрч байх зуурт ноход хоосон чаргатай улам хурдаа авч эхний багийн араас жирийлгэж байв. Ард явсан хоёр ч аль эрт цасан дээр газарджээ. Хэсэгхэн газар яваад биднийг орхисоноо анзаарсан Түвшинжаргал аяллыг түр зогсоож, бид өөр өөрсдийн байраа эзэллээ.
Одоо туршлагатай болсон бид эрч хүч, эрсдлийг даван ажрахгүй адал явдалт замаа үргэлжлүүлэн туулсан юм. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөнийг үгээр хэлээд баршгүй. Цасан дээгүүр дүүлэх мэт, усан халиан дээр эргэж буцалтгүй замаар эрсдлийг туулах нь, бас дов сондуул, донсолгоог нохдын хүчээр давж гарах мөчүүд үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж, гайхалтай дурсамжийг сэтгэлдээ тээж үлдээсэн ховор агшин байлаа. Нохдын гараа нь үнэхээр ямар ч хүнийг барьц алдуулам хурд, хүчний оргил үе юм билээ. Энэ мэдрэмжийг залуурдаж, үзсэн хүн л ойлгоно. Тиймээ, Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийн ой модон дундуур, голын мөс цасан дээгүүр нохой чарга хөллөн салхи татуулан давхих нь үнэхээр онцгой сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Аяллын туршид "Хаски” үүлдрийн нохойтой дотно танилцаж, түүний ухаан, тэсвэр тэвчээр, ур чадварыг биширсэн. Хүнд үнэнч, их дасамтгай энэ амьтан хүн хазсан тохиолдол байдаггүй гэдэгт итгэхээс аргагүй гэдгийг хамт байх энэ хугацаанд ойлгосон. Хакси амттанд их дуртай гэсэн. Х.Түвшинжаргал бүх аяллаа өөрөө ахалдаг бөгөөд ноход ч үгийг нь хууль мэт дагах юм. "Тэрэлж-Жаргал” компанийнхан өвөлдөө нохой чаргаар дотоод, гадаадын жуулчдыг аялуулахын зэрэгцээ 4 дугуйт мотоцикл, морин аялал зохион байгуулдаг байна. Багги машинтай аялал нь бас үнэхээр сонирхолтой болохыг жолоодож үзээд л мэдэрсэн. Зуны улиралд голоор завиар аялах хөтөлбөр нэмэгддэг. Үнэхээр л 1 өдрийн болон олон өдрийн адал явдалт аяллыг зохион байгуулдаг энэ үйл ажиллагаа нь улам өргөжиж, жуулчдын анхаарлыг татахын зэрэгцээ, дахин ирэх хүсэл сонирхолыг өөрийн эрхгүй бадрааж байлаа.
Өвөл, зунгүй адал явдалт экстрем спортыг Монголд хөгжүүлэх үйлст бие сэтгэлээ зориулж яваа хөдөлмөрч, шинийг эрэлхийлсэн бүтээлч залуугийн гэр бүлээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний эхнэр Билэгтийн Энхмаа нь нөхрийнхөө ажлыг бүрэн дэмжиж, хамтдаа нэгэн зорилгын төлөө явж байгаа нь гайхалтай. Тэд хоёр хүүхэдтэй нэг нь 2 нас, нөгөө нь 6 сартай залуу гэр бүл. Тэрээр одоо 10 гаруй нохой чаргатай болсноор аялалд оролцогчид нэмэгдсээр байна. Монголдоо эрсдэл өндөртэй "Экстрим” спортын төрөлд багтах нохой чарганы аяллыг "Хаски” үүлдрийн нохойтой хамт, Тэрэлж-Туулын үзэсгэлэнт байгальд очиж үзэн, бие сэтгэлийн таашаал авах боломж бүрджээ.
Энэ дашрамд, "Хаски” хэмээх нохойн талаар зарим сонирхолтой мэдээлэл, баримтыг толилууж байна. Сибирийн "Хаски” үүлдрийн нохойны үсний ширхэг нь бусдаас илүү бүдүүн, нягт. Энэ нь нохойг тэсгэм хүйтэн өвлөөс хамгаалдаг ба зуны улиралд дулаанаас тусгаарлах үүрэгтэй. Тэд -50-иас -60 хэм хүртэл хүйтэнд тэсвэртэй. Үсийг нь долоо хоног бүр самнаж, арчилдаг. Хаски бол гэрийн тэжээмэл нохдын өвөг дээдсээс хамгийн сахилга баттай төлөөлөгч. Тэд хуцахаас илүү улидаг байна. Мөн хягаарлагдмал байдлаас гарах үедээ ан хийх гэж байгаа мэт авирлах зэрэг гэрийн тэжээмэл нохойд баймгүй зан авир гаргадаг. Хойд Америкт тэднийг уралдааны зорилгоор үржүүлгийн газарт тэжээдэг байсан. Энэхүү үүлдэр нь генийн хувьд Spitz нохойн төрөлд хамаарагддаг.
Хаски нь маш эрч хүчтэй, идэвхтэй, зөөлөн нохой бөгөөд өвөг эцэг нь Сибирийн Арктикийн маш хүнд, туйлын хүйтэн бүсээс гаралтай. Зүүн хойд Азийн Чукча нар энэхүү үүлдрийг өсгөн үржүүлж иржээ. Nome-ийн алт олборлолтын үеэр Аляскад ирж, хожим АНУ, Канадад тархсан. Тэд эхэндээ чарганы зориулалттай байсан ч удалгүй гэр бүлийн болон үзэсгэлэнгийн нохой болжээ. Сибирийн Хаски, Samoyed болон Аляск мужийн Маламут бүгд анхны чарганы нохойноос үүсэлтэй. ДНК-ийн судалгаагаар уг үүлдэр нохойн эртний нэг үүлдэр болох нь батлагдсан. Европчууд Арктик руу аялал хийх үедээ анх таарсан уугуул нутгийн хүмүүсийг басамжилсан утгаар Eskie гэж нэрлэж, энэ нь цаг хугацаанд өөрчлөгдөн Хаски болжээ. Аляскийн үүлдрийн ноход Eskimo нохойноос үүсэлтэй бөгөөд Сибирийн хойд хэсгээс Канад, Аляска, Гринланд, Лабрадор болон Baffin-ий арлууд хүртэл газар нутагт харах боломжтой. Америкийн тэнгисийн цэргийн адмираль Robert Peary хүртэл энэ нохдын тусламжтайгаар хойд туйлд хийсэн экспедицээ амжилттай явуулсан түүхтэй юм.
Энэхүү сурвалжлагынхаа төгсгөлд Нохой чарганы аяллыг сонирхсон хүмүүст хандаж, "Экстрим" аяллын үнэ тарифыг сонирхуулж байна. Өдрийн 35 км-ын аялал нь /морин аялал, нохой чарга, 4 дугуйт мотоцикль, хоол, автобус/ гадаадын иргэнд 150 ам.доллар /Монгол хүнд 150 мянган төгрөг/, 2-3 цагийн 5 км-ын нохой чарга болон морин аялал нь 55 мянган төгрөг, Үүнээс гадна 5 хоногийн адал явдалт аяллыг зохион байгуулдаг.
Д.Өлзий
http://www.montsame.mn/
Сэтгэгдэл