ОПЕК -ийн гишүүд нефтийн үнийг өсгөлөө


ОПЕК -ийн гишүүд нефтийн үнийг өсгөлөө

Нефть экспортлогч орнуудын байгууллага өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нийлүүлэлтийн илүүдлийг багасгах тохиролцоонд хүрснийг төв хэрэгжүүлж чадвал нефтийн үнийг өсгөх алхам болж магадгүй юм. Гэвч үүний тулд үйлдвэрлэгчид зохих үнэ төлөх хэрэгтэй болно.

ТӨЛӨӨС

Саудын араб болон Персийн булан дахь түүний холбоотнууд Кувейт, Эмират, Катар зэрэг улсууд газрын тосны гаргалтаа танах шаардлагатай. Тэд үнэ түргэн өссөнөөс үйлдвэрлэлийн бууралтыг нөхнө гэж найдаж байна. Иран, Ирак улсууд арай бага төлөөс төлнө. Олонх шинжээч саяын хуралдаанаар хязгаарлагдмал зөвшилцөлд хүрсэн нь Саудын арабын гаргалтыг багасгахад чиглэсэн техникийн арга хэмжээ гэж үзэж байна. ОПЕК-ийн гишүүн бусад орон, тухайлбал Венесуэль Ангола улсууд тус байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг. Тэд эдийн засаг нь нэлээд сэргэсэн хойно л дээрх зөвшилцлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

ИРАН БА ИРАК

Гишүүн орнууд үйлдвэрлэлээ өдөрт бараг 1.2 сая баррелиар багасгах зөвшилцөл хийсэн. Гэвч "чөтгөр тооны ард нуугддаг" гэдэг үг бий. Тухайлбал, ОПЕК-ийн ашиглаж буй гуравдагч этгээдийн тооцоонд тулгуурласан өдөрт 210 мянган баррелийг танах үүргийг Иракийн тал нэлээд дургүйцэн хүлээж авчээ. Ираны хувьд байдал бүр ч түвэгтэй ба бодит байдал гэхээс илүү таамаг маягийн тооцоог оруулж ирсэн гэнэ. Тус улс олон жилийн турш хориг арга хэмжээн доор амьдарсан тул хоригийн өмнөх дээд хэмжээ болох 2005 онд байсан өдөрт 3.975 сая баррелийн суурь гаргалтаа хадгалахыг зөвшөөрсөн байна.

Олонх орны хувьд энэхүү хэмжээ нь аравдугаар сард хүрсэн үзүүлэлт юм. Нийт гаргалтыг 4.5 хувиар танах зорилт нь өдөрт 3.8 сая баррель хасагдана гэсэн үг. Уг хэмжээг гишүүн орнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сарын туршид хэрэгжүүлэх аж. Иран одоо өдөрт 3.7 сая баррель нефть шахаж байгаа учир наад зах нь 90 мянгыг нэмэх нөхцөл бүрдсэн юм.

ГИШҮҮН БУС ОРНУУД

ОПЕК-ийн гаднах нефть үйлдвэрлэгч томоохон улсууд мөн амлалт өгсөн байна. Тэд үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээс дээх зөвшилцлийн амжилт ба хугацаа хамаарна. Хамгийн томоос нь дурдвал ОХУ ОПЕК- ийн санал болгосон 600 мянган баррелийн таналтаас хагасыг нь биелүүлэхээ амлажээ. Гэхдээ Москва чухам хэдий хэмжээгээр гаргалтаа багасгах нь таамаг хэвээр байна. Венад болсон ОПЕК-ийн уулзалтын өмнөхөн Оросын албаныхан Зөвлөлтийн дараах үеийн дээд хэмжээ болох өдөрт 11 сая баррелийн гаргалтаа царцаана гэж ярьж байсан. Гэвч танах талаар үг дуугараагүй билээ.

АНУ-ЫН ЗАНАР

Уг хэлцэл Америкийн занарын нефть үйлдвэрлэгчдэд боломж нээж магадгүй юм. Тэд энэ арван жилийн эхээр гарцаа нэмэгдүүлсэн нь ОПЕК-ийн гишүүдэд дарамт болж байв. 2014 онд ОПЕК үйлдвэрлэлээ нэмэгдүүлж үнийг унагасан боловч занарын нефть үйлдвэрлэгчдэд санаснаас хавьгүй бага нөлөөлсөн. АНУ-ын гарцын дээд хэмжээ 2015 оны дөрөвдүгээр сард өдөрт 9.6 сая байснаа энэ оны есдүгээр сард 8.58 сая хүртэл доошилсныг Эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын нефть үйлдвэрлэл ёроолдоо хүрээд өнгөрсөн гэх таамаг бий. Нэгдүгээр сараас хойш буцаад ажиллаж эхэлсэн цамхагийн тоо дээд цэгтээ хүрээд байна.

WEST TEXAS МАРКИЙН ҮНЭ ӨСӨВ

Техас муж улсын Пермийн сав газар, Колорадо дахь Денвер- Жюлесбургийн цооног, Оклахомын Стак занарын ордууд нефтийн үнэ 50 ам.доллараас дээш гарвал ашигтай ажиллах боломжтой. IHS Energy зөвлөх фирмийн захирал Спенсер Уэлч "Нэг зүйл л тодорхой байна. Америкийн занарын нефть үнийн өсөлтөд дуртай. Удахгүй үйлдвэрлэл нэмэгдэх байх” гэжээ.

ХУДАЛДААНЫ ИДЭВХЖИЛ

ОПЕК-ийн уулзалтын өмнөх хүлээлт болон дараах зөвшилцөл фьючерс хэлцлээр наймаалагдсан нефтийн хэмжээг дээд түвшинд хүргэлээ. Зөвхөн өнгөрсөн лхагва гарагт Олон улсын бирж дээр гар дамжсан Брент маркийн нефтийн фьючерс гэрээний хэмжээ 1.7 сая баррельд хүрсэн нь 2014 оны долдугаар сарын 1.5 саяас хол давжээ. Нью-Йоркийн таваарын бирж дээр WTI маркийн түүхий нефтийн 2.4 сая гаруй баррель арилжигдсан. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах дээд хэмжээ 1.9 саяыг ардаа орхисон дүн юм.

CME компанийн дэлхийн таваарын хэлтсийн дарга Дерек Самманн "ОПЕК-ийн хэлэлцээр манай бизнесийн хувьд том дэмжлэг өглөө” хэмээн дүгнэв. Гэвч нефтийн худалдааны идэвхжил гишүүн орнууд олборлолтоо танах үүргээ хэрхэн хэрэгжүүлэхээс шалтгаална. Үүний дээр тодорхойгүй байдл худалдааг бүр ч өсгөж магадгүй юм. Нефтийн брокер LCM Commodities компанийн захирал Пьер Лаказе "Уулзалтын дүн тодорхой болсны дараа хэлбэлзэл нь нефтийн опцийг унагаж ч болно. Энэ нь яг хөөс шиг томорч байснаа гэнэт хагарч, юу ч үлдэхгүй” гэсэн байна.

Анжли Равал, Дэвид Шеппард

Засгийн газрын мэдээ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.