Нүүрсний үнэ өгсөх найдвар алга Монголчуудын амьдрал улам хэцүү болоход бэлэн байгаарай


Нүүрсний үнэ өгсөх найдвар алга Монголчуудын амьдрал улам хэцүү болоход бэлэн байгаарай

Нүүрсний үнийн супер мөчлөг нэгэнт дуусгавар болж, үнэ нь "газарт унасан” тул маш олон тооны уурхайнуудын хувьд олборлолтоо цаашид үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болжээ. 

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй унаж буй энэ үед 2016 онд нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ Европ тивд 50 доллароос доош оров. Энэ нь сүүлийн 10-15 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм. Тодруулбал, Амстердам, Роттердам, Антверпен хотууд руу 2016 онд ачих нүүрсний үнэ тонн нь 49,95 доллар болж буурсан тухай Блүүмбэрг агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны 10 дугаар сард үнэ 116 долларт хүрч цойлж байсан "алтан сайхан үе" ард хоцорлоо.

Өмнө нь үнийг хэт доош нь буулгахгүй байлгаж байсан гол хүчин зүйл бол сэтгэлзүйн хувьд "үнэ 50 доллароос доош унах вий” гэсэн айдас байлаа. Одоогоор үнэ хамгийн доод цэгтээ хүрч унасан мэт харагдаж байгаа боловч зарим хүчин зүйлүүдийг тооцон үзвээс цаашид ч буурах төлөвтэй байна.

Bloomberg Intelligence-ийн илтгэлд дурдсанаар, 2016 онд эрчим хүчний нүүрсний зах зээл дэх илүүдэл нөөц 118 сая тоннд хүрэхээр байгаа нь 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 3 дахин их тоо юм.

АНУ болон Австралийн уурхайнууд олборлолт, экспортоо нэмэгдүүлэх тал дээр нэлээд ажилласан боловч Азийн орнуудад нүүрсний эрэлт урьдчилан таамаглаж байснаас доогуур түвшинд байлаа. Барууны орнууд дэлхийн дулааралтай тэмцэх үүднээс нүүрсний хэрэглээгээ хязгаарлах болов. Эдгээр хүчин зүйлийн улмаас зөвхөн АНУ-д гэхэд хэдэн зуугаар тоологдох уурхайнууд хаагдлаа.

Харин Австрали зэрэг оронд үндэсний валютын ханш унаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээр олборлолтын зардал буурсан учраас уурхайнууд алдагдалгүй ажилласан хэвээр байна. Энэ нь олборлолтыг бууруулах, үнийг өсгөхөд саад болж байгаа юм. 

Блүүмбэрг-ийн шинжээч А.Косгроув-ын үзэж байгаагаар, үнэ 40 доллароос бууж эхлэнгүүт уурхайнууд олборлолтоо бууруулж эхлэхээр байна. Ингэснээр зарим уурхай хаагдаж, дампуурч эсвэл олборлолтоо бууруулсны дүнд 2017 он гэхэд илүүдэл нөөц 89 сая тонн болж багасах тооцоо бий. Үүний дараа л үнэ алгуур өгсөж эхлэх дүр зураг харагдаж байгаа юм. Гэтэл одоохондоо бол зөвхөн Америкийн уурхайнууд л олборлолтоо багасгаад байгаа, гэхдээ яваандаа бусад орнуудынх ч мөн адил ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрэх болов уу.

Өнгөрсөн 2015 онд дэлхийн даяарх нүүрсний хэрэглээ 2014 онтой харьцуулахад 47 сая тонноор буурсан байна. Энэ тухай Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ОЕСД/ илтгэлд дурджээ. Уг байгууллагын илтгэлд нүүрсний хэрэглээ болон үнэ унасан шалтгаануудыг тодорхой дурдсан байна. Үүнд 1.АНУ-д занарын хийн олборлолт нэмэгдсэн, 2. нүүрс олборлолтын салбарт зардал буурсан 3. нүүрс экспортлогч гол орнуудын үндэсний валютын ханш суларсан 4. нефтийн үнэ хямдарсан 5.Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, 6.нарны болон салхины эрчим хүч гарган авах өөрийн өртөг хямдарсан 7.уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого хүчээ авч, нүүрснээс татгалзан, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах болсон 8. хуучин цахилгаан станцууд ашиглалтаас гарсан гэх дарааллаар гол шалтгаануудыг нэрлэжээ.

Долоодахь шалтгааны тухайд цөөн тоо баримт дурдахад, сүүлийн 10 жилийн хугацаанд Европын Холбооны орнуудад нүүрсний хэрэглээ 15 хувиар, АНУ-д 17 хувиар тус тус буурсан нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын эрх баригчид экологийн шаардлагаа улам бүр чангатгаж буйг харуулж байна. Өөр нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн онд гэхэд хятадууд 55 ГВт /55 мянган МВт-ын/ хүчин чадал бүхий УЦС, АЦС, салхи, нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулжээ. Цаашдаа 2020 он гэхэд эрчим хүчний түлшний баланст нүүрсний эзлэх хэмжээг 62 хувь болгож багасгах зорилт тавьжээ. Одоогоор 70 гаруй хувьтай байгаа аж.

5 дахь шалтгааны тухайд, Хятадад барилгын салбар болон гангийн үйлдвэрлэлийн өсөлт удааширсан нь коксжих нүүрсний эрэлтийг бууруулсан билээ. Зөвхөн 2015 онд гэхэд энэ түүхий эдийн үнэ 30 хувиар унаж, дунджаар 46,85 доллар/тн болсон байна.

Хятадууд гаднаас нүүрс авахаа багасгаж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах бодлого баримтлах нь илэрхий боллоо. Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/ 5 жилийн прогноз-д дурдсанаар, 1999 оноос хойш анх удаа 2014 онд Хятадын нүүрсний импорт 219 сая тонн болж буурсан бол 2020 он гэхэд 128 сая тонн болж огцом багасахаар байна. Энэ бууралт нь Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын өсөн нэмэгдэж буй эрэлтээр нөхөгдөх боловч эдгээр хэрэглэгчдийн зах зээл хангалттай хэмжээгээр тэлэхгүй байна. Үүнээс шалтгаалан нүүрсний үнэ өмнөх үзүүлэлтдээ дахин хэзээ ч хүрэхгүй гэсэн "гутранги” дүгнэлтийг дээрх байгууллага хийжээ.

Нүүрсний зах зээлд нөлөөлж өөр нэгэн хүчин зүйл бол АНУ-д эхэлсэн занарын хувьсгалын нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний бүтцэд гүнзгий өөрчлөлт гарсан явдал юм. 2010 оноос занарын хийн олборлолт тус улсад санаанд оромгүй байдлаар огцом өссөн нь байгалийн хийн үнийг унагасны зэрэгцээ дотоодын эрчим хүчний зах зээл дээр нүүрстэй өрсөлдөх гол түүхий эд болж хувирав. Үүнээс шалтгаалан америкчууд нүүрсээ экспортлохоос аргагүйд хүрсэн бөгөөд энэ нь зах зээлийн үнийг унагахад нэрмээс боллоо.Ер нь бол, дэлхий дээр байгалийн хий, түүхий нефть, нефтийн кокс зэрэг түүхий эдийн нөөц асар ихээр хуримтлагдаад байгаа учраас нүүрсний салбар өрсөлдөөнд ялагдах тийшээ хандаж байна. 

Одоогоор нүүрс олборлогчдын гол найдлага нь Энэтхэг улс болоод байгаа билээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/ тооцоолсноор, 2020 он гэхэд тус улс дэлхий дээрх хамгийн том нүүрс импортлогч болох бөгөөд 2035 он гэхэд нүүрсний хэрэглээ нь өнөөгийнхтэй харьцуулахад хоёр дахин өснө. Нүүрсний салбар нь Энэтхэгийн эрчим хүчний баланст гол үүрэг гүйцэтгэдэг ба улс орноо үйлдвэржүүлэхэд чиглэсэн Нарендра Моди-гийн Засгийн газрын төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлдэг. World Resources Institute байгууллагын судалгаагаар, дэлхий даяар барихаар төлөвлөж буй нийт ДЦС-уудын 40 хувийг энэтхэгчүүд барихаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор 2015 онд Энэтхэг улс нүүрсний хэрэглээгээ мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн, энэ онд мөн адил өсгөхөөр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч энэ нь үнийн өсөлтийг хангах хүчин зүйл болж чадахгүй байна.

Ерөнхийд нь харвал, 2016 онд зах зээлийн байдал 2015 оныхоос дээрдэхгүй нь. "Эрчим хүчний нүүрсний үнийн хувьд "хонгилын үзүүрт гэрэл ёлтойх” хүртэл 3-4 жилийн зай бий. Зах зээлд тэсч үлдэхийн тулд олборлогчид зардлаа бууруулж, бүтээмжээ дээшлүүлэхээс аргагүйд хүрнэ” гэж Рио Тинто компанийн зэс- нүүрс хариуцсан Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дүгнэсэн байна. 
Б.Адъяахүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.