Манай улсын эдийн засаг бүсээ чангалаад ч сэхэж өгөхгүй байгаа гэхэд буруутахгүй. Ирэх оны төсөвт шатахууны үнийг нэмнэ.
Танана, хасна хэмээж эхэлсэн. Угтаа бол Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан. 2014 оны 7-р сард $107/баррель-аас эхлэн буурч, 2015 оны 3-р сард $43/баррель хүртлээ буурч 5-р сарын 9-ын байдлаар $59/баррель ($442/тонн)болоод байна. Сүүлийн 50 жилд 1985-86, 1990-91, 2008-2009, 2014-2015 онуудад нийтдээ дөрвөн удаа томоохон газрын тосны үнэ буурсан удаатай. Гэтэл манайд шатахууны үнэ буураагүй явсаар он гаргаад нэмэхээр болсон юм.
Ийнхүү эдийн засгаа аврах бус ард иргэдийн нуруун дээр ачаа нэмж эхэлж байгаа нь тод жишээ энэ. Тэгвэл Дэлхийн банкныхан ирэх онд Монголын эдийн засгийн өсөлт дахин саарна гэлээ. Тэд ээлжит тайландаа "Монгол Улс гадаад секторын эрсдэлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатай" байгаа цохон тэмдэглэжээ.
Мөн Монголын эдийн засгийн урт хугацааны төлөв байдлын талаар тус банкны шинээчдийн таамаглал өөдрөг байгаа ч богино хугацаанд эдийн засагт томоохон хүндрэлүүд тулгарч буйг анхааруулсан байна. Манай улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувьтай байсан бол өнгөрсөн онд 21.6 хувь болж буурсан ч олон өрх ядууралд хүрэхэд ойрхон байна хэмээжээ.
Үүнээс гадна эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээлүүд эргэн төлөгдөнө. Гэтэл төрийн бодлогыг сайжруулах хэрэгтэй байгааг дурьджээ.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон "Сүүлийн жилд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын тохиргоонууд нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Мөн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдэлээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий боллоо. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт амжилттай тохиргоо хийгдэхэд нэн чухал. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдэлийн эсрэг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал” гэсэн юм.
ДНБ-ий жилийн өсөлт энэ онд 2.3 хувьд хүрэхээр хүлээгдэж байна гэжээ. "Өсөлтийн төсөөлөл ийнхүү буурсан нь цаг агаарын тааламжгүй нөхцлөөс үүдэн ургац алдах, гуравдугаар улирлын эцэс гэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарсан зэргээс шалтгаалсан. 2016-2017 онд түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалан уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл удаашрах төлөвтэй байна.
Түүнчлэн урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны эцсийн 11.7 хувиас буурч энэ оны эцэст ДНБ-ий таван хувь болох төлөвтэй байгааг хэлээд илүү дорвитой шинэлчлэлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав. Төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогыг бодитой төсөөлөх болон төсвийн гадуурх зарцуулалтыг төсөвт нэгтгэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл