» » “Xятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй л гэсэндээ далай багшаасаа аврал эрэв үү дээ?

“Xятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй л гэсэндээ далай багшаасаа аврал эрэв үү дээ?



Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд айлчлаад буцлаа. Энэ удаагийн айлчлалыг "Улс төрөөс ангид зөвхөн бурхан номынх” гэж Монголын бурхан шашны төвөөс мэдэгдсэн. Ер нь Далай ламын айлчлалыг улс төртэй огтхон ч холбоогүй хэмээн Чой хамба тэргүүнтэй төв гандангаас мэдэгддэг л дээ. Гэхдээ эл удаагийн айлчлал улс төрд нэг их хамаагүй юм уу гэхэд бас тийм биш бололтой. Учир нь Монголын төрийн гурван өндөрлөг гурвуулхнаа заларч байдаг гуундаа Далай багшийгаа залчихна лээ. Дээрхийн гэгээнтэн Монгол Улсад ирэхээр урд хөрш маань шазуураа зууж байгаад улс төрийн мэдэгдэл хийдгийг бид мэднэ. Тэрхүү үйл явц энэ удаад ялгаагүй давтагдсан.

Өвлийн эхэн сарын цочмог хүйтрэлийн үеэр Далай багш Монголын сүсэгтэн олонтой уулзаж байх цаг дор Хятадын гадаад яамнаас эсэргүүцлийн мэдэгдэл хийж эхэлсэн. "Далай лам бол шашны нэрийн дор Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч”, "Хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг харж, Монгол Улсыг амлалтаа сахихыг шаардаж байна” хэмээн мэдэгдээд авав. Урд хөршөөс ийм эсэргүүцэл, улс төрийн агуулгатай мэдэгдэл ирнэ гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Далай ламыг Барак Обаматай уулзахад Хятадын зүгээс маш хүчтэйгээр шүүмжилж эсэргүүцэж байсныг, мөн Япон болон дэлхийн томоохон улс орнуудад айлчлахдаа "Түвд лам нар зулын гол болж байгаа нь Хятадын харгис дэглэмтэй холбоотой” гэж эрсхэн хэлдгийг улстөрчид байтугай энгийн сүсэгтэн олон ч мэднэ.

2011 онд Монголд найм дахь удаагаа ирэхэд Хятад улс мөн л мэдэгдэл гаргаж байв. Тэрхүү айлчлалын үеэр есдүгээр Богд тодорсон. Чой хамба аанай л "Улс төрийн шалтгаангүй, эртнээс төлөвлөсөн айлчлал. Есдүгээр Богд заларсантай огт хамаагүй” гэж хэлж байлаа. 2002 онд ирэх үед Хятад гүрэн хилээ хааж байсан, дараа нь Бээжингээс Улаанбаатар руу хийх олон улсын нислэгийг цуцалж байсан гээд олон үйл явцыг бид он дараалалтай нь мэдэх юм. Гэтэл Далай багшийн айлчлал өндөрлөсний дараа Монгол Улсын Засгийн газар, түүний төлөөлөл болсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олны өмнө шовс шовсхийтэл гарч ирээд мэдэгдэл хийгээд эхлэх нь тэр. "Далай лам манай улсад ес дэх удаагаа номын айлчлал хийсэнд Монголын Засгийн газар ямар ч оролцоогүй. Улс төрөөс тусдаа зохион байгуулагдаж байгаа” гээд Хятад улсад хийх Монголын төр засгийн түшээдийн айлчлал цуцлагдаж буйг албан ёсоор зарласан юм.

Эл удаагийн айлчлалаас болж Монгол Улсын Их Хурал, Хятадын парламентын зөвлөлдөх уулзалтад Монголын тал оролцох боломжгүй болсон. Мөн шадар сайдаар ахлуулсан төрийн айлчлал цуцлагдсан. Уг уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төслийн талаар ярилцаж, төрийн тохиролцоонд хүрэх байжээ. Ирэх арванхоёрдугаар сарын эхээр Москва хотноо болох Ази, Номхон далайн улс орнуудын зам тээврийн сайд нар уулзаж, гурван улсын хоорондох зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах уулзалт хойшлогдох нөхцөл бүрдсэн. Мөнх-Оргилын эдгээр мэдэгдлүүдтэй залгуулаад Их хурлын танхимд Ц.Нямдорж "Нөхцөл байдал өөрчлөгдлөө ш дээ. Энэ удаагийн айлчлал Монголыг хорлочихлоо ш дээ” хэмээн бачуурч эхэлсэн юм. Далай ламын айлчлалтай холбоотой ийм л үйл явц өнөөдөр Монголын улс төрийн хүрээнд өрнөж байна.

Уг үйл явцтай холбогдуулан нэг зүйлийг хэлэхэд, дэлхийн улс орнууд "хятад тэврэлт” гэдгээс ихэд болгоомжилдог юм гэсэн. Хятад гүрэн аливаа нэг улсыг "ууц нуруу”-гаар нь бүслүүрдээд авбал тавина аа гэж гонж. Улам л шунаглан дайрч, тэврэлтээ лавшруулаад байх нь тэр. Тиймийн учир дэлхийн улс орнууд "хятад тэврэлт”-ийг гадаад бодлогодоо хамгийн их анхаарч, ажилладаг нь нууц биш. Харин сүүлийн жилүүдэд манай улсын гадаад бодлого жаахан алдаатай болчихов уу даа гэж анзаарагддаг. Монгол Улс хоёр хөршийнхөө голд нь зогсож байгаад хүзүү толгойгоороо холбогдон айхтар нялуун тэврэлдсэн. Энэ нь түүгээр явсан гайг үүгээр гэгч болчихов уу. Ингэж нялуурч дотносохоос өмнө үнэндээ бол Хятад, Орос хоёр Монголыг бараг мартчихсан байсан шүү дээ. Тэгтэл бид төмөр зам, кабелийн шугам, хийн хоолойгоо Монголоор дамжуулах нь зөв гээд нэг хэсэг сүйд майд болов доо. Хятадын дарга айлчлахдаа "Талын зам” төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Хятадын хамтран байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тунхаглалдаа багтааж байх жишээний. "Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийг холбосон хурдны замын төсөл батлагдсанаар Монгол Улс Азийн хурдны замын сүлжээнд нэвтэрч, шинэ цагийн торгоны зам биеллээ олно” гэж Путины айлчлалын үеэр хөөрцөглөж байсан.

Хоёр хөршийн тэргүүн нар "Тэгье, бодъё, үзье, судалъя. Наадах чинь харин сонин санал байна. Энэ талаар огтоос бодож байгаагүй юм байна шүү” хэмээн өнөө маргаашгүй хийчих гэж байгаа юм шиг биднийг зүгээр л хошгоруулаад өнгөрсөн. Яг тэр үед улс төрийн хашир судлаачид "Хоёр гүрний энэ хошгоруулалт биднээс нэг л өдөр, нэг л юм шаардана даа, харж л байгаарай. Магадгүй улс төрийн системээ үгүй болго гэж шаардахыг үгүйсгэх аргагүй” гэж хэлж байсан. Мөн Хятадын зүгээс улс төрөө тогтвортой байлгахыг шаардана. Энэ нь өөр намын өрсөлдөөнгүй болно гэсэн үг. Тогтвортой засаглал буюу нэг хүний засаглалыг бий болго гэж хэлнэ. Нэг хүн биш юмаа гэхэд Путин, Медведев хоёр шиг засгаа ээлжилж барьдаг системийг бий болгохыг шаардана. Америк шиг ардчилсан сонгууль хийж далдганадгаа боль гэж шууд хэлнэ хэмээн олон улс судлаачид өөр өөрсдийн гаргалгаагаар тайлбарлаж байв. Тэдний байр суурийг зарим улстөрчдийн мэдэгдлүүд бататгах боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Захиалгын нам, захиалгын парламент” гэж дахин дахин хэлээд байгаа. Нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл "Монголын төр гаднаас захиалга авахад бэлэн болчихсон байна” гэдгийг сэрдхиймээр айхтар сануулсан. Ерээд оноос Монголын төрд алба хашиж ирсэн дээрх эрхмүүдийн хэлж байгаагаас үзэхэд, мөн өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс яалт ч үгүй хятад тэврэлт буюу луугийн тэврэлт, орос шахаа буюу баавгайн тэврэлтэд орчихсон шинжтэй байна.

Үүний нэг баталгаа нь Хятадаас манайд хүүгүй шахам өгөх гээд байгаа 4.2 тэрбум ам.доллар. Урд хөрш маань "Далай ламын айлчлал хоёр улсын хооронд хохирол учруулж чадахгүй. Хятадын зүгээс Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авах боломжгүй” гэж хачин зөөлхөн мэдэгдэл хийсэн нь цаанаа нигууртай. "Та бүхэн алдаагаа засч, уучлал гуйгаад хөнгөлөлттэй зээлээ ав” гэсэн үг. Хэрвээ Хятадаас дөрвөн тэрбум долларын зээл авчихвал бид хугацаанд нь төлж чадахгүй. Дахиад тийм хэмжээний зээл авч таарна.

Эцэст нь эргүүлж яаж төлөх вэ гэдэг асуудал хоолойд хутга шиг тулах нь мэдээж. Энэ бүхнийг Монголын нийгэм сайн мэдэрч байгаа. Хятадаас асар их хэмжээний зээл аваад, өнөө тэврэлтэд нь орчихвол сүүлдээ улс орны хувь заяа яаж ч эргэх аюултай. Өнөөгийн эрх баригчид тэнэг л биш юм бол үүнийг ойлгож, улс төрийн үхдэл болохгүйн тулд Дээрхийн гэгээнтнээс аврал эрэх шиг боллоо. Мөнгийг нь авна гэж баахан дэмий донгосчихоод эргээд чадахгүй гэж хэлэх нүүргүйдээ ийм заль хэрэглэчихлээ. Үндсэндээ хятад тэврэлтээс мултарч, "хятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй гэсэндээ улс төрийн бодлого явуулж Далай багшаасаа аврал эрэв үү дээ. Түүнээс биш Далай ламын цаадах улс төрийг мэдэхгүйдээ Гадаад хэргийнхээ сайдаар мэдэгдэл хийлгээд байгаа юм биш л дээ. Энэ бол туурга тусгаар улсын хувьд хийх ёстой алхам мөн.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
zochin | 2016/12/07 18:27
hyatadaas zeel avagui ni zuv.avah zamiig haaj ailchlal hiicen Dalai bagshdaa bayarlalaa.ter ih mungiig tulj chadahgui sanaand oromgui ayuld orno.baigaaga heregleed dotoodiin uildverlelee demjeed amidarsan ni deer.