СӨҮЛ. /Yonhap/. Он гарснаас хойших 11 сарын хугацаанд Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтан очсон хүмүүсийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 16.7 хувиар нэмэгдсэнийг өнөөдөр гаргасан статистик мэдээ харууллаа.
2015 оны 1-11 дүгээр сарын хугацаанд нийтдээ 1086 хүн Умард Солонгосоос оргон зугтаж Өмнөд Солонгост ирж байсан бол 2016 оны мөн хугацаанд энэ тоо 1268 болж нэмэгдсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгджээ.
11 дүгээр сарын сүүлчийн байдлаар, Умардаас Өмнөдөд зугтан очсон хүмүүсийн тоо нийтдээ 30 062 болжээ. Хэрвээ одоогийн хандлага хэвээр үргэлжилвэл энэ онд Өмнөд Солонгост ирэх умард солонгосчуудын тоо 1400-д хүрэх төлөвтэй байна.
2009 онд 2914 хүн Умардаас зугтан Өмнөд Солонгост очиж байсан нь "түүхэн дээд үзүүлэлт" юм. Гэхдээ 2011 оноос хойш Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хилийн харуул хамгаалалт болон ард иргэддээ тавих хяналтыг чангатгах болсноор Өмнөд Солонгос руу оргон зугтагчдын тоо эрс буурсан байна.
Харин энэ оны хувьд Умард Солонгосын дээд зиндааныхан болон гадаадад ажилладаг хүмүүс Өмнөд Солонгосоос орогнол хүсэх тохиолдол нэмэгджээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл