АВТОБУСАНД ЗӨВХӨН ЦАХИМ КАРТААР ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА


АВТОБУСАНД ЗӨВХӨН ЦАХИМ КАРТААР ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр/12.15/ боллоо. Хурлаар "Улаанбаатар Смарт карт” компанийн үйл ажиллагаатай танилцах, нийслэлийн тээврийн салбарын нөхцөл байдлын талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өгөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ систем нэвтэрснээр тээврийн хэрэгсэлд тавих бүртгэл, хяналт зохих хэмжээгээр сайжирсан, холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчсон иргэдийн нөхөн олговрыг хуваарилах болсон зэрэг ахиц гарсан. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэгч "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргатай болон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, төсөл хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамж гэрээнд заагдсан шаардлагын дагуу боловсруулагдаж дуусаагүй, картын хэрэглээ муу, бэлэн мөнгөөр хийгдэж буй төлөлтийн хэмжээ өндөр, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан. Мөн ажлын хэсгээс тодорхой хэд хэдэн санал гаргаж байлаа. Үүнд:
 
  1. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд зөвхөн цахим картаар зорчих боломжийг судлан үзэж, танилцуулах
  2. 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Дата карт консорциум” хооронд байгуулагдсан "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г ирэх оны эхний улиралд багтаан шинэчлэх
  3. Үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт олголт, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн санал танилцууллаа.
Хотын даргын зүгээс 2017 оны нэгдүгээр улиралд багтааж нийтийн тээврийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.