» » Дэлхий нийт монгол хэмээх хулхи “гар”-ыг хүн болгохоор шийдэв бололтой

Дэлхий нийт монгол хэмээх хулхи “гар”-ыг хүн болгохоор шийдэв бололтой



1989 оноос хойш буюу ЗХУ-ны хараанаас мултарч, төмөр савраас нь гарсан цагаасаа эхлэн сүүлийн хорин хэдэн жилд Монгол Улс харин ч нэг хяналтгүй, дур зоргоороо "бурдаг” болсон. Очсон газар болгондоо төр засгийнх нь удирдагчийн гараас атгангаа "Танайх манай гуравдагч хөрш” хэмээгээд өнөө уул уурхайн том ордуудаараа яриагаа чимэн "Таван толгой, Оюу толгойд хамтаръя. Та нар очоод ухаад олборлоод ав. Уран ч байна, олборло л доо. Юу л байна, ашигт малтмал байна, бидэнд. Та нарыг л хүлээгээд байсан ш дээ. Ээ дээ та нар бол манай улсын гуравдагч сайхан хөрш юм шүү” гэж манай бүх дарга нар хэлсээр ирснийг хэн хүнгүй мэддэг. Бүгд яг ийм л яриа хөөрөө дэлгэж, хөмсөг өргөн их л сайхан зан гаргацгааж "Монгол бол найрсаг ард түмэн” хэмээхэд нь дагалдаж яваа сэтгүүлчдээс эхлүүлээд учир мэдэх хүмүүс өмнөөс нь нүүр улайж, ичиж үхэхийн наагуур юм болдог.

С.Баяр ОХУ-тай уран, ашигт малтмал гээд олон зүйл дээр гэрээ хэлцэл хийж "За бушуухан очоод ухаад ав. Очиход чинь бүх юм жин тан байх болно” гэх ухааны юм ярьсан байдаг. Ингээд оросууд ярьсан, хэлснийхээ дагуу Монголд иртэл өнөө найрсаг яриа өдөөд байсан С.Баяр нь АНУ руу явчихсан сураг л үлдсэн. Тийм ч болохоор түүнд Оросын тал өөдтэй хандахаа байж хэлсэн үгэндээ эзэн болдоггүй, ярилцаж тохиролцсоноо булзааруулж, хариуцлагыг нь өөр хүн рүү түлхэж суурин дээрээ хэд ч эргэдэг гэж байх вэ дээ, түүнийг.

С.Баяр ч ганцаараа ийм зан гаргасан нь биш. Н.Энхбаяр Асгатын мөнгөний орд дээр оросуудыгаа мурьж л байсан удаатай. Манай төр засгийн удирдлагууд бүгд л хойно очихоороо чихэнд аль болох чимэгтэй үгс хүргэх гэж хүний санаанд оромгүй зүйлс ярьчихдаг. Худлаа гэвэл хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг ОХУ-д очиход Төрийн Думын "Төмөр хатагтай” гэгддэг В.И.Матвиенкогийн хэлсэн үг бүхнийг нотолно. Тэрээр "Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засч залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Би сайн нөхрийн хувьд танд найдаж байна” хэмээн зориуд тэмдэглэн хэлсэн нь бидний хувьд нүүр улайх байтугай юм боллоо. Энэ үгийг сонсч зогссон УИХ-ын дарга ичсэндээ барьц алдаад яажшүү нэг юм амьсгал бүтэн авч хариуг нь аятайхан хэлсэн бол гэхээс дотор харанхуйлна.

Зах зээлд шилжээд хүндхэн байхад гурил, будаа, хуурай сүү зэргээр мань хэдийнхээ бор ходоодыг дүүргэж байсан япончуудаа ч олон удаа "хошгоруулж” байсан. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд тэнд очихоороо л Таван толгойд аятайхан хамтаръя, Оюу толгой ч байна. Та нарын орон зай манай дэд бүтэц, уул уурхайн салбарт байж л байна. Манай үүд хаалга үргэлж нээлттэй. Танайх чинь манай донор, бидний энхрий хайрт гуравдагч хөрш шүү дээ. Том төслүүдэд минь хөрөнгө оруулж, цахилгаан станцуудыг бариад өг” гэнэ. Япончууд ч хэлсэн ярьсандаа, нягт нямбай улс учир манай хэдийн үгэнд итгээд төсөл хөтөлбөрөө бариад, мөнгөө чирч ирээд тендерт оролцдог ч тэднийг манайхан юу ч бодолгүй хасаад хаячихдаг. Өнөө яриад байсан найрсаг харилцаа, үүд хаалга үргэлж нээлттэй гээд байсан улс орны түвшний өндөр гэрээ хэлцэл нь яам, агентлагийн түвшинд очоод унтарчихдаг. Манайхан ямар ч тендерт өөрсдөө хороо найруулаад, тоо бодлогынхоо хариуг аль эрт гаргачихсан байдаг тул тэр мэт дипломат албан ёсны хэлэлцээр энэ тэрийг өчүүхэн ч тоохгүй шүү харин. Сүүлдээ япон түншүүд маань манай төр засгийн төлөөллийнхнийг айлчлалаар очиход харцнаас нь эхлүүлээд гар барилт нь хүртэл нэг л үл итгэсэн янзтай болж Ерөнхий сайд нь хүртэл "Байнга айлчлах юм. Айлчлах бүртээ хэлдэг хэдэн үгтэй. Тэр үгстээ эзэн болооч” гэж хэлээд авсан удаатай. Бизнесмэнүүд нь ч хармаан дахь зоосоо шигшиж сонсгоод "Мөнгө байна. Даанч та нарт итгэх арга алга. Өнөөдөр нэг сайдтай гар бариад гэрээ хийчихээд маргааш нь ажлаа эхлэх гэхээр өөр сайд гарч ирээд ажил зогсоочихдог. Та нар эхлээд дотроо учраа олоод туйлбартай болчих” гэж Ерөнхий сайдын айлчлалын үеэр эдийн засгийн форум дээр манай төлөөлөгчдөд хэлсэн нь бас л бодууштай.

Эхлээд дэлхий гайхдаг байлаа ш дээ, бидний найрсаг занд уяраад. Та бүхэн хараарай даа. Зах зээл гарсны дараахан ганц, хоёр жил болж байхад манайд зочилж ирсэн жуулчид монгол хүний цэвэр ичимтгий, найрсаг, зочломтгой занд "бүүвэйлэгдэн”, "Энэ үндэстэн чинь ёстой гэнэн цайлган хүмүүс юм. Найрсаг, элгэмсэг гэж жигтэйхэн хөөрхөн зантай хүмүүс байдаг юм байна” гэж улс орныхоо сонин хэвлэл, ном товхимолд тэмдэглэсэн байдаг.

Дэлхий нийт тайван замаар шилжилт хийж чадсан монголчуудыг 1990-ээд оны үед ингэж л хүлээж, ойлгож авсан. Гэтэл сүүлдээ биднээс зай барьцгааж шахаж эхэлж байна. Гэхдээ биднийг муу, муухай болохоо байсан аймшгийн улсууд гэж харахгүй байгаа нь авууштай. Бас яахаа ч алдчихсан тэнэг, мунхаг үндэстэн биш гэдгийг мэдрээд энд тэнд биедээ бөмбөг нууж тэслээд шашны янз бүрийн эвгүй үйлдэл гаргачихгүй ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм цаадуул чинь, уг нь.

Сүүлийн 800 жил, тэр дундаа Манжийн эрхшээлд байсан 200 орчим жилд монголчууд худлаа ярьж, хуурахыг л сурсан. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохируулж жүжиглэх, тэр хүний аяыг олж ямар ч дүрд хувирдаг тийм нэг олхиогүй зан түүхэн явцад бидний зан чанар, ерөнхий хандлагад суучихаж. Тэр зан нь яван явсаар сүүлийн 26, 27 жилд гаарч эргэн тойрныхондоо, түншүүд, хамт нэг дэлхийд амьдарч байгаа бусад үндэстэндээ сөрөг нөлөө үзүүлж байгаа учир тэрийг нь дэлхий ойлгоод хариу арга хэмжээ аваад эхэлчихлээ. Хулхиддаг занг нь л болиулах гэж мань хэдийг тэд шахаж байна.

Өнөө хүчирхэг гүрэн, Орос улс биднүүсээс болгоомжилж "Монголчууд яаж ч мэднэ. Улаанбаатар Москвагаар тоглож байж ч мэднэ. Сэрэмжтэй бай” гэдэг болж. Бидний найдваргүй, худалч зан тэр их гүрнийг хүртэл болгоомжлолд оруулаад авч. Манай урд хөрш биднийгээ чангалж байгаа. Монголчууд Хятадтай нэг нүүрээрээ "Мөнхийн хөрш минь. Хамтдаа энэ тивдээ хүчирхэгжиж, биедээ тусалж үргэлж сайхан хөршүүд явъя” гэж бурж бурчихаад нөгөө нүүрээрээ Далай ламыг уриад аваад ирчихсэн сэн. Үүнээс болоод Хятад яаж чангалж байгаа билээ, биднийг. Ерөөсөө л хэлсэндээ бай, ярьсан бол ярьсан. Бандан тас гэж яг юу байдгийг л ойлгуулах санаатай хатуурхаад байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бидэнд хандан хэлэлцээрийнхээ төгсгөлд "Хэлсэндээ байгаарай” гэж монголоор захиж байсан нь эртнээс л энэ гадны улсууд бидэнд сануулга өгөөд байсны илрэл. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд ч мань хэддээ итгэхээ байж үргэлж л данс тооцоогоо тулгаж, биднийг ярьсан зүйлсээ гүйцэлдүүлж үр шимийг нь үзэх тэсвэр тэвчээртэй бай гэж үе үе зөвлөх болсон.

Аливаа улс үндэстний нэгдмэл, чадамжтай байх үндэс нь төр засгийн залгамж чанар. Энэ чанар манай улсад алдагдаад удаж байна. Урьд тохиролцсон зүйл хичнээн ч засаг, төр солигдож сонгууль боллоо ч хойшид үргэлжлэх ёстой гэдэг алтан дүрэм, бичигдээгүй хуулийг манайхан мэддэггүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар эдийн засаг хүндэрчихлээ, элгээрээ мөлхөж байна, манай улс ер нь дампуурчихлаа, "будаа” боллоо гэж зарласан нь нэг ёсондоо бүх юм дууссан шүү, урьд хэлсэн ярьсан, гарын үсэг зурсан хэлэлцээр, гэрээ бол одоо явахгүй шүү гэдэг ойлголтыг гадныханд өгчихсөн. Өмнөх гэрээ хэлцэл өөрсдөд нь, намд нь хамаагүй гэж хэлэх гээд тэгсэн ч юм уу. Манай сайд, дарга нар амныхаа зоргоор ингэж л мэдэгдэл хийцгээдэг. Хариуцлагатай байх, төр нь төр шиг байх чанар үнэндээ монголчуудад үгүйлэгдэж байна.

Айлд намар шиг, гэртээ хавар шиг гэдэг нүүдэлчдийн үг бий. Айлд зочлохоороо сүрхий сүрхий юм ярьж нэг л их налайж аз жаргалдаа умбасан, хүн бүрийг л гэртээ урьж, дайлж цайлна гэж элбэг хангалуун загначихаад гэрт нь очихоор хаврын хуйсагнасан зэвэргэн тарчиг өдрүүдийг санагдуулам зан гаргаж, хоосон, дутуу, байхгүйгээ зарлаж хачин зан гаргадаг айлууд бий. Бид тийм л болчихож. Хөрөнгө оруулаарай, бидэнтэй хамтраарай гэж урьчихаад ирэхээр нь шоронд бариад хийчихнэ. Элдэв татвар нэхэж дарамтална, гарын үсэг зурж хэлэлцээр хийчихсэн мөртлөө ирэхэд нь өөр хүнтэй тохирчихсоон гэж хээвнэг сууж л байдаг бүдүүлэг хүмүүс болж. Алсын бодолгүй, өнөө маргаашийн ахархан, холч ухаангүйн зовлон нь л энэ. Энэ зовлон төрд очиж наалдахаараа төрийн залгамж чанар үгүй болж, нэг сайд нь гарахаараа өмнөхийгөө үгүйсгэж хийж байсан ажлуудыг нь тас цохин зогсоодог. Айлд очихоороо намар шиг байсан юм бол гэртээ ирээд ч намар шиг загнаж чаддаг байхыг л дэлхий нийт хүсээд байгаа учир биднийг хүн болгох санаатай л тал талаас чангалж байна. Түүнээс өөрөөр биднийг яав л гэж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ШИНЭ ОН | 2016/12/27 21:01
БОЛЬЁ ОО