Ээж, аавууд УТААНЫ ЭСРЭГ


 

Утааны эсрэг ээж аавууд өнөөдөр жагслаа. Тэдний өнөөдрийн жагсаал тайван жагсаал тэд дараах шаардлагыг төр засгийн хэмжээнд хүргүүлж байгаа ажээ. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онц байдал зарлаж, шаардлагатай арга хэмжээ авах”-ыг шаардсан байна. Мөн Засгийн газарт хандан энэ сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа өргөтгөсөн байдлаар хийж Баянхошуунд хуралдуулах, Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг ирэх оны 1-р сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах, Агаарын бохирдлын хэмжээг 2017 онд 80 хувь бууруулах нэгдсэн төлөвлөгөөг ирэх оны 1-р сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах зэрэг шаардлагыг хүргүүлэхээр болсон байна. мөн Нийслэлийн захиргаанд хотын цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгчийг 12-р сарын 31-ний дотор байршуулах, энэ оны 11-р сарын 15-аас хойш хотын утаанаас дайжин сувилуулсан жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудын зардлын 50 хувийг нөхөн олгох мэт шаардлага хүргүүлж байгаа аж. Эдгээр шаардлагынхаа хариуг 1-р сарын 10-ны дотор авахаа мэдэгджээ.

Мөн нийт цугларсан иргэдээс 900 өргөдөл бичүүлж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээ ч энэ үеэр мэдэгдэж байлаа.  

Утаанд хийсгэсэн 140 тэрбум:

Ер нь агаарын бохирдол нэрийн дор манай улс сүүлийн 15 жилийн дотор 140 орчим тэрбумыг зарлагадсан гэдэг боловч утаа багасах нь бүү хэл улам нэмэгдэж өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Дээрх мөнгөн дүнгийн ихэнх нь үе, үеийн дарга нарын бизнесийг дэмжих, халаасыг нь зузааруулахад зарцуулагдсан гэж хардах хүмүүс ч байдаг юм.

"Утаагүй зуух” гэх мэтийн гоё нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байсан бол энэ жилийн хувьд "Агаар шүүгчтэй маск” хүчээ авч, цөөхөн нөхдийн амьдрал дээшлэх нь тодорхой болоод буй. Мөн Засгийн газрын зүгээс шөнийн тарифыг тэглэхийн тулд 3,5 тэрбумыг мөн л салхинд хийсгэх болсноо хэлсэн. Учир нь өнөөдрийн байдлаар шөнө хоол цайгаа хийж, гэр орноо шалны халаалтаар дулаацуулдаг айл байхгүй нь ойлгомжтой.

Дэлхийн өвчний дарамтын 2013 оны судалгаагаар Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлж байгаа эхний гурван өвчин агаарын бохирдолтой холбоотой нь батлагдсан байдаг байна. Үүний нэг нь уушгины хатгалгаа аж.

Сонирхуулахад:

Их Британийн нийслэл Лондон хотноо олон сая автомашины хөдөлгүүрээс гарах утаа хүүхэд болон хөгшчүүдийн эрүүл мэндэд хор учруулж байгаагийн эсрэг залуус дуу хоолойгоо нэгтгэн 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр жагсч, 18-25 насны залуус дизель түлшнээс ялгарах утааны хор хохирлыг таниулж, сурталчилсан  зурагт самбарыг өөрсдийн мөнгөөр хэвлэн, хамгийн их бохирдолтой дүүргүүдэд байршуулсан байна. Зурагт хуудсуудад Лондон хотноо жил бүр 9000 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байгааг бичжээ. 

Өмнө нь 1950-аад оны эхээр Лондон хотноо нэг өвлийн дотор 12000 хүн агаарын бохирдлын улмаас нас барсан гашуун түүх бий. Тухайн үед ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулж байжээ. Английн эрх баригчид Цэвэр агаарын хууль баталснаар Лондон хот хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чадсан байна.

Энэтхэгийн Шинэ Дели хот агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд ордог. Сүүлийн арван жилд  Дели хотноо тоосжилт, автомашины утаа, хог шатаасан утаа зэргээс үүдэн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ. Дели хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард тус хотын агаарын чанарыг хэмжиж үзэхэд 999 буюу "Маш аюултай” түвшинд хүрснийг мэдээлжээ. Үүний дараа оршин суугчид агаарын бохирдлын эсрэг маск зүүн, хорт утаагаар амьсгалахгүй хэмээн жагсаал зохион байгуулсан байна. Улмаар хотын захиргаанаас онц байдал зарлан, агаарын бохирдлыг бууруулах 13 алхмыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Хятадын нийслэл Бээжин болон бусад томоохон хотуудын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь автомашин, нүүрс, аж үйлдвэр зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг. Хятадын Гуандун мужийн иргэд өнгөрсөн арваннэгдүгээр сард нүүрс шатаадаг үйлдвэрүүдийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Жагсагчид үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхийн эсрэг оршин суугчдын гарын үсгийг цуглуулж, олон мянган хүнийг нэгтгэж чаджээ. 

Эх сурвалж: Ардчилал.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.