МАХН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, нарийн бичгийн даргын алба хашиж байсан У.Барсболд намаасаа гарсан. Гэхдээ түүний нэр холбогддог асуудлууд анхаарал татсан хэвээрээ. Нам дотор хаалттай хэлэлцсэн нууц асуудлуудыг гадагш задалсан, мөн орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө бус эсрэг намын төлөө ажилласан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдан намаасаа хөөгдсөн гэх тэрбээр цагтаа Монгол төрийн сайд явлаа. Гэхдээ тэрбээр бараан мэдээлэлд нэг биш удаа холбогдож, улстөрийн карьераа унагасан гэхэд болно. Учир нь тэр бол оффшортонгуудын нэг гэдгийг сануулахад гэмгүй байх. Монгол төрийн сайд хүн гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудлын тоо дахиад нэмэгдсэн нь У.Барсболд байсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн аралд Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн гэх мэдээлэл олны нүд чихийг сортойлгож байв. Уг нь бол С.Баярцогт шиг л яригдах ёстой хүн юм л даа.
Түүнийг хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч ирсэн. Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг.
Тэрээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,
-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань
-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань
-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань
-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг.
Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байсан гэх мэдээлэл бий. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил уу гэдэг асуулт дагуулдаг.
Ямартай ч өдгөө стратегийн орд болгох учиртай гэгдэж буй Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрээр өөрийн "Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу "МоЭнКо”ХХК байгуулагджээ. Эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг.
У.Барсболд Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарсан гэх асуудалд холбогддог. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч, уг хэрэг "Түмэнхүү”-гийн хэрэг гэгдэн өөр нэгэнд тохогдоод дуусчээ. Түмэнхүү гэдэг нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах гэгддэг. У.Барсболдтой холбоотой мэдээллүүд энэ мэтээр цөөнгүй.
Уг нь манай талаас стратегийн ордын жагсаалтдаа Хөшөөтийг албан ёсоор багтаачихвал Хөшөөтийн ордыг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг "Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын хувь эзэмшлийн асуудал ч албан ёсоор босч ирэх ёстой. Тэр үед У.Барсболд эрхмийн нэр ч нэлээд тод яригдаж таарах юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл