МАН-аас албан тушаал нэхэгчид “цагаандаа гарлаа”


Уул уурхай, хүн үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон. Тиймээс одоогоор тус яамыг сайд Ц.Дашдорж ганцаараа удирдаж байна. Гэхдээ энэ албан тушаалд хэн нэгэн томилогдох нь ойлгомжтой. Харин хэн бэ? энэ асуултаас үүдэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын төлөөх өрсөлдөөн МАН дээр ширүүслээ.

 

 

Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах зэрэг хүмүүс уг албан тушаалд яригдаж байгаа хэдий ч намын томчууд буюу Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нараар толгойлуулсан бүлэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, намын дарга даа шаардлага хүргүүлээд байна.

 

 

Шаардлагаас харахад нэр бүхий 10 гишүүн Н.Төмөрхүү, Б.Төмөрчулуун нарыг бус харин Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.ЗагджавыгУул уурхай, хүн үйлдвэрийн дэд сайдад зүтгүүлж байгаа аж.


ОХУ-тай дипломат харилцаа "хүйтэрсэн", БНХАУ-тай үл ойлголцсон энэ цаг үед төр засгийн түвшинд энх тайван найрамдлын байгууллагаар дамжуулан, найрсаг харилцааг бий болгох зорилготой гэж тайлбарлаж байгаа. Гэвч нөгөө талаас нам нь ялсан ч тодорхой албан тушаалд хүрч чадалгүй үлдсэн хүн бол липерүүдийн нэг П.Загджав болчихоод байна.

 

 

Түүнийг "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар эсвэл ямар нэг салбарын сайдаар томилогдоно гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан ч "Энх тайван найрамдал” гэх гуншингаас өөр албан тушаалгүйгээр хоцорчихоод байгаа юм. Тиймээс л цагтаа мөр зэрэгцэн зүтгэж явсан намын нөхөд нь түүнд албан тушаал өгөхөөр улаан цагаандаа гарч, намын дарга руугаа ийнхүү шаардлага хүргүүлээд байна.

Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболд гаргах юм. Д.Загджавын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, намдаа өндрөөр үнэлэгдэх улс төрч. Гэвч нам нь олонх болж, засгийн эрх барьсан ч албан тушаалгүй л явна. Магадгүй үүнийгээ намынхаа нөхдөд илэрхийлж, нөгөө хэд нь намын даргаасаа албан тушаал шаардсан ч байж болох юм.


Засгийн эрх барьж байгаа хүмүүс яаж авирлах нь тэдний л эрх юм хойно доо. Гэхдээ л ёс зүйтэй байх хэрэгтэй юм шиг. Хамгийн их ёс зүй ярьдаг хүмүүс/УИХ-ын гишүүд/ энэ шаардлагыг манлайлан оролцсон байна шүү дээ. Засгийн газрын гишүүн гэдэг ялсан нам гишүүддээ өгдөг шагнал биш баймаар...


А.Аюуш

Үндэстэн агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.