Гадаадад хөрөнгө оруулахын тулд онцгой шалтгаан байх ёстой. Бизнесээ өргөтгөн, зах зээлээ тэлж, илүү ашиг олохыг хөрөнгө оруулагчид зорьдог. Монголын уул уурхайд хөрөнгө оруулах гол шалтгаан нь эрдэс баялгийн нөөц их, Хятадын аварга зах зээлтэй ойр байршил нь. Гэхдээ тухайн эрдэс баялгийг хайх, олох, олборлох, тээвэрлэх зардал нь борлуулалтын үнээс доогуур, урт хугацаандаа ашигтай байх ёстой, үгүй бол орхиод л өөр улсыг зүглэнэ. Яг ийм шалтгаанаар олон хөрөнгө оруулагч Монголоос гараад явчихсаныг бид мэднэ.
Харин уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулах боломжтой юу, үүнд ямар саад байгаа, ашигтай, эсэх тухайд гадаадынхан өдгөө юу гэж үзэж байна? Япончууд хэрхэн дүгнэж байгаатай танилцах боломж саяхан тохиов. Засгийн газрын зээл, тусламж хариуцсан ЖАЙКА гэдэг байгууллага нь Японы компаниудын дунд энэ талаар нарийвчилсан санал асуулга, судалгаа явуулж, дүгнэлт гаргажээ. Энэ ажлыг Японы бизнесийг дэмждэг ЖЕТРО гэх мэт томоохон холбоод, Монголын ЭСЯ, Осака дахь Консулын газартай хамтран хийсэн байна.
Судалгаанд 150 хүн оролцсон бөгөөд тэдний 12 хувь нь үйлдвэрлэл, 7.5 хувь нь барилга, 2.5 хувь нь уул уурхай, 3.5 хувь нь жижиглэн худалдаа, 12.5 хувь нь бөөний худалдаа, 7.5 хувь нь мэдээлэл, харилцаа холбоо, 12.5 хувь нь тээвэр, 41 хувь нь бусад салбарын төлөөллөөс бүрджээ. Оролцогсдын 40 хувь нь Монголд бизнес хийж байгаа, 40 хувь нь бизнес эхлээгүй, төлөвлөж буй хүмүүс гэнэ. Япончууд Монголыг хэрхэн харж байна вэ?
ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН ТӨРХ
Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөнөөс хойш уруудсаар 2016 онд бүр зогсов. Шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ унасан, Хятадын эдийн засгийн өсөлт суларсантай холбоотой гэнэ. Гэхдээ эдийн засаг 2017 онд 2.5, 2018 онд 5.7, 2019 онд 7.9, 2020 онд 10.5 хувиар тус тус өсөх магадлалтай. Нэг хүнд ногдох ДНБ нь 4000 америк доллароос давж, дунд орлоготой орны тоонд нэг үе багтсан бөгөөд 2018 оноос тэр түвшиндээ эргэж очно. Гэвч энэ орлого нь аймаг орон нутгаар ялгаатай, хамгийн их, бага орлого нь дөрөв дахин зөрүүтэй байгаа нь хөгжил жигд бишийг харуулна.
Бүтцийн хувьд уул уурхайн салбар 2005 оноос хойш эдийн засгийн тавны нэг нь буюу хамгийн гол хөдөлгүүр болтлоо тэлсэн бөгөөд түүний араас нь худалдаа (17 хувь), хөдөө аж ахуй (13), аж үйлдвэрлэл (10) жагсаж байна. Монголчуудын өнөөгийн тулгамдсан асуудал бол газрын доорх (зэс, нүүрс, алт) биш, газрын дээрх (мал аж ахуй, газар тариалан) баялагтаа тулгуурласан бүтэцтэй болох юм.
Монгол Улсын эдийн засагт гадаадаас нийтдээ 14.2 тэрбум америк долларын хөрөнгө оруулсны дөрөвний нэг нь Хятад улсынх, тал нь оффшор бүсийнх аж. Үүний ихэнхийг нь (дөрөвний гурав нь) уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй бол худалдаа, үйлчилгээний салбарт 17, тээвэрт 1.5 хувь нь оржээ. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2013 он хүртэл алдагдалтай, түүнээс хойш эерэг гарсан нь нийт импорт огцом багасаж, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах үнэ буурсантай холбоотой. Экспортын 84 хувь нь Хятад руу, бараг бүхэлд нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг бол импортын гуравны хоёрыг Хятад, Орос бүрдүүлдгийн хагас нь хойд хөршөөс авч буй шатахуун аж. Монгол бол олсон валютынхаа тавны нэгээр шатахуун худалдаж аваад шатааж орхидог улс.
Ажилгүйдлийн түвшин найман хувь байгаа ч, гадаад, дотоодод дээд боловсрол эзэмшсэн залууст тохирсон ажил олддоггүй. Хөдөлмөрийн хуулиар ажилчдын эрх ашгийг маш сайн хамгаалсан байдаг. Менежерийн цалин Улаанбаатарт сард дунджаар 1.2 мянган доллар байгаа нь Бээжингээс бага ч, Жакарта, Ханой, Янгоноос олон дахин өндөр гэжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАВУУ, СУЛ ТАЛ
Дэлхийн банкны 2016 оны тайланд дурдсанаар Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноороо 190 улсаас 64 дүгээр байранд эрэмбэлэгдсэн юм. Хөрөнгө оруулах давуу тал нь гэвэл, нэгд, газрын доорх болон дээрх баялаг ихтэй. 80 төрлийн ашигт малтмалын 6000 ордтой, зэс, алт, нүүрс, ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог, бас жонш, молибдений ихээхэн нөөцтэй. Газар нутгийн 80 хувь нь газар тариалан, мал аж ахуйд ашиглах боломжтой, нийт 56 сая толгой малтай, дэлхийн ноолуурын 30, тэмээний ноосны талыг нийлүүлдэг. Махны сэргээгдэх, арвин нөөцтэй. Хоёрт, Японтой элэгсэг, дотно харилцаатай, тэнд одоо 1548 оюутан сурч байгаа нь 10 мянган хүнд 5.3 буюу дэлхийд тэргүүлэх үзүүлэлт, сүмо бөхөөр дамжин иргэд улам дотно болж байгаа. Гуравт, шинээр хөгжиж буй зах зээл учир өрсөлдөөн бага, боломж их, гэхдээ Хятадын компанид илүү давуу эрх олгодог. Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын орчин хязгаарлалт багатай буюу жижиг, дунд үйлдвэрлэлийн орлогын татвар бага, гадагшаа мөнгө шилжүүлэхэд чөлөөтэй. Тавдугаарт, Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулаад өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн зэрэг болно.
Тэгвэл сул тал нь юу вэ? Нэгд, зах зээлийн хувьд бага буюу хүн ам цөөн, маш сийрэг. Хоёрт, ложистикийн зардал өндөр, хугацаа урт, тээврийн дэд бүтэц сул, жишээ нь 40 футийн чингэлгийг Улаанбаатараас Японы эрэг хүртэл тээвэрлэхэд 5400, Бээжингээс 1900, Ханойгоос 3440 долларын өртөгтэй. Гуравдугаарт, улс төр, засаглалын тогтворгүй байдал, дөрөвдүгээрт, эдийн засгийн тогтолцоо болон хувийн хэвшлийн төлөвшил тогтворгүй, тавд, байгаль, цаг уурын хүндрэл буюу эрс тэс уур амьсгалтай, өвөл их хүйтэн, зургадугаарт, Хятадын болон Өмнөд Солонгосын компаниудтай өрсөлдөхөд япончуудад хэцүү гэж дүгнэжээ.
МОНГОЛЫН БИЗНЕСТ ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ
Монголд бизнес хийхэд япончуудын хувьд дараах гурван асуудал тулгардаг болохыг санал асуулгаар тодруулсан байна. Санал асуулгад оролцогсдын 46 хувь нь Монголын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, 28 хувь нь хөрөнгө оруулалтын орчин болон тогтолцооны мэдээлэл хангалтгүй, 20 хувь нь түнш олох, түүнтэй холбоотой зээл гэх мэт мэдээллийг шалгах боломж хомс, 2.7 хувь нь хаанаас зөвлөгөө авах нь тодорхойгүй, дөрвөн хувь нь бусад асуудал гэж хариулжээ.
Энэхүү дүгнэлтийг төр засгийн тогтворгүй болон хувийн хэвшлийн төлөвшөөгүй байдал гэсэн хоёр бүлэгт хувааж болно. Монголд төр засгийн удирдлага солигдох бүрт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэж буй нь бизнест ихээхэн чирэгдэл дагуулдаг бөгөөд төр засгийн зөвшөөрөл, тендертэй холбоотой байгууллага, ажилтнууд нь үргэлж өөрчлөгдөх, эсвэл томилгоо нь сунжрах, тэгээд голдуу л бүх ажлаа шинээр эхлэхэд хүрдэг. Бодлого, дүрэм журам нь ч үргэлж өөрчлөгддөг зэргийг дурджээ.
Хувийн хэвшлийн хувьд ч зарим нь групп, холдинг, корпорац зэрэг нэртэй боловч тэр компани, тэдгээрийн "охид”-уудынх нь тухай мэдээлэл авах боломж байхгүй, тухайн аж ахуйн нэгжийн удирдлага нь ойлгомжгүй, ихэнхдээ аав нь захирал, хүүхэд нь дэд захирал, эхнэр нь ТУЗ-ийн гишүүн гэсэн албан тушаалтай, яг хэдэн хүнтэй, ямар зээлтэй тухай хараат бус мэдээллийн олдоц бага учир найдвартай түнштэй болоход хэцүү гэж Японы бизнесмэнүүд ярьдаг аж. Үнэхээр ч Монголд 100 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн ч, тал нь юу ч хийдэггүй, үйл ажиллагаа явуулж буйгаас 3700 компани л гишүүдийнхээ тухай мэдээллийг баталгаажуулдаг, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн гэнэ.
Монголд хөрөнгөө оруулахыг Японы бизнесмэнүүд өнөөдөр хэрхэн харж буйг толилуулахад ийм байна.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
Сэтгэгдэл