Гэрээт салбаруудынхаа ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛӨӨД өгөөч, Д.Болор захирал аа!


Гэрээт салбаруудынхаа ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛӨӨД өгөөч, Д.Болор захирал аа!

 

"Ирээдүйг Өнгөлнө” гэсэн их л сайхан уриатай Стайтел компанийн нөхцөл байдал амаргүй байгаа гэх мэдээлэл гарах болов. Санхүүгийн алдагдалд ихээр орох болсон тус  компани  ажилчдаа олноор  цомхотгоод эхэлчихсэн гэнэ. Түүнчлэн Скайтел компанийг  гэрээт салбарууд нь шүүхэд өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Скайтелийн төв компани гэрээт салбаруудаа эдийн засгийн хямралд оруулж, хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн байна. Тиймээс ч санхүүгийн хүнд байдалд байгаа гэрээт салбарууд нь Скайтел компанийг шүүхэд өгчээ.  Одоогийн байдлаар  гурван салбараас төв Скайтелийг шүүхэд өгчээ. Тиймээс уг асуудлыг энэ сарын 31-ны өдөр МХАҮТ-ийн дэргэдэх үндэсний болон Олон улсын Арбитрын шүүхээр хянан хэлэлцэх тов гарсан байна.

Тэгэхээр ”Шинэчлэлд зогсолтгүй тэмүүлэн шинэ үнэ цэнийг бүтээж, байгалд ээлтэй, менежментээрээ манлайлан, хүний хөгжлийг дээдлэх” болно гэдэг Скайтел компани хэдэн гэрээт салбарынхаа үйл ажиллагаанд тээг саад болж байгаа  бололтой.

Тус компанийн захирал Д.Болор "Ирээдүйг Өнгөлнө” гэсэн урианыхаа талаар их л сайхан зүйл ярьсан байдаг.  Тэрбээр "Монголчуудын хувьд  өнгөлнө, өнгөтэй байна гэдэг нь ирээдүйтэй, хийморьтой, хурдтай, эрч хүчтэйг илтгэдэг. Өнгөлнө гэдэг нь магнайд нь, тэргүүнд нь манлайлж явна, тэргүүлж яваа, шилдэг, ирээдүйг тодорхойлогч гэсэн утга илтгэнэ.

Өнгө гэдэг нь мөн баяр баясал, аз жаргал, технологийг илэрхийлнэ.

Ирээдүйг өнгөлнө… гэдгээрээ бид хүмүүст илүү гэгээлэг ирээдүйг бүтээхэд нь дэмжлэг болохоо амлаж, бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиороо манлайлагч байхыг бэлгэдсэн. Төгсгөлд нь гурван цэг тавьсан байгаа. Энэ нь манай давуу талууд, гол ялгарлыг дуудаж байгаа ба олон хэлбэрээр хувирах, олон талаараа тэргүүлэгч байх орон зай болж өгч байгаа юм.

"Скайтел” компани өнөөдөр хамгийн өргөн, өндөр хурдны сүлжээг орон даяар байгуулсан, Монголын №1 Дата оператор гэж зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Манай хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ ашиглаж байна. 2016 онд 80%-д хүрнэ гэж бид таамаглаж байгаа. Манай хэрэглэгчид бусад операторуудын дунджаас хэд дахин илүү дата хэрэглээтэй, ухаалаг хэрэглээг эзэмшсэн байгаагаар бид бахархдаг. Цаашдаа ч бид бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиороо олон шинэ Өнгийг тодорхойлох болно.”  гэсэн байдаг.

Гэтэл бодит байдал дээр хэдэн гэрээт салбарынхаа ирээдүйг өнгөлөх биш баллаад хаячихаж байна уу гэдэгт хариулт нэхсэн мэдээллүүд гарч байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.