МИАТ-ийн хоолны монополь нийлүүлэгчийг хэн хамгаалдаг вэ?


МИАТ-ийн хоолны монополь нийлүүлэгчийг хэн хамгаалдаг вэ?

 

Онгоцоор нисэж үзсэн хүн бүр "Нүхт Тур” ХХК гэхээр мэднэ дээ. "Нүхт Тур” бол МИАТ компанийн нислэгийн үеийн хоол буюу катерингийн үйлчилгээг нийлүүлдэг компани.

 

Энэ компанитай холбоотой янз бүрийн таагүй мэдээлэл сүүлийн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салаагүй. Гэрээг сунгасангүй гэж ТӨХ болон МИАТ компанитай заргалдлаа л гэнэ. НМХГ-аас МИАТ-д нийлүүлдэг хоолонд нь шалгалт хийхэд нэлээд асуудал илэрлээ гэх. Хамгийн гол нь МИАТ-аар үйлчлүүлсэн хүмүүс тийм ч таатай сэтгэгдэлгүй газарддаг нь нууц биш. Үүнээс болоод МИАТ-ийн өмнөх гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг "Нүхт Тур” компанид тал заслаа, ийм их зөрчил илрээд байхад гэрээ сунгасаар байгааг юу гэх вэ гээд л хэвлэлүүд бичиж байжээ.

 

Тэгвэл МИАТ компанийнхан өнгөрсөн оны сүүлчээс эхлэн "Нүхт Тур” компанийн үйлчилгээ болохгүй байна. Тиймээс энэ үйлчилгээг үзүүлэх компанийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах шаардлага байгааг холбогдох байгууллагуудад мэдэгджээ. 

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамираас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, "Нүхт Тур” ХХК-ийн захирал Д.Хоржав нарт илгээсэн албан бичиг бидэнд байна. Өмнө нь Т.Тамир захиралд Зам, тээврийн хөгжлийн яам болон "Нүхт Тур” ХХК-аас албан бичиг хүргүүлсэн аж. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамнаас "Нүхт Тур” ХХК болон МИАТ ХК-ийн хооронд байгуулсан Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 2009 оны долдугаар сарын 23-ны өдрийн Удирдлагын гэрээг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн сунгаж, хамтран ажиллах тухай 01/1869 тоот албан бичиг илгээжээ. Харин "Нүхт Тур” ХХК-аас Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэн ажиллах тухай 1591 тоот хүсэлтийг мөн МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт ирүүлсэн байна.

 

Үүний хариуд МИАТ ХК-иас  Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд 01/4227 тоот, "Нүхт Тур” ХХК-ийн захирал Д.Хоржавт 2017 оны нэгдүгээр сарын 2-нд 01/01 тоот албан бичгээр хариу илгээсэн байна.

 

Түүндээ "Нүхт Тур” ХХК нь 2009 оноос эхлэн МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн хоолыг ханган нийлүүлж байгаа. Гэвч тус онд байгуулсан гэрээний 2.1.3-т "Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэж заасан хэдий ч Зам тээврийн яам, ТӨХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар зэрэг байгууллагуудаас ирсэн удаа дараагийн албан бичиг, шаардлагыг хүндэтгэн үзэж 2011, 2015, 2016 онд уг гэрээг сунган, хамтран ажилласаар ирсэн гэдгийг дурджээ. Үүгээр бол сунгах хязгаар дуусаад хоёр жил болж байна гэсэн үг. Нөгөө талаар МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирын албан тоотыг харахад нэгэн ноцтой зүйл ажиглагдаж байгаа нь катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг дээрх нэр бүхий төрийн байгууллагуудаас МИАТ ХК-д үүрэг даалгавар өгөх замаар, хүчээр шийдвэрлүүлж байсан болж таарч байгаа юм.

 

Тиймээс ч МИАТ ХК-ийн удирдлагууд энэ маягаар цаашид үргэлжлэх боломжгүй гэдгийг нийлүүлэгч компани болоод, Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдсэн нь энэ бололтой юм. Тус компаниас Зам, тээврийн хөгжлийн сайдад илгээсэн албан тоотод "...Олон улсын агаарын тээврийн үйлчилгээний чанар стандартыг ханган ажиллах, бизнесийн өрсөлдөх чадвар, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх болон зорчигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж ажиллах нь компанийн эн тэргүүний зорилт хэдий ч нислэгийн үеийн үйлчилгээний гол цөм болох катерингийн хоол хүнс асуудал дагуулсаар байгаа төдийгүй энэ нь зорчигчдын сэтгэл ханамж цаашлаад компанийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна. "Нүхт Тур” ХХК-тай хамтран ажилласан гэрээний хугацаанд 60 гаруй гомдлоос зорчигчийн халуун хоол болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс амьд хорхой, хумс, шавьж, үс, шил, шруп, яс илэрсэн төдийгүй, хоолны амт чанарын талаар шаардлага тавьж, шүүмжлэл гарсаар байна. /Хавсралтад гадаадын болон дотоодын катерингийн үйлчилгээний чанарын талаарх гомдлын харьцуулсан судалгааг хавсаргав/.

 

"Нүхт Тур” ХХК болон МИАТ ТӨХК-ийн гэрээ 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулж МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн катерингийн үйлчилгээг дотоодын болон олон улсад нээлттэй тендер зарлах бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусах хүртэл "Нүхт тур” ХХК-тай хамтран ажиллах саналтай байгаа юм.

Нээлттэй тендер зарлах нь МИАТ ТӨХК-ийн зорчигчдын үйлчилгээг /нислэгийн үеийн катерингийн үйлчилгээ болон бизнес танхимын үйлчилгээ/ цогц байдлаар шийдвэрлэх чухал алхам болох төдийгүй олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудлын хүчин чадал, чанар стандартад нийцүүлэх зах зээлийн таатай орчин бүрэлдэх юм.

 

Иймд эрхэм Сайд таныг МИАТ ТӨХК-ийн ойрын ирээдүйн энэхүү бизнес төлөвлөгөөг хүндэтгэн үзэж, хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд бидний бизнесийн өрсөлдөөний чөлөөт орчныг дэмжин ажиллана гэдэгт гүнээ найдаж байна” хэмээн тайлбарлажээ.

 

Харин "Нүхт Тур” ХХК-ийн захирал Д.Хоржавт илгээсэн хариундаа "...Нислэгийн үеийн гол цөм нь катерингийн үйлчилгээ хэдий ч хоол хүнсний эрүүл ахуй, чанар, амт асуудал дагуулсаар байгаа төдийгүй энэ нь зорчигчдын сэтгэл ханамж, цаашлаад компанийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна. /Зорчигчдоос ирсэн гомдлын хураангуй болон гадаад дотоодын катерингийн үйлчилгээтэй холбоотой гомдлын харьцуулсан судалгааг хавсаргав/. Нөгөөтэйгүүр, 2012 онд Sкуtгах-аас МИАТ ТӨХК-ийн үйлчилгээний чанарт өгсөн гурван одны үнэлгээний дагуу ирүүлсэн зөвлөмжид хоолны чанарын талаар дурдахдаа "Энгийн болон бизнес ангиллын хоол нь дөрвөн одыг хангахад тогтсон стандартгүй бөгөөд зөвхөн Инчеон болон Нарита-гаас эхлэлтэй катерингийн үйлчилгээ сайн үнэлэгдсэн”-ийг тэмдэглээд цаашид хоолны чанарыг сайжруулж ажиллах талаар зөвлөсөн байдаг.

 

Цаашид МИАТ ТӨХК нь зорчигч үйлчлүүлэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавьж ажиллахын сацуу компанийн бизнесийн өрсөлдөх чадвар, агаарын тээврийн үйлчилгээний чанар стандартыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллах зорилтын хүрээнд дотоодын болон олон улсад нээлттэй тендер зарлах бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтыг зохион бай­гуулж дуусах хүртэл танай компанитай хамт­ран ажиллах саналтай бай­гааг үүгээр дуулгаж байна.

 

Иймд дээрх саналыг хүндэтгэн үзэж, МИАТ ТӨХК-ийн ойрын ирээдүйн энэхүү бизнес төлөвлөгөөний дагуу бизнесийн чөлөөт орчинд хууль эрхзүйн зохицуулалтын дагуу ажил­лах боломжийг дэмжинэ гэдэгт гүнээ найдаж байна” гэсэн байгаа юм.

Ингэхдээ 2013-2016 оны хооронд МИАТ ХК-ийн "Хэрэглэгчийн дуу хоолой” хөтөлбөрт бүртгэгдсэн хоолтой холбоотой гомдлуудыг нэгбүрчлэн хавсаргасан байна.

 

"Нүхт Тур” ХХК-ийн катерингтай холбоотой 2013 оноос өнөөдрийг хүртэлх гомдлыг "тоолоход” 2013 онд 26, 2014 онд 18, 2015 онд тав, 2016 онд 72, 2017 он гарсаар хоёр иргэн МИАТ ХК-д хандсан байна. 

 

Энэ мэтчилэн МИАТ ХК-д өөрсдийнхөөрөө менежмэнт хийх, катерингийн үйлчилгээг олон улсын төвшинд нийцүүлэх шаардлага байгаа нь тодорхой харагдаж буй. Тун удахгүй манай улсын хувьд аялал жуулчлалын улирал эхэлнэ. Гэтэл дээр дурдсанчлан үндэсний авиакомпанийнх нь нислэгийн хоолноос амьд хорхой, хумс, шавьж, үс, шил, шруп, яс гардаг. Түүнчлэн хоолны амт чанарын талаар үйлчлүүлэгчдээс хэдэн жилийн турш гомдол ирж, шаардлага тавьж, шүүмжилсээр сууж байх уу.

 

Хэрэглэгч бол хаан гэдэг. Бизнесийн, төрийн үйлчилгээний ийм алтан дүрэм хэрэгжүүлсээр удаж буй.

Гэтэл хэрэглэгч, үйлчлүүлэгчид хэдэн жилийн турш "..МИАТ-ийн хоол муу байна,  хордлого авлаа, амт чанаргүй байна, хоолноос янз бүрийн юм гарлаа” гэж гомдоллосоор ирсэн байна. Гэтэл хаа байсан 2009 онд нэг гэрээ байгуулчихаад, түүнийг нь ямар ч сонгон шалгаруулалтгүй, хяналт шалгалт, иргэдийн гомдлыг үл тоон хүчээр сунгасаар ирсэн нь анхаарал татаж байгаа юм.

 

Хамгийн хачирхалтай нь "Нүхт Тур” компанийн гэрээг хүчээр сунгуулсаар өнөөдрийг хүрсэн байна гэдгийг дахин хэлье. Тэгэхээр энэ компанийн эрх ашгийг хэн хамгаалдаг вэ гэдгийг нийтэд ил болгох цаг нэгэнт болжээ.

Эцэст нь, үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл өрсөлдөөн л байх ёстой гэдгийг сануулъя. Монгол төрийн өмчид монополь тогтоож, халдах учиргүй билээ.


Б.ДАМДИН-ОЧИР



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.