"Дэлхийн хэмжээний иргэнийг бэлтгэхэд багш нарын үүрэг, роль” сэдэвт хуралд оролцож монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд минь эрдэм номын дээжийг хүртээж буй багш нартайгаа санал бодлоо хуваалцаж суухдаа дараахь бодролууд орж ирж байлаа. Аливаа үйл ажиллагаанд би гурван өнцгөөс оролцож, харахыг эрмэлздэг. Нэгдүгээрт жирийн иргэн хүний хувьд, хоёрт мэргэжилтний хувьд, гуравдугаарт улс төрчийн хувьд. Хэрвээ тавигдаж буй асуудал маань энэ гурван байр суурийг илэрхийлж чадаж байвал амьдралд хэрэгжих бололцоотой байж болох юм гэж үздэг. Дэлхийн хэмжээний иргэн бэлдэх явдал нь ганц нэг сургуулийн хэмжээнд биш, шаардлагатай гэж үзэж байгаа бол бүхий л ерөнхий боловсролын сургуулиуд ийм зорилтыг жигд тавих ёстой. Монгол улсын боловсролын салбарын гол зорилгыг би маш товчхоноор ойлгохдоо монгол хүүхэд бүрт газар нутгийн харьяалал, гарал үүсэл, эдийн засгийн байдлаас үл хамааран ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тусгагдсан мэдлэгийг ерөнхий боловсролын сургууль бүр тухайн анги, насанд нь тохируулан жигд олгох явдал гэж үздэг. Гэтэл хүүхдүүдийн маань олж авч байгаа мэдлэг жигд бус байсаар байна. Энэ нь олон талтай л байдаг байх. Хүүхдийн өөрийнх нь сурах хүсэл эрмэлзэл, мэдээлэл хүлээж авах чадвар, гэр орных нь нөхцөл байдал, хотын төвд амьдрач байгаа эсхүл хотын захад гэр хороололд, эсхүл бүүр хөдөө орон нутаг, тэр дундаа аймгийн төв, сум, баг гээд л нөлөөлөх хүчин зүйлүүд олон. Энэ бол яах аргагүй байгаа, өөрчлөхөд нилээн хугацаа шаардагдах асуудал. Харин боловсролын салбарын хувьд төрийн зөв оролцоо, тогтвортой бодлого, сургалтын чанар, хүртээмж тэгш, үр дүн нь тодорхой байх ёстой. Дэлхий нийт боловсролынхоо зорилтыг тодорхойлж, улс орон бүрийг тавигдаж буй чиг хандлага, зорилтынхоо хүрээнд чармайн ажиллахыг уриалж, улмаар улс орнуудын хүрсэн амжилт болгон дээр суурилан хамтын хүчээр нийтлэг том зорилгодоо ойрын хугацаанд хүрэхийг зөвлөж байна. НҮБ-ийн баталсан "Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д бага насны бүх хүүхдийг төлбөргүй, мэргэжлийн багшаар хангагдсан СӨБ-ын чанартай үйлчилгээнд нэгээс доошгүй жил хамруулах, тэгш хамралттай, тэгш боломж бүхий 12 жилийн (үүнээс 9 жил нь заавал) чанартай, үнэ төлбөргүй боловсролыг иргэддээ эзэмшүүлэх талаар маш тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Монгол улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд бусад улс орнуудын нэгэн адил дээрх зорилтуудыг биелүүлэх учиртай. Боловсролын салбар нь иргэн бүрт хамааралтай, бусад салбаруудын үйл ажиллагааны уялдаа холбоо, тэдгээрийн хөгжлийн түвшин, хүрсэн амжилт, алдаа тудагдлаас харилцан хамааралтай салбар юм. Иймд салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, иргэн бүрийн сурч боловсрох эрмэлзэл, хувь хүний үүрэг хариуцлага чухал. Монгол улсад ерөнхий боловсролын мэдлэгийг төрийн 655, хувийн хэвшлийн 148 ерөнхий боловсролын сургуулиуд өгч байна. Хувийн хэвшлийн сургууль нь газар нутгийн байршлаас үл хамааран хүүхдүүдийг сургадаг ба үнийн хувьд ихээхэн ялгаатайгаас гадна үнэ дагаад чанар дагалдаж байна уу гэвэл бас яг тийм биш, сургалтын чанарын хувьд янз бүр байна гэж ярьж байна. Харин төрийнхөд ердийн ерөнхий боловсролын сургууль, төрөлжсөн сургууль, тусгай сургууль, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиуд орно. Ердийн ерөнхий боловсролын сургуулиудад тухайн засаг захиргааныхаа харьяаллаар хүүхдүүд орно. Биеийн тамир, спортын найм, урлагийн нэг /Хөгжим Бүжгийн коллеж/ төрөлжсөн нийт есөн сургууль байдаг бөгөө урлаг спортын чиглэлээр өөрсдийгөө түлхүү хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүд нь сурдаг. Зургаан тусгай сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын мэдлэг олж байна. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 41 лабортаори сургууль, тэр дотроо гурван олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ердийн ерөнхий боловсролын сургуулиадаас сонгон шалгаралт явуулан хүүхдүүдийг сонгож сургаж байна. Эдгээр сургуулиудын зорилго нь хувийн болон олон улсын өндөр үнэтэй сургуулиудад сурах боломжгүй хүүхдүүдэд гадаад хэлний мэдлэгийг түлхүү олгох, гадаадын их дээд сургуулиудад бусад улс орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн дэлхийн түвшинд өрсөлдөх, улмаар дэлхийн шилдэг нэр хүндтэй сургуулиудад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгоход чиглэгдэж байна. БСШУС сайд Ж.Батсуурь үүрэгт ажлаа авсан даруйдаа ерөнхий боловсролын сургуулиудын чанар, хүртээмжийг газар нутгийн байршлаас үл хамааран жигд, хүртээмжтэй, нэг стандартад оруулах цаг болсныг цохон тэмдэглэж байсан. Эрэлт ихтэй байдаг зарим сургуулиудын нэгэн адил нийслэлийн төвийн болон алслагдсан дүүргийн хаа ч байрлах ерөнхий боловсролын сургуулиуд мэдлэгийг ижил чанарын түвшинд олгодог болгох боломжийг үе шаттайгаар бүрдүүлэн, өөрөөр хэлбэл захын сургуулиудын багш нар, нийслэлийн төвийн нэр хүндтэй сургуулиудын багш нарын мэдлэг, сурган хүмүүжүүлэх, заах арга барилыг нэг түвшинд авчрах, сургуулиудын тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгслийн хангамжийн чанар хүртээмжийг жигдлэх, сургуулийн эрүүл ахуй, болон гадаад, дотно орчны нөхцлийг нэг стандартад үе шаттайгаар хүргэх, тухайн газар нутагт харъяалалтай хүүхдүүд эдийн засгийн боломж, чадамжаас үл хамааран өрсөлдөх, сонгогдох, сонгох эрхийг нь баталгаажуулах цаг болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын аль ч ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч гадаадад өрсөлдөх чадамжтай, гадаадын их дээд сургуульд суралцах хэмжээний мэдлэгтэй төгсөх боломжийг бий болгох явдал юм. Үүний үр дүнд төрийн оролцоо, сургуулийн орчин, сургалтын чанар, багшийн мэдлэг, ур чадвар, ёс зүйгээр жигд хангагдсан сурагчид нь өөрсдийн зүгээс сурах хүсэл эрмэлзэл, идэвхи чармайлтаа гаргаж чадвал газар нутаг, гарал үүслээсээ үл хамааран хүссэн мэргэжлээрээ, гадаад, дотоодын аль ч их, дээд сургуулийг сонгож, сонгогдон суралцах үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ эдлэх боломж бүрдэх юм. Олон улсын хөтөлбөртэй, лаборатори сургуулиудыг туршилтын шугамаар байгуулсан нь хот, хөдөө, захын хорооллын сургуулиудыг дээрх сургуулиудын жишгээр хөгжүүлж болдог гэдгийг нотлож, амьдралд хэрэгжүүлж, сургалтын стандартыг бүхий л сургуулиудад жигдэлснээр дээрх сургуулиуд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх юм. Ингэснээр монгол хүүхдүүд минь жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний мэдлэгийг эх орондоо эзэмшиж "дэлхий хэмжээний иргэн” гэгдэх ухагдахууны дагуу дэлхийн нийтэд болж буй үйл явдал, хөгжил дэвшилд идэвхитэй оролцож, эх орноо дэлхийд төлөөлж чадахуйц, хамгийн гол нь дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдлэгтэй залуучуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлдэх юм. Бидний цөөхөн Монголчууд нэгэн цагт дэлхийг эзлэн эрч хүчийг гайхуулж явсан бол өнөө цаг оюун ухаанаараа гайхуулан тодрох цаг мөн. � �
Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор
Сэтгэгдэл