Н.Алтанхуягийн "Хаан жимс, MAX export"-т нэгжлэг хийжээ


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан байдаг. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа гэж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн байдаг.

Тэгвэл шалгалтын явцад Н.Алтанхуягийн хувийн компаниудыг шалгах шаардлага гарчээ. Энэ дагуу өчигдөр АТГ-ын байцаагч нар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", Тэц-4-ийн урд байрлах компаниудад нэгжлэг хийсэн байна.

Шалгалтын ажиллагаа хуулийн дагуу үргэлжилсээр байгаа.

Гэвч хуулийн байгууллагын ажиллагаанд Н.Алтанхуяг саад учруулж байгаа аж. Тэрбээр "Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласнаас хойш ийнхүү намнах ажиллагаа явагдаж байна" хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа юм. Гэвч хуулийн байгууллага хуулийнхаа хүрээнд ажлаа л хийж буй.

Харин ч түүнийг АН-ын даргын сунгаанд оролцож, сонгуулийн ажлаар 21 аймгийн тойрон ажиллах үеэр АТГ-ынхан байцаалтын ажиллагаагаа түр удаашруулж хүлээсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн тэрбээр АТГ-ын байцаагч нарыг дуудсан цагт нь очдоггүй. Дараа нь мэдүүлэг өгөх үеэрээ сэтгүүлчдийг цуглуулан сүр дуулиантайхан очиж мэдүүлэг өгдөг нь хэвийн нэг үзэгдэл болоод байна.

Юутай ч олон нийт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэж, хэргийг улстөржүүлэхгүй байхыг хүсч байна.

Б.Чимэг

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.