Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавиад буй юм. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр тэднээс байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй юм байна.
"Фортуна” Н.Батбаярын тухайд өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан юм. Сануулахад, Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан "Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудалд Н.Батбаяр, Н.Алтанхуяг гээд нэр бүхий олон хүн холбогдож ирсэн. Тэгвэл Н.Алтанхуягийн тухайд Хөгжлийн банкны асуудал дээр гэрчийн хувьд дуудагдсан гэх мэдээлэл бий.
"Чингис”, "Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан гэдгийг бүгд нүдээрээ харж байсан. Түүнчлэн үр ашиггүй зарцуулж, шамшигдуулсан асуудал дээр тэд огт хариуцлага хүлээх ёстой гэгдэж ирсэн юм.
Түүнчлэн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлж байсан юм.
Б.Гарамгайбаатарын тухайд өлсгөлөн зарлаад байгаа гэх мэдээлэл бий. Ер нь тэрбээр өөртөө хир халдаадаггүй. Гэхдээ АТГ-аас зөвхөн түүнийг биш хүү Г.Тэнгисийг нь бас "Монроуд” компанийнх нь нягтлан бодогч төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг нь шалгаж эхэлжээ. Хүү нь тус компанийн захирлаар ажилладаг аж. Тэгвэл Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн "Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилтай холбоотойгоор шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл