Эрт нэгэн цагт Лаваг хэмээгч, Бурхан багшийг өөд болон байхын цагт эцэг хаан, ах дүү нарын хамт Бурханыг тахиж бурсан хуврагуудад өргөлийг өргөж өгөөгүй гуйлгачинд өглөг өгч, олон мал адгуусаа захираад олныг зөвөөр тэтгэн сууж, буяныг ихэд үйлдэж номуудыг олон хуврагуудаар уншуулан барьц барьж эцэг эхээ өргөн, Бурханыг хүндэлж сайхан амгалан жаргалангаар суувай. Тэндээс олон онд жарган суусны хойно Лавагийн эцэг наснаас эцэслэсэнд, хүүрийг авдарлаж оршуулаад олон бодисун хуврагийг залж, ном буян ихэд үйлдэж , үгээгүй ядууд өглөг ихэд өгвөө. Түүнээс хойно ашиг эрээр худалдаанд явахыг сэтгэж эхээс бошиг гуйн явсугай хэмээгээд эхдээ мөргөн айлтгав. ”Би худалдаа ашиг эрээр одъё эх минь. Сэтгэлд ямар буй” хэмээн асуун өчив. Эх нь боолчууд ноёдод өгүүлрүүн ” Дотоод сангийн алт ба мөнгө юмийг гарга” хэмээв. Тэндээс тэдгээр боолчууд сангийн юмийг нягтлан гаргаваас шижир алт гурван мянган лан байжээ. Түүнийг Лаваг гурав хувааж нэг хувийг гэрийн тариаланд, нэг хувийг гурван эрдэнийг тахихад, нэг хувийг нь худалдаанд авч одсугай гэв. Тэндээс эх нь маш их баясч, чи сайн хөвгүүн минь гадагш одвоос өчүүхэн сэтгэлийг барьж худалдаа ашгийг маш их олон, үтэр түргэн харьж ир хэмээв. Тэндээс Лаваг Ил хөвгүүний хамт морьдоход тэднийг үдээд тэдгээр олон албат иргэд гэр гэртээ харьцгаав. үүнийг өөрийн эмс ба хүүхэдтэйгээ зөвшин хэлэлцэв. Ай уршиг ихт Молом хатан Лавагийг гадагш одоход маш баясч байна. Нэг хувь шижир алтыг газарт ус мэт асгах буй заа хэмээлцэв. Тэндээс бас Лаваг гадагш худалдаанд одоход энэ насанд сайн боловч эцэст нь зовох ажгуу хэмээлцэн гаслалцаж тарав. Молом хатныг муулан хэлэлцсэн нь : Молом хатан нүгэл ихтэй хүн бөгөөд олон иргэд нь ихэд зовов. Амрах ёс нь үгүй болов хэмээв. Жич тэндээс Молом хатан нь Лавагийг гадагш худалдаанд одсон хойно хуврагууд цуглан Бурханыг тахиж, тахил бэлэг бэлтгэж олон ном уншихуйг Молом хатан: миний чихэнд бүү сонсго, нүдэнд минь бүү үзүүл хэмээгээд Бурхан тахилуудыг хураан унагаж орхиод олон хуврагуудыг урт модоор жанчин хөөн явуулаад хурал номыг тасалж мууд үзээд хүнд их хилэнц, нүглийг дураар үйлдэж суув. Молом хатан гадагш худалдаанд одсон хойно мөнгөөр олон мал худалдан авч тарган болгож амт нь сайхан болно хэмээн модноос өлгөж амьд биеийг мунаар занчиж цус нөжийг биенд хуруулж алуулж мах ясыг сонгино саримсаар найруулж архи дарс тэргүүтнийг хольж идэн жаргавай. Бас загасыг амьдаар халуун тогоонд хавхаглан хуурч идэв ээ. Бас галуу тахиа, нугас зэрэг шувуунуудыг амьдаар нь мөн халуун тогоонд хавхаглаж, шувууд өөрийн хошуугаар үсээ зулгаан дэвссээр үхэхэд махыг нь давстай хольж идэв ээ. Бас гахайг амьдаар нь зүрхийг нь сугалан аваад муу хар зүгийн онгодыг тахиад элдэв зүйлийн нүгэл үйлдээд жарган сууваа. Чингэж жарган суутал нэгэн өдөр зарц охин ирээд ийн өгүүлрүүн: Өмнө зүгээс Ил айсуй гэв. Молом хатан : Түүнийг бурхны байшинд бүү оруул, гэрийн хүн бүгд шалав наашаа ирэгтүн, ширээ сандал тэргүүтнийг тавиад ариун сайхан бэлэг тахил тавиад бурсан олон хуврагийг залж хурал ном уншуулж, орон байшинг арчин цэвэрлэж янзтай байлга.Түүний сүүлд Илийг нааш нь оруул хэмээв. Илд худал сайхан үгс өгүүлэв. Би буяныг сайтар үйлдэж суув. Очиж шүтээнээ үз гэхэд нь Ил очиж үзвээс ширээ сандал дэвсгэр тахил, бэлэг ба зул хийж шатсаар байгааг үзэж олон хуврагууд сая тархсан мэт ажээ хэмээн санав аа. Тэндээс Ил даруй түргэн буцаад ах Лавагийн өмнөөс угтан одоод сөгдөн ийн айлтгав.
Бидний худалдаанд одсоноос хойш гурван жилийн дотор хатан эх маань Бурхан шүтээн ба бурсан хуврагуудыг залж ном уншуулах, бацаг санваар сахих, ядуу гуйлгачинд өглөг өгөх тэргүүтэн элдэв зүйлийн буян асар их үйлдсээр сайн сууж амой хэмээвээс Лаваг асууруун : ээжийн буян үйлдсэнийг яаж мэдэв хэмээхэд Ил өгүүлрүүн : би сүмд орж үзэхэд ширээ сандал тахил балин тавьсаар , хүж шатсаар байна, олон бурсан хувраг сая тарсан мэт байв гэхэд Лаваг энэ үгийг сонсоод хөх огторгуйд залбирч мөргөв. Тэндээс Лавагийг ирсэнийг ах дүү иргэд бүгдээр сонсоод балгасанаас гадагш гарав. Лаваг их холоос огторгуйд залбиран айсуйг үзэж тэр угтсан албат иргэд Лавагийг хүрч ирмэгц ийн айлтгав аа: Та холын аянаас ирэхэд өмнө чинь бурхангүй, хойно чинь тэнгэргүй атал юуны тул мөргөнө вэ гэхэд Лаваг өгүүлрүүн : эх юүгээн буян үйлдсэнийг сонсоод гурван эрдэнэд мөргөлөө би хэмээв. Тэдгээр нь хариу өгүүлрүүн: чамайг одсоноос хойш гурван жил болоход Молом хатан эх чинь гурван эрдэнийг үл хүндлэн бурсан хуврагуудыг жанчив, олон адгуус мал алж нүглийг нэн их үйлдэв, бас амьтныг амьдаар модонд өлгөж жанчин алуулах ба тогоонд шувуу загас тэргүүтнийг шалзалж, гахайн зүрхийг амьдаар сугалан авч буруу онгодыг тахиж, элдэв зүйл хүнд нүгэл үйлдэж жарган сууваа. Бид улс бүгдээр чиний эхийн буян үйлдэж өглөг өгсөнийг эс сонсч эс үзэв хэмээн өгүүлэв. Лаваг энэ үгийг сонсоод муужран унав.Тэндээс өчүүхэн далирч хэвтвээс эх нь угтаж гадагшаа гарч ирэв. Эх нь Лавагийн гараас барьж нүдээ уйлах мэт таглан их дуугаар өгүүлэх нь : Ай хөвгүүн минь ашиггүй эд таваараа алдав уу, ямар учраас уйлан энэ мэт хэвтэв , амраг бид эх хөвгүүн гурвуул мэнд буй атал юунд эс баясав гэхэд Лаваг эхдээ хариу өгүүлрүүн : Худалдсаны ашиг их олов, гагцхүү чамайг адгуусны амь таслан элдэв зүйлийн хүнд их нүгэд хилэнц үйлдэв хэмээн сонсч чиний төлөө эмгэнэн хэвтэв хэмээхэд эх нь хариу өгүүлрүүн : Би гэртээ сууж адгуусны амь тасалж, буяны үйлсийг эс үйлдсэн бөгөөс би гэртээ хариад хүнд өвчин хүртэж долоо хоногийн эцэст егүүтсүгэй хэмээн ам алдав. Эхийн тэр үгийг Лаваг сонсоод гэнэт хатгасан мэт цочиж босоод эхийн хойноос даган гэртээ харьж ирэв Унтаж ирсэн албат нар гэр гэртээ тархан харьцгаав. Молом хатан гэртээ хүрээд нэгэн цаг болсон төдий өвчин хүртэж долоо хоногийн хойно үхэн егүүдэж одов оо. Тэндээс Лаваг эх юүгээн үхсэнд дотроо муу болон энэлэн шаналан уйлав аа. Бас Лаваг эхийн хүүрийг авдарлаад гэрийн хоймор тавьж эхийн хойт буяныг үйлдэхийн тул бурсан хуврагуудыг залж ном уншуулан буян үйлдэж дөчин есөн хоног дууссаны хойно эхийн хүүрийг гаргаж ууланд хүргэж тавиад бас эхийн хүүрийн дэргэд өвсөөр гэр барьж зуун өдөр эхээ бурхны хутаг бодь мөрийг олгох номыг чин сүсэг бишрэлээр уншин залбиран суув. Түүнээс дээд тэнгэр нар таван өнгийн буга болон хувилж амандаа цэцэг зууж ирээд эхийн хүүрийн өмнө тавив. Цагаан хун шувуу үүлнээс бууж ирээд нүднээс нулимс цувруулан, элдэв зүйлийн шувуунууд хошуугаар шороо зөөж тэр хүүр дээр тавив аа. Лаваг тэдгээрийг үзэж маш их баясаад эдний бэлгийг яахин хариулна хэмээн сэтгэв. Бас яаран бурханчин хүн урин залж бурхны дээд бие лагшиныг зуруулж бүтээв.Өдөр шөнө тасралтгүй тахил мандал зул өргөж бурхны өмнө мөргөж эхийн минь сүнсийг үтэр түргэн тонилгон соёрх хэмээн хутаг гуйн залбиран мөргөв. Тэндээс гурван жилийн эцэс болсон хойно эх юүгээн нэрийг бичээд галд шатааж гэр бараа, алт мөнгө, эрдэнэ эд агуурс хувцас тэргүүтнийг олон бурсан хуврагуудад өргөв. Лаваг эр ганцаар хүн хоцров. Тэндээс Лаваг ертөнцийн муу үйлийг тэвчиж ялж төгс нөгцчисөн бурхан хаана бүхий тэнд одож гурвантаа мөргөж алга хамтатган мөргөөд ялж төгс нөгчисөн Бурханаа ийн айлтгав аа. Эцэг эх наснаас нөгчисөн хойтын буян ном үйлдэж байгаа бүхнээ дүүргэвээ би. Тойн болсон хойно ач тус юу вэ хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан ийн хэмээн номлов оо.
Замбуутивийн хамаг амьтан сүсэг сэтгэл үүсгэж хэрэв хөвгүүн ба охин боол шивэгчин алиныг ч ялж төгс нөгчисөн бурхныг таалуулж тойн болговоос тус эрдэм нь найман түмэн дөрвөн мянган суврагыг эрдэнээр үүсгэсний ач үр мэт буян болно. Эцэг эх амьд бөгөөс нас буян дэлгэрнэ. Наснаас нөгчисөн бөгөөс тэнгэр хүний төрлийг олно хэмээн зарлиг болов оо.Тэндээс ялж төгс нөгчисөн бурхан амин гавьяат шарибударитан ийн хэмээн зарлиг болоруун : Түүний сахал үс тэргүүтнийг тойдож автугай хэмээвээс тэндээс ялж төгс нөгчисөн бурхан авшиг бошгийг төгс өгөөд алтан мудраа оройн дээр тавиж Лаваг нэрийг сольж дээд хувилгаан Молон тойн хэмээн нэрийдэв. Ялж төгс нөгчисөн бурхан дахин ийн номлов. Миний тоо томшгүй хамаг олон шавь нараас ганцхан Молон тойны Риди хувилгаан нь нэн дээд буюу хэмээв. Молон тойн ялж төгс нөгчисөн бурханд ийн хэмээн айлтгав. Эрдэнээр суварга үүсгэвээс ач тус ямар мэт болох хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан хариу номлоруун : Суварга бүтээсний ач тус нь агуу их болоод амгалан жаргалангийн дээдийг олох магад болой. Жич бас тойн болсоны буянд үл хүрнэ. Тойн болвоос эвдэршгүй биеийг сайтар олно хэмээв. Молон тойн ялж төгс нөгчисөн бурханд бас ийн хэмээн айлтгав. Би аглаг газар одож даяанд суусугай хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан хариу зарлиг болоруун : Бэрх наят ууланд одож даяанд сууваас болно. Молон тойн бас өгүүлрүүн : Тэр ууланд идэх тариа юу буй хэмээн өчнөөн бурхан зарлиг болоруун : Идэх тариа буй. Тэр газрын барс, чоно гүнцэгийн цагт үнэр амт маш бүрдсэн сайхан цэцгүүдийг зууж авчраад чамайг тахина гэв.Тэндээс Молон тойн бурханы зарлигийг сайтар сонсоод дотроо хэд баясан бурхнаас бошгийг гуйн мөргөөд бадир аягаа бариад огторгуйгаар үүл хүлэглэн даяаны газарт зорин одов оо. Огторгуйд үүлээр явж Бэрх нэрт ууланд хүрээд нэгэн ариун газар олж үл хөдлөн даяанд суув аа. Тэндээс гурван жил болсоны хойно дотор нь гэгээн гэрэл
цацраад билигийн нүдээр гучин гурван тэнгэрийн орнгы тодрхой үзвээс эцэг нь буяны эрхээр хан хурмаст болон төрөөд тэнгэр нарын охидоор хүрээлүүлэн бас тэнгэр нарт түшиж элдэв жаргалаар цэнгэн суухыг үзэж Молон тойн маш баясаад бас эх Молом хатан хаана төрснийг эс үзээд миний эх ертөнцөд амьд явах цагтаа Аврал гурван эрдэнийг тахиж хүндэлсэнгүй, адаг ядуу гуйлгачинд өглөг өгсөнгүй тул асар муу заяанд төрсөн буй заа хэмээн дотроо гуниг сэтгэл төрж Бэрх нэр уулнаас бууж хувилгаан шидээр Огторгуйн уулаар нисэн явж ирээд ялж төгс нөгчисөн бурхны хөлд оройгоороо мөргөөд алгаа хамтатган ийн өгүүлрүүн : Бурхан аа, эцэг минь гучин гурван хурмаст болон төрөөд тэнгэр нарын жаргалангаар жарган сууж амой. Миний эх Молом хатан амьд буй цагтаа бурхан ба бурсан хуврагуудыг эс хүндэлсэн ба буян үйлдсэнгүй , нүгэл их үйлдэж үхсэн тул хаана төрөл одов оо хэмээн айлтгав. Ялж төгс нөгчисөн бурхан ийн хэмээн зарлиг болов. Тойн аа, Чиний эх амьд бүхий цагт гурван эрдэнийг үл бишрэн амьтны амь таслан тачаангуй харам сэтгэлээ үл тэвчинэ хэв хэзээд муу үйл үйлдэж үхээд сац нүглийн хүчээр асар гурван муу заяаны доод тамд төрж амой хэмээн зарлиг болов. Тэндээс ялж төгс нөгчисөн бурхны зарлигийг Молон тойн сонсоод ихэд айн үхэдхийн унав. Унаснаас дээш босоод эх юүгээн энэрэн сэтгэж уйлаад бурханд бошигийг гуйн мөргөөд асар халуун , хүйтэн арван найман тамын оронд эх юүгээн эрэхийн тулд үйлээр нисэн одов. Молон тойн үүлээр явж хүрвэл зуурдын орон нь огторгуйн наран саран, одон чимэгч үгүй нэгэн гэрлийн тэмдэг ч үгүй хав харанхуй зуурдын оронд насны хэмжээнээс долоо хоног дутуу үхсэн, жил дутуу үхсэн, бас ус мөрөнд унаж үхсэн, мэс сүхэнд алагдсан, догшин моринд дайрагдсан, тэргэнд дайрагдсан, өөрөө боож үхсэн, цаг бусаар насны эцэст хүрч үхсэн амьтдын сүнс оршиж байгаад насны хэмжээ хүрвээс тэр зуурдын орноос гарч Эрлэгийн хаанд учирмой. Тэндээс Молон тойн тэдгээр амьтдаас ийн асуув.Та бүхний дотор Молом хатан хэмээх хүн байна уу хэмээвээс бид үзсэнгүй гэв. Молон тойн өгүүлэв.Амьд бүхий цагтаа буян эс үйлдвэл үхсэн хойно энэ мэт зовно хэмээгээд эхээ эрээр одов. Түүнээс халуун найман тамын нэгдүгээр дахин эдгэрэх там хүрвээс газар дэлхий нь улайтгасан төмөр мэт галт суваг өрвөлзөн шатаж тулалцсан дөрвөн хаалга төгөлтэй байна. Түүнд төрмөн амьтан их галын дотор шатаж арьс мах нь бүгд шалбарч хэсэг хэсэг болох ба бас гартаа мэс арьсан эрлэгүүд нааш цааш явж цохин унагааж байна. Тийнхүү үхэхэд огторгуйгаас дахин амьдар хэмээн дуудахад урьдах мэт эдгэрч дахин зовлонг цаглашгүй эдлэнэ. Жич: бас тэр тамын үүдэнд галт нурамд амьтныг эрлэгүүд жадаар хатгаж явуулахад тэдгээр амьтны арьс мах нь бүгд шалбаран унав. Насны нэгэн хэмжээ нь тамын нэг өдөр нь хүний 43200 жил болно.Энэ мэтээр таван зуун жил насална.Бас хонгор модонд дээш авируулваас өргөс доош харна.Бууваас дээш харна. Модны өргөс нь төмөр мэт өөд тэдгээр зовлонт амьтдын тархинд хутга жад мэт бууна, дорогш унаваас өөд нь хатгах хагачих зовлонг үлгэрлэж гүйцэишгүй ажээ. Молон тойн эх юүгээн эс олно. Бас хуран няцлах там хүрвээс тэндэх амьтдыг халуун төмөр мэт хоёр уулын завсар шахсанаас эрхтнүүд бүгдээс цус их гол мэт урсч зовлонг цаглашгүй эдэлж амой.Насны хэмжээ нь урьд мэт хоёр насална. Бас бааст тамд амьтныг оруулж өлсвөөс идүүлэн ундаасвааас шээс уулгахыг үзэж Молон тойн ийн хэмээн асууруун: Эдгээр амьтан ямар хилэнц үйлдсэн тул энэ мэт зовно хэмээв.Эрлэгүүд өгүүлрүүн: Амьд бүхийд тачаангуйг үйл тэвчин бөөс хуурс ба амийг тасалж, архи ба сармис ногоодыг идэж суусны нүглээр энэ мэт зовно хэмээв. Молон тойн дотроо машид гаслан ариун сайтар явбаас яахин энэ тамд төрөх аж хэмээгээд амраг эх юүгээн эрж үл олон чанагш одов аа.
Тэндээс халуун там хар шоголт хэмээхэд хүрвээс тэдгээр аьтны биенд тамын сахиулчид хар шугам дөрөв ба наймыг тавьж оройгоос хөлийн ул хүртэл мэсээр хагачна. Зовлон нь санаж гүйцэшгүй. Насны хэмжээ нь урьд мэт хоёр насална. Бас цусан балчиг тамд эмс эхнэр охид живж уйлан дуудан гаслан зовон байна. Молон тойн тамын эрлэгүүдэээс ийн асууруун: Эдгээр эмс охид ямар хилэнц үйлдсэнээр энэ мэт зовно хэмээхүйд тэр тамын эрлэгүүд өгүүлрүүн: Эдгээр эмс цустай дэвэл өмд тэргүүтэн ариун бусын юмыг гол усанд угааж газар усыг бузарласнаараа ийн зовно хэмээв. Молон тойн хилэнцэт амьтан тамд унаад буянт амьтан сайн төрөлд магад төрөх ажээ хэмээв. Тэдгээр амьтан маш гашуун зовлонт дуунаар аа яа хуухай халаг бидний үйлдсэн хилэнц өгүүлж үл барагдана хэмээн гасална. Молон тойн эх юүгээн эс үзээд чанагш одов. Бас урагшаа яваад их уйлан дуудах тамд хүрвээс тэр тамд төрсөн амьтан нь байшин гал бадарсан хоёр давхрын урдаас маш халуун гал биед шатаж явах ба төмөр зэс буцалгам гал бадарсаны дотор арвай мэт чанагдахын зовлон цаглашгүй эдлээд амгалангийн нэр төдий ч үл дуулна. Насны хэмжээ урд мэт хоёр насална. Төмөр дэгээгээр хэлийг нь гаргаж огтчих хийгээд газарт хадаж тарих хийгээд тарьсаныг шувууд ухаж идэх тэргүүтэн зовлон цаглашгүй эдэлж бүхий амьтныг үзэж эрлэгүүдээс ийн асуув.
Ямар хилэнц нүгэл үйлдсэн нь энэ мэт зовно хэмээгээд амраг эх юүгээн эс олсон ба бас урагш одов. Тэндээс халуун там, уйлан дуудах хэмээхэд хүрвээс тэндэх амьтан нь гал бадарсан байшин дотор биеэс нь гал бадарч уйлан дуудаж зовлон цаглашгүй эдэлнэ. Бас тамын үүдэнд олон мэсийн ир дээш дэлгэсэн замаар явуулж хөл хийгээд бие нь хагачиж хатгахын зовлон эдэлнэ. Насны хэмжээ урьд мэт хоёр насална. Бас мөст тамд оруулж толгой дээр мөс эргүүлэн мөсөн дэвсгэр дээр суухыг үзэж Молон тойн асууруун: Ямар нүгэл үйлдсэнийг та энэ мэт зовооно хэмээхэд эрлэг өгүүлрүүн :Амьд бүхийд би баян хэмээн, өмссөн дээлийг үл зохив хэмээн эд таваарыг олныг эвдсэн хийгээд заримууд хүний юм ба эд дэллийг булаасан тийм амьтан энэ тамд зовно хэмээв. Молон тойн бээр эд таваар эвдэн булаасны тулд энэ мэт зовон амой хэмээгээд амраг эх юүгээн эс олон бас цаашид явав. Тэндээс их халуун хэмэгч тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан нь Буцалсан төмөр зэсийн дотор биед гал шатаж загас мэт буцалгагдан ёроолд орвоос яс болон ам дээр гарваас мах нь гүйцнэ. Бас хайлсан галт ширмийг аманд цутгана. Галт алхаар цохих хийгээд элдвээр зовно. Насны хэмжээ урьд мэт хоёр насална. Ус хязгаарлашгүй хэмэх тамд очиж үзвээс тэндэх амьтныг хязгаарлашгүй усанд оруулж төмөр хошуутай өт махыг идэж яс чөмгийг ухаж зовооно. Ба хүнийг үснээс нь дээш өлгөж уяад хөлд хүнд чулуу дүүжилж төмөр бэрээгээр жанчих ба сэрээгээр хатгахыг үзэж Молон тойн эрлэгээс ийн асуув. Энэ ямар хилэнц үйлдсэн бэ хэмээвээс тэр эрлэг ийн өгүүлэв. Эдгээр амьтан өөрийн эх эцэг ба хадам эцгийг зоддог ба хариуцан хэрэлдсэн, лам хуврагийг доромжлон ихэс өвгөд настныг эс хүндэлсэний муу үйлээр энэ мэт тамлана хэмээв. Молон тойн өгүүлрүүн: та бүхэн амьд бүхий цагтаа алив зүйлд номын ёсыг эс биширсэний үр боловсорч энэ мэт зовно хэмээгээд эхийг эрээр чанагш одов. Басурагшид яваад маш халуун хэмээх тамд хүрвээс тэр тамд төрсөн амьтан гал бадран буцалсан төмрийн дотор оруулж чанагдан хохь яс болж буй. Бас улайтгасан төмөр мэт газарт тавьбаас арьс мах урд мэт эдгэрч дахин урьд мэт зовно. Бас төмөр сэрээгээр бөгсөөс нь хатгаж орой хийгээд хоёр эгэмээр үзүүр нь гарна. Насны хэмжээ галавын хагас амой. Бас төмөр хошуут шувуу нүдийг нь ухаж мах цусыг цоолж идэх хийгээд төмөр соёот ноход хэмлэх урж идэх тэргүүтэн зовлон өгүүлэшгүй, гүйцэшгүй амой. Молон тойн тэдгээр амьтныг үзэж ийн өгүүлэв. Амьд цагтаа үл үхэх мэт санаж аймшиггүй их хилэнц үйлдсэний үр энэ мэт амрах цаггүй зовно. Буян юунд эс үйлдэв халаг хэмээгээд тэр тамын гал нь дөрвөн талаас тулалцсаны дотор ядран доройтсон дуу гарсанаар амьтан буй хэмээн мэдэхээс ангид амьтны бие ба гал хоёр ялгалгүй завсар зайгүй түлэгдэн зовно.Бас улайдсан хавтгай төмрөөр биеийг ороох хийгээд цаглашгүй зовлон эдэлнэ.насны хэмжээ нэгэн галав буй.Басолон амьтны гарыг гинжлэн хөлд дөнгө өмсгөж төмөр шүдэтбэрээгээр жанчин махыг хэсэг хэсэг болгосныг Молон тойн тамын сахиулчнаас асуув.энэ дөнгөт амьтан ямар хилэнц үйлдсэнээр энэ мэт зовно хэмээв.Сахиулчин өгүүлрүүн: Эд хатад ба эмс буй.Би нь сайн хийгээд сайхан царайт хэмээн бусдыг шоолж муу хэлэх ба санасаны тул энэ мэт зовно хэмээв.Молон тойн тачаангуйгаар мөнх бус усан дахь сарны адил буюу хэмээв.Амраг эх юүгээн эс олон бас хүйтэн найман тамын усан цэврүү хэмээхэд хүрвээс цас уулаар хүрээлсэн мөст хонгил гуу хийгээд цас шуурга уйлсан хав харанхуй буй. Түүнд төсөн амьтан бие бүхэн усан цэврүү болж зовно.Бас төмөр шорт ууланд авируулваас үзүүр нь доош харна.Бууваас дээш харна.Элдвээр зовно.бас олон амьтныг тээрэм дээр тавин татаж тэдгээрийн цус нь газарт бүхий урсахыг үзэж Молон тойн тамын сахиулчнаас асууна.Энэ тээрэмд ямар хилэнц үйлдсэн амьтан баайна хэмээв. Тэдгээр сахиулчин өгүүлрүүн : эд алаагүй амьтны мах цусыг ярга татах ба махыг шарах ясыг нь хэмхлэх, элдвээр шунахайран идсэнээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн урьдаас иймийг мэдвээс эд буян үйлдсэн болоосой, тиймийг үл мэдэн нүгэл үйлдсэнээр эдүгээ ийм муу орноо төрж цаггүй зовлон эдэлнэ хэмээгээд амраг эх юүгээн эс олон одов.бас усан цөврүү нэвчих хэмээх тамд хүрвээс тэр там нь урьдахаас үлэмж хүйтэн бөгөөд түүнд төрсөн амьтны бие нь усан цэврүү нэвчих хийгээд хагарах хумхихийн зовлон хийг эдэлнэ.Молон тойн тамын сахиулчнаас асуув: энэ ибагана мэт биет амьтан ямар нүгэл үйлдсэнээс энэ буюу гэхэд эд нар хуврагийн сүм байшингийн багана дэвсгэрт нус түрхсэнээр энэ мэт зовно хэмээв.Бас олон амьтныг дүүжлэн хоёр этгээдэд чулуу уяж татаж тавин харшуулж цусыг урсгаж талх мэт болж байхад бас асуув.Тэд эдгээр амьтан шоргоолж хорхой тэргүүтнийг алсаны тул энэ мэт зовно хэмээв.Молон тойн аа яа хилэнцийг басаж энэ мэт явж халаг хэмээн эх юүгээн эс олон одов.Бас хүйтэн тамарай чуу хэмээх тамд хүрвээс тэр тамд төрсөн амьтан нь урьдаас нэн илүү даарч машид яаран шивнэж а чуу хэмээн энэлэн гасалж цаглашгүй зовлон эдэлнэ.Бас хутга мэт навчит модны доор суулгана.Дээрээс жад унаж нүд хийгээд биенд хагачна.Бас амьтны биеийг хэсэг хэсэг огтлоод уурт нүднэ. Мах яс нь далх мэт.Цус нь урсан байхыг үзээд Молон тойн тамын сахиулчнаас асуув.Эд амьтан энэ тамд унаж түмэнтээ үхэж бас этгээд элдвээр зовох нь ямар нүгэл үйлдсэн амой хэмээв. Сахиулчин нар өгүүлрүүн: эд амьтныг зодож гүвших, хийгээд хочилж элдвээр хараасны нүглээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн эдгээр амьтан амьд цагтаа идэх өмсөх, сайжрахыг шунаж тамыг хол хийгээд худал мэт нүгэл буяны ялгалыг эс санасан ажээ.Амрах цаггүй яах ажээ хэмээгээдэх юүгээн эс олон одов.Бас хүйтэн там хуухай халаг хэмээх тамд төрсөн амьтан урьдаас нэн ихэд даарч арай ядан шивнэж хуухай халаг хэмээн дуудаж хөлдөж хөрөөд эллдвээр зовно.Бас амьтны нүдэнд нь сум харвасаныг Молон тойн тамын сахиулчнаас асуув: Энэ мэтхарвуулсан амьтан ямар нүгэл үйлдсэн буй хэмээв.Сахиулчин өгүүлрүүн :Эдгээр амьтан багш эцэг эх тэргүүтнийг хялайж харсаны нүглээр энэ мэт зовно гэв.Бас мэсэн ууланд олон амьтныг хөөн гаргаж хурц мэсэнд хөл хийгээд мөчис огтлогдон өмөр эсгэгдэн байхыг үзэж Молон тойн ийн хэмээн асуув: Эд ямар нүгэлт буй.Тэд өгүүлрүүн: Эд амьтныг мэсээр алах хийгээд арьс махыг нь бхархаж идэн эдэлсэний нүглээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн эс айн нүгэл үйлдээд, туулшгүй тонилшгүй тамд туулшгүй галавт зовлон эдэлнэ хэмээгээд амран эх юүгээн эс олон одов. Бас хүйтэн там, удвал мэт хагарах тамд төрсөн амьтан урьдаас машид ихэд зовж арьс нь хөрөөд ам нь тав хийгээд зургаа хагарч зовно.бас тогоо мэт хэлбэрт ороод галд халах хийгээд элдэв зовлон эдэлнэ.Бас нүхэн тамд хүрвээс тэндэх амьтан их галд бүрхэрэн шатна.тэр тамд олон амьтан шатаж буйг үзээд Молон тойн тамын сахиулчнаас эдгээр амьтан ямар хилэнц үйлдсэн буй хэмээв.Сахиулчин ийн өгүүлрүүн: Эд харам мунхаг сэтгэлээр бусдын эд, гэрт гал тавиад , бас уул талд гал түймэр тавьж олон амьтныг түлж үйлдсэн нүглээр энэ мэт зовно хэмээв. Бас олон амьтны толгой дээр галт тэвш тавиад галт тэвшинд суулгана.Молон тойн үзэж сахиулчнаас , эдгээр амьтан ямар нүгэл үйлдсэн буй гэхэд эд алба ба элдвээр ёс хэмээн бусдын юмыг шунахайран эдэлсэн нүглээр энэ мэт зовно хэмээв. Молон тойн , эдгээр амьтан элдэв муу зовлон эдэлнэ хэмээгээд эх юүгээн эс олон одов. Бас хүйтэн там лянхуа мэт хагарах тамд хүрвээс түүнд төрсөн амьтан урьдаас нэн илүү даарч арьс нь хөхрөөд ам нь арав ба илүү хагарч цаглашгүй зовно.Бас тээрэм хэлбэртэй биед төрөөд эргүүлэх хийгээд хавирахын зовлон эдэлнэ.Молон тойн тэндэх амьтныг үзээд ийн хэмээн өгүүлэв. Эдгээр нь энэ мэт элдэв нүгэл үйлдсэн мөнх бус, үлгэрлэвээс өвсөн модон шугуй тал хийгээд цагтаа хүрвээс эвдрэхүй бөгөөтөл амьтны мөнх бусыг юүн өгүүлрүүн .Замбуутивд энэ маьтанд эм хөвгүүд ураг садан төгс буй бөгөөс үхэх цагт нөхөргүй гагцаар юүгээн одно.Эдүгээ үүнд буянаас ангид хэн чтус хүргэн үл чаднахэмээн өгүүлэв ээ.Буянт үйл хичээн урьд үйлдсэн нүглээ наминчилж хойно үйлдэхийг боож сайтар хичээн үйлдвээс яахин энэ мэт зовно хэмээгээд амраг эх юүгээн эс олон одов. Бас хүйтэн там лянхуа мэт хагарах хэмээх там хүрвээс тэртамд төрсөн амьтан урдаас машид их даарч арьс нь улайж урвайж ам нь зуу ба илүү хагарч маш их зовлон эдэлнэ.Хүйтэн тамын насны хэмжээ нь аль төдий эдлэх хэрэгтэй хэмээвээс наян их ачмаг шиг дүүрсэн , тал үрээс хүний жил нэгэн зуун жил болсоноос тал үр түүнээс нэгэн ширхэг гарсаар тэр тал барагдсанаас нэгдүгээр богино наст там болой.Бус долоон там нь урьд урьдаас хойт хойтох нь хорь болно.Молон тойн : амьтсаа та юун ийм боллоо. Таны амьд цагтаа хураасан эд таваар, нөхөд, эм , хөвгүүн, ураг садан хүүхдээс хагацаж эдүйгэс цааш маш гашуун зовлонт болно.Таны үйлдсэн хилэнц өгүүлж үл барагдана.Хилэнцэт амьтан тамд унахаас бусад үгүй хэмээгээд амраг эх юүгээн эс олон одов. Тэндээс замбуутивийн өмнө дорнын зүгт найман түмэн бээрийн цаана төмөр балгасан үүд үгүй арван зургаан давхарласны дотор Номун эрлэг хаан алтан сандал дээр суун залраад амьтны буян нүглийг ялгаж байна. Буян үйлдсэн амьтныг амгалант оронд илгээж нүгэл үйлдсэн амьтныг тамд цаазалж байна.Их хаан, түүний баруун этгээдэд мэхт үхэр толгойтой эрлэг гартаа толь барин сууна.Зүүн этгээдэд сармагчин толгойтой эрлэг гартаа чагнуур баоин сууна. Өмнө нь хүдэр толгойтой эрлэг данс бичиг барин сууна.Бас бус олон толгойтой ер бусын зардас эрлэгүүд гартаа жад илд, нум сум, сүх чавчуур , хутга хуурай, алх цалам, сэлэм соёо, чимхүүр тэргүүтэн мэсэмийн зүйл бариад аль аль , тус тус, хи хи, хо хо хэмээн аймшигтай дуу дуурсган дөрвөн зүг найман зовхист үйлмэлцэн түрхэрч уушиг зүрх гарах мэт айн догдолж байн амой.Эрлэгүүд Молон тойныг үзэж Эрлэг хаанд ийн айлтгав. Тамын ширмэн байшингийн хаалганы гадна нэг тойн хүмүүн буй. Амарлингуйгаар даяанд сууна гэв. Номун эрлэг хаан гарч үзвээс тэр тойн сайтар суугаад үл хөдлөн амиоласныг үзэж даруй удаад хэдэнтээ дуудаж сэрүүлж түүнээс эрлэг хаан ийн асуув. Хутагт энд юуны тул ирэв. Молон тойн ийн өгүүлрүүн: Би эх юүгээн эрж ирлээ. Бурхан багш миний эхийг тамд байна хэмээн заав. Эрлэг хаан бээр тойн аа бурхан багш чамд юу чинь буй хэмээн асууваас Молон тойн бурхан багш миний багш хэмээв. Номун хаан зарлиг болоруун : Их тойнаа энэ тамын орон будагтай бөгөөд эндээс зайлж ажирваас сайн буй хэмээв. Молон тойн ийн өгүүлрүүн : Ай хаанаа надад эцэг эх хоёр буй бөлгөө. Ачит эцэг эх хоёр минь ертөнцөөс нөгчисөн цэц дээд жаргалант оронд тарсан буй заа хэмээн сэтгэвээс гагцхүү эцэг минь жаргалант оронд төрсөн ажгуу. Эх юүгээн дэд гучин гурван тэнгэрийн оронд эрж эс олсон тул ялж төгс нөгчисөн бурхнаас эх юүгээн арван найман тамын оронд эртүгэй хэмээн зарлиг болсоныг дагаж мөн тамын орон бүгдээр эрэн хэсэж асууваас тэр зовлонт амьтны дотор миний эх огт үгүй. Их хаанаа ганц эх чиний нүдэнд үзэгдэж сэтгэлд тогтов уу хэмээн аууваас Эрлэг хаантан, эх чинь хэн нэртэй хүн буй хэмээвээс Молон тойн миний эх Молом хатан нэртэй хүн билээ хэмээвээс Эрлэг хаан хилэнцэтний нэрийн бичээч нарт зарлиг болоруун: ай бичээч нар энэ тойны эх Молом хатныг үзэв үү.Данс дэвтрийг нээж үзэгтүн хэмээвээс бичээч нар буян хилэцийн үрийг ялгах дэвтрийг нягтлан шүүж Молом хатны нэрийг эс олоод хаанд Молом хатны нэр дансанд үгүй ажээ хэмээн айлтгаваас Молон тойн бээр ай их хаанаа хилэнцэт хүн чинь дэргэд ирэх тул ганц миний эх юунд эс ирэв хэмээвээс хаан : Тойн аа надад үл учрах хоёр зүйл буй. Хоёр аль буй хэмээвээс нэгдүгээр нь нас буянаар явж ариун бацаг санваарыг сахиж яваад Гурван эрдэнэд тахил өргөж судар номыг сайтар уншиж гуйланчнуудад өглөг өгөх ба өвчин зовлонтныг асран үйлдэгсэд тийм хүн үхээд жаргалант оронд төрнө. Нөгөө нь бурхан номыг эс бишрэн лам хуврагийг доромжлон дайрах, гуйлгачин ба зовлонтныг үл асран таван завсаргүй нүглийг үйлдэгч тийм хүн үхээд нэгэн эгшин төдөлгүй үйлийн салхинд дайрагдаж аюуш тамд төрнө.Тэр хоёр надад үл учирна хэмээв.Молон тойн, миний эх энэ бичгийн доторхи тамд үгүй бөгөөс ямар тамд одов хэмээвээс хаан, өмнө төмөр уул мэт аюуш тамд хүрвээс тэр там нь орох газар хаалга үгүй д их дуугаар хэдэнтээ дуудваас дуу гарах хүн үгүй тул эрлэг хаанд очиж айлтгав.
Их хаанаа тэр аюуш тамын хаалга юунд үл нээгдэнэ хэмээвээс хаан өгүүлрүүн: Аврал гурван эрдэнийг үл бишрэн асар мунхаг тачаангуй омгийг бадруулан аливаа хилэнцэт үйлийг аль дураар үйлдсэн хүмүүс аюуш тамд төрөөд үүрд зовно.Тэр тамын хаалгыг хэн ч нээж үл чадна.Түүнийг нээх аргыг ялж төгс нөгчигсөн бурхан багшаас асуутугай хэмээв.Молон тойн машид гаслан тэндээс замбуу тивд зорчин бурханд мөргөнж ийн өчрүүн: Эдүгээ би бурхны зарлигаар тамд эх юүгээн эрж түүний буй тамыг олов. Нэгэн төмөр балгасун хаалгагүй бөгөөд гаднаас дуудваас дуун гарах амьтан үгүй тул эхтэйгээ уулзаж эс чадав хэмээвээс бурхан зарлиг болоруун :Эх чинь их нүгэлтийн тул тэр үйлийн эрхээр аюуш тамд төрж амой.Молон тойн тэр зарлигийг сонсч ихэд уйлав.Тэндээс бурхан зарлиг болоруун : Тойн аа бүү уйлагтун.Тэр тамд хаалга буй.Түүнийг нээж болно. Миний номт дээл хийгээд бадар аяга долдойг гурвантаа газар хатгаваас хаалга нээгдэнэ.Тамын амьтан зовлонгоос тонилно.Тойн бурханд мөргөж одоод аюуш тамын хаалганы өмнө долдойгоо гурвантаа газархатгасанд тамын хаалга нээгдэж түүний дотроос эрлэгүүд гарч ирээдтойноос ийн асуув.Хаалга юуны тул нээв хэмээвээс би бурхны шавь бөгөөд эх юүгээн тамаас гаргахын тулд нээв. Эрлэг ай чиний эх хэн гэгч буй хэмээвээс Молон тойн , миний эх Молом хатан хэмээв.Эрлэг дотогш орж Молом хатан хэмээн хэдэнтээ дуудахад Молом хатан сонсоод айж өчүүхэн дуугаар би хэмээв. Эрлэг, хатан чиний хөвгүүн чамайг эргэхээр иржээ гэхэд хатан миний ганц хөвгүүн буй , тэр тойн бус хэмээв. Эрлэг гарч хаалганы гадна тойнд Молом хатан хэмээх хүн байна.Түүний ганц хөвгүүн нь тойн бус хэмээв.Тойн нь эрлэгүүдэд, эцэг эхийн өгсөн нэр Лаваг буюу.Эцэг эхийн үхсэний хойно ялж төгс нөгчигсөн бурхан багш Молон тойн хэмээх нэр хайрласан амой.Эрлэгүүд тамын дотор орж тэр учрыг өгүүлвээс хатан нүднээс нулимс цувруулан ийн өгүүлрүүн : Лаваг нэртэй ганц хөвгүүн буй гэхэд эрлэгүүд хадаасыг мултлаад хүзүүнд нь төмөр дөнгө өмсгөж, төмөр дээсээр гинжилж элдэв мэсэсийг тайлаад хашгиралдан хашиж гаргаж авчрав.Эрлэгүүд Молом хатанд ийн өгүүлрүүн: чиний ганц хөвгүүн бурхны шавиас бус хэн ч чамайг энэ тамаас гаргаж эс чадна хэмээгээд ийн өгүүлрүүн :Молон тойн аа, чи эх юүгээн таних үл таних хэмээвээс тойн, эх юүгээн эс үзсэр он удсан тул эдүгээ би танисангүй гэхэд эрлэгүүд өмнө зүгт зааж тэр бүх биеэс нь гал шатаж элдэв зовлон эдлэгч чиний эх тэр бөлгөө.Тойн эх юүгээн үзээд үхэдхийн унав.Сэргээд эхдээ мөргөн ийн өгүүлэв. Жич миний амьд бүхийд хилээцийг тэвчээд буяныг сайтар үйлдсэн болваас юуны тул тамд унана хэмээв.Эх нь ийн өгүүлрүүн :ай хөвгүүн чиний үгээр эс явсаар элдэвчилэн жаргасан учраас эдүгээ тамд зовж амой.Тойн нь энэрэн бурханы хайрласан бадир аяганы доторхи идээг өгсөнд хэсэг улаан гал болон хувилж идэн эс чадав. Эх минь ертөнцөд сайхан хүн байсан бөлгөө.Эдүгээ хувхай мод адил биенээс нь гал шатаж элдвээр зовон амой.Эх нь өлсвөөс ширмэн төмөр идээд ундаасваас хайлсан ширэм ууж өдөр шөнөд түмэнтээ эдгэрч амой.Эх хөвгүүн хоёр зовлонгоо хэлэлцэн эс баран байтал эрлэгүүд Молом хатныг тамд авч одох болоход Молом хатан хойш хараад хөвгүүн минь намайг үтэр тонилго, халаг хуухай хэмээн гасалсаар одов. Тойн эрлэг хаанд, эх минь тул энэ биеэр тамын зовлонг эдэлье хэмээхэд эрлэгийн хаан : Нүглийг үйлдсэнийг хэн ч хуваадаггүй. Өөөрөө эдлэх амой хэмээв. Тойн тэндээс явж бурханаа өчив : эх юүгээн олж тамаас гарган ядав. Хэмээвэл бурхан нь би очсугай хэмээн зарлиг болоод тамын оронд залрахад эрлэгүүд хүж зул цэцэг бариад бурхныг тахив.Бурхны үснээс гэрэл цацран арван найман тамын хамаг амьтан зовлонгоос хагацаж тонилов.Бурхан эгэж очирт сууриндаа заларав.Тойн бурханаа ийн өчив.Тамын амьтан бүгд тонилж бөгөөтөл миний эх хаана буй хэмээвээс бурхан, чиний эх замбуутивд амьд бүхий цагтаа буяныг тэвчин хилэнц нүглийг асар их үйлдсэнээр тамаас тонилсон боловч бирдэд төрөв хэмээв.Бурханы зарлигийг сонсч тойн эх юүгээн эрээр одов. Бурхны долдой ба бадир аяга барьж бирдийн оронд хүрэв.Тэндэхийн амьтны тэргүүн нь уулын төдий , ам нь зүүний сүвийн төдий хэвлээ нь төхмийн төдий, хүзүү нь дээсний төдий , хоолой нь хялгасны төдий бөгөөд идээн умдаасан хүсэж идвээс аманд нь үл багтана.хэрэв аманд нь багтвал хоолой хялгасны төдий тул залгиж үл чадна.Хэрэв залгин эс чадвал хэвлий нь үл цадна.Хэрэв цадвал хөл маш нарийн тул үл даана. Молом хатан нэг ийм амьтан болж их зовлонгоор энэлэхийг үзэв. Молон тойн эхдээ бурхны бадир аяга доторхи бинваад идээнийг авч өгвөөс эх нь харам сэтгэлээ тэвчиж чадахгүй тул нэг гараар идээнийг авч нөгөө гараар бусад бирдийг түлхэв.Тэр идээг Молом хатан идвээс хэсэг улаан гал болон хувилж гэдсэнд түймэр мэт шатав. Молон тойн үүл хүлэглэг буцаж ирээд ялж төгс нөгчигсөн бурханд ийн өчрүүн : Бурхан аа, миний эх бирдийн зовлонгоос яаваас тонилно хэмээв.Бурхан багш ийн хэмээн зарлиг болоруун: олон хуврагийг залж их буян үйлд хэмээвээс тойн буян их үйлдээд бурхан ааийн өчив.Миний эх бирдээс тонилж хаана төрөв өө хэмээв.Бурхан багш зарлиг болоруун :Чиний эх их хилэнцэтийн тул Яншин нэр балгасанд өлөгчин шар нохойн төрлийг олж төрөв өө хэмээв. Тэндээс Молон тойн бурхны зарлигийг сонсч дотроо машид гаслан эх юүгээн эрээр одов.Тэр балгасанд ирээд балгасны бэлчирт эх юүгээн сураглаж явтал олон хүн хэлэлцэх нь бирмэний шар нохой нь нохой бус арслан буй заа. Ямар чхүн амьтан шадар очвоос барьж иднэ. Айх мэт нохой буй заа хэмээлдэнэ.Тойн тэр нохойг сонсч миний эх тэр нохой буй заа хэмээгээд бирманий балгасанд хүрээд нэгэн шар нохойг үзвээс явах нь нисэх мэт хурдан бөгөөд Молон тойны дэргэд ирээд ханшин дээлийг зуугаад асар их баясан хөрвөн уулзав. Тойн , энэ нохой магад миний эх мөн буюу хэмээгээд бурханд залбиран миний сүсэг сэтгэл үнэн бөгөөс энэ нохой аман дахь хөндлөн ясаа бөөлжин гаргаад амарлих болтугай .Над лугаа үгс хэлэлцэж чадах болтугай хэмээвээс тэр нохой буруу үзлээ арилгаж ийн өгүүлрүүн :Хөвгүүн минь би чиний үгсийг эс сонсоод буруу явсаар үхээд тамд төрж туулшгүй зовлон үзэв. Хөвгүүн минь чи эс аварвал түүнээс яахин тонилно би. Эдүгээ хүн болон төрөхийг хүснэ хэмээв. Тойн эхэд бус бурханд ийн өчив. Бурхан аа би эх юүгээн эрж оллоо. Эх минь Яншин нэрт газарт нохой болон төрж амой. Ялж төгс нөгчигсөн бурхан аа миний эхийг нохойн төрлөөс аварч тонилгож соёрх хэмээвээс бурхан тойн бээр чи бацагийн өдөр олон бодьсун хийгээд олон хуврагийг залж их буян сайтар үйлдвээс чиний эх нохойн төрлөөс тонилоод хүний төрлийг олно хэмээв. Молон тойн бурхны зарлиг сонсч дотроо ихэд баясаад бурхны зарлигаар олон хуврагийг урин залж ном буяныг сайтар үйлдэв. Молом хатан энэ буяны хүчээр нохойн төрлөөс тонилоод замбуутивд хүн болон төрөв. Тэнд Молон тойн маш баясч ялж төгс нөгчигсөн бурхны дэргэд одоод ийн хэмэн өчив өө. Бурхан аа эх минь хаан буй бүхийг надад үзүүлэн соёрх хэмээвээм бурхан зарлиг болоруун :Молон тойн аа , эх чинь эдүгээ Хавалиг балгасунд цогт бирманы охин болон төрж амой. Молон тойн аа чи тэнд одваас эхэд чинь цаглашгүй тус болно хэмээвээс Молон тойн бурхан багшийн зарлигаар Хавлиг балгасны цогт бирманы дэргэд хүрч ийн хэмээн өгүүлэв. Гэрийн эзэн ээ тоо томшгүй амьтныг бодь хутагт оруулахын тул ялж төгс нөгчигсөн бурхан нөхөд сэлтийг чинь энэ оронд залж ирүүлсүгэй би хэмээн өгүүлбээс гэрийн эзэн маш их баясан тахилийн хэрэглэгдэхүн эд таваар бэлдээд бурхныг нөхөд сэлтийн хамт залав аа.Бурхан, цогт бирманий гэрт заларч ирээд Риди хувилгааны гэрлээр Хавалиг балгасны хамаг орчныг гэгээн гэрлээр гийгүүлээд хамаг амьтныг жаргалант болгов оо. Сэтгэшгүй баясгалант болов оо.Элдэв шувууд элдэв цэцгэс авчраад элдэв уянгат дууныг гаргав.
Сэтгэгдэл