Банкууд үйлчлүүлэгчдээс 00-ын өрөөгөө харамлаад байвал торго


Банкууд үйлчлүүлэгчдээс 00-ын өрөөгөө харамлаад байвал торго

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн хоёрдугаар сарын 1-7-ны өдрийн хооронд зарим банкуудыг хяналт, шалгалтад хамруулжээ. Энэ удаад тухайн банк үйлчлүүлэгчдээс 00-ын өрөөгөөр үйлчилж чадаж байгаа эсэхийг шалгасан байна. Тодруулбал,  Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг есөн банкны 18 салбар тооцооны төвүүдийг хяналт, шалгалтанд хамруулжээ. Улмаар зургаан банкны зургаан салбар тооцооны төвүүд харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрүүлсэн байна.

Тиймээс хоёрдугаар сарын 14-ны өдөр хяналт, шалгалтаар зөрчилтэй нь илэрсэн нэр бүхий зургаан арилжааны банкны салбар тооцооны төвүүдэд Улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн юм байна. Харин тухайн банкууд албан шаардлагын дагуу салбар тооцооны төвүүдээс зөрчил дутагдлыг арилган, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар албан бичгээр хариу мэдэгдсэн гэнэ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар орж чадаагүй өчнөөн олон банк байгаа. Ялангуяа хотын төвд гуйж байгаад ороод бие засчих ч газар олдохгүй байдаг. Гэтэл үйлчилгээ авах гэж хэдэн арван цагаар дугаарлан зогсож байгаа банк нь ариун цэврийн өрөө байхгүй, байсан ч үүдэнд нь "Гадна хүн орохыг хориглоно” гэсэн бичиг наачихсан байдаг нь нууц биш.

Тиймээс заавал иргэдийн санал гомдолтой, гомдолгүй иргэдэд үйлчлэх салбарууддаа заавал ариун цэврийн өрөөтэй байхыг шаардах хэрэгтэй байна. Угаасаа хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн байхад хуулиа биелүүлэхийг шаардах бүхэл бүтэн ШӨХТГ гээд газар байж байхад иргэд, хэрэглэгчид яагаад бие засах газар хайгаад, хавчигнаад явж байх ёстой гэж. Тэд хянаад, шалгаад явж байна. Одоо иргэд шаардах хэрэгтэй. Уг нь Монгол Улсын эрүүл ахуйн тухай хуульд "Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэсэн байдаг.

Тэгвэл манай ихэнх банкууд ариун цэврийн өрөөтэй ч үйлчлүүлэгчдийг орохыг хориглосон цоожтой байдаг. Тиймээс ШӨХТГ зургаан банкны зургаан салбарын асуудлыг шийдэх биш бүр өргөн хүрээтэй ажиллах хэрэгтэй байх. Тэгнэ ч гэж найдаж байна. Цаашлаад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкны салбар бүрийг шалгалтад хамруулж, бие засах газар байдаг юм бол тэрийг нь иргэдэд нээж өгөх хэрэгтэй. Хэрвээ бие засах газаргүй хаасан ч яадаг юм. ТҮЦ ажиллуулж байгаа иргэдийг бие засах газаргүй гээд шахаж хавчаад байсан биз дээ. Заримынх нь ТҮЦ-ийг ч хурааж, хөөж туусан.

Тэгвэл банкны салбар ч адилхан биз дээ. Зарим банкаар маш их хүн үйлчлүүлдэг. Цагаар дараалал хүлээж суух нь энүүхэнд. Гэтэл банкууд бие засах газраа янгинтал түгжчихээд л сууж байна шүү дээ. Энэ асуудлыг бүрэн цэгцлэх цаг болсон.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
зочин | 2017/04/24 13:51
банк нэртэй мөлжигч ломбардуудыг бүгдийг хаах хэрэгтэй, очиж очиж 00 харамлаад байхдаа яахав дээ. мөнгө шулна дээр нь оо харамлана.